"Үйлчилгээний газруудыг 21.00 цагт хаах санал гаргана”

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

COVID-19

"Үйлчилгээний газруудыг 21.00 цагт хаах санал гаргана”

"Үйлчилгээний газруудыг 21.00 цагт хаах санал гаргана”

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж, санал дүгнэлт боловсруулжээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.03.10/ мэдээлэл хийлээ.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд хоёр урвуу хамааралтай байх шаардлагатай

Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулсан байна. Халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд хоёр урвуу хамааралтай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, халдвар авч байгаа хүмүүсийн тоог цөөн байлгаж байж вакцинжуулалтыг хурдан хийхгүй бол үр дүн муу болно. Вакцин хийлгэсний  40 хоногийн дараа дархлаа тогтож байгаа учраас үүнээс өмнө халдвар авлаа гэхэд вакцины үр дүн гарсангүй гэсэн сөрөг мэдээлэл ч гарах аюултай. Тиймээс маскаа зүүж халдвар хамгааллыг сайтар сахих шаардлагатай. Вакцин хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Иргэд тайвширснаас үүдэж халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Өнөөдөр УОК-ын даргатай ажлын хэсгийн гишүүд бид уулзана. Бүтэн хөл хориог тогтоохгүйгээр улбар шар түвшин рүү оруулж, 21.00 цагаас хойш үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх зэрэг саналыг гаргана” гэлээ.

Түүнчлэн ажлын хэсэг вакцин хийлгэсэн хүмүүст үзүүлсэн хариу урвалуудыг судалжээ. 10 хүн тутмын нэгээс илүүд нь тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, хавдах, хөхрөх, бие сулрах, ядрах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч эсвэл булчингаар өвдөх зэрэг нийтлэг хариу урвал явагдсан байна. Энэ нь хэсэг газрын хариу урвал юм. Мөн 10 хүн тутмын нэгд нь тарилга хийлгэсэн газар нь хатуурах, дотор муухайрах, бөөлжих, хоолой өвдөх, нус гарах, ханиалгах, чичрэх зэрэг ханиад томууны шинж  тэмдэг нийтлэг илэрчээ.

100 хүн тутмын нэгд толгой эргэх, хоолны дуршил буурах, хэвлий хэсгээр өвдөх, тунгалагийн булчирхай томрох, хэт хөлрөх, арьс загатнах, тууралт гарах зэрэг нийтлэг бус байдлаар тохиолдсон байна. Вакцинжуулалтад хамрагдсан 20 мянган хүн дотор эмнэлгийн тусламж авах хэмжээний хүндрэл илрээгүй хэсэг газрын хариу урвал 10 хүн тутмын нэгд нь илэрч байна. Хэрэв гурав хоногоос илүү халуурч дээрх шинж тэмдгүүд үргэлжилбэл эмнэлгийн байгууллагад хандах нь зөв" ГЭЛЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

Ажлын хэсэг вакцинжуулалтын нөхцөл байдал, явц, дархлаажуулалтын хуулийн хэрэгжилт болон хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар вакцинжуулалтын цэгүүдэд ажилласан. Ажлын хэсгээс дараах дүгнэлтүүд гарсан.

  • Дархлаажуулалтын тухай хуульд тархвар судлалын заалтыг илүү хариуцлагажуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Дархлаажуулалтыг эрүүл ахуйн эмнэлгийн орчинд хийх.
  • Цэгүүдэд халдвар хамгаалал алдагдах эрсдэлтэй иргэд цаг барихгүй байх, хэт бөөгнөрөл үүсгэх хандлагатай байгаа учраас үүнд онцгойлон анхаарах,
  • Эмнэлгийн орчинд иргэдийн бөөгнөрөл үүсч байгаа тул уг орчинд ариутгал, халдвар, хамгааллыг сайтар сахих
  • Covid-19 халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд урвуу хамааралтай байх,
  • Дархлаажуулалт хийж байгаа эмч, сувилагч ажилтнуудын цалин урамшуулал, шаардлагатай урсгал зардлуулыг зайлшгүй шийдвэрлэх гэсэн дүгнэлтүүд ажлын хэсгээс гарчээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА ажлын хэсгээс гарсан саналуудыг танилцууллаа.

  • Цахим дархлаажуулалтын пасспортын нэгдсэн сүлжээг бий болгох шаардлагатай.
  • Вакцины захилга, нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох,
  • Иргэддээ олон төрлийн вакцинаас сонголт хийх боломжийг олгох,
  • Вакцинд хийлгэх нэг хүнд зарцуулах хугацаа 40-50 минут байгаа нь хэтэрхий удаа байна. Энэ хугацааг багасгаж, зохион байгуулалтыг сайжруулж, том талбайд вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах,
  • Ард иргэдийг зөвлөгөө, зөвлөмж мэдээллээр хангах, вакцин хийлгэсний дараа үзүүлэх хариу урвалуудын талаарх мэдээллийг сайтар өгөх,
  • Дархлаажуулалтыг хийж буй эмч, ажилтнуудын цалин урамшуулал болон урсгал зардлын санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Дархлаажуулалт хийх чадвар бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дархлаажуулалтын ажилд оролцуулахад анхаарах зэрэг саналуудыг дэвшүүллээ.

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

Вакцинжуулалтын эхний шат удаан байсан нь ажиглалтай холбоотой байсан. Дэлхийн улс орнууд ч гэсэн вакцины айдас, болгоомжлол байна. Эхэн үедээ цөөн хэдэн хүнд вакцины хариу урвал гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд олон нийтийг төөрөгдүүлж бухимдуулахгүй байх нь зүйтэй. Цэгүүдийн тоог нэмэх шаардлагатай ч иргэдээс асуумж бөглүүлж байгаа нь дараалал бий болгож байна. Энэ талаар бид УОК-т хандана. Цахимаар урьдчилаад асуулгаа бөглөчихвөл цаг хугацаа ч хэмнэнэ. Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай  байна. Илүү хариуцлагажуулж, нарийчласан заалтуудыг хуульд нэмэлтээр тусгах хэрэгцээ шаардлага байна. Бид Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлд ажлын хэсэг идэвхийлэн ажиллана.

Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30,446 хүнийг вакцинд хамруулсан бол зөвхөн өчигдөр 9,470 хүнийг вакцинжууллаа.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн,

  • 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд,
  • 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид эзэлж байна.
  • 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААНүүдийн ажилчид,

Үлдсэн нь дайчлагдан ажиллах хүмүүс болон худалдаа, үйлчилгээний газруудын ажилчдыг вакцинжуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж