Ертөнцийн хүмүүс амьдралын шинэ эгэл хэв маягт дасан зохицож, албан ажлаа ч энэ хүрээнд явуулж эхлээд байна. Гэвч цар тахлын үед ажлаа хэрхэн удирдан явуулах зайнаас ажиллаж буй үед багтайгаа яаж хамтрах тухай асуудал ургах аж. Тэгвэл Харвардын их сургуулийн Бизнесийн сургууль энэ чиглэлээр судалгаа хийж, албан хаагчдад зориулсан зөвлөмжүүд гаргасныг ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын ээлжит нийтлэлээр хүргэе.
БАГИЙН ГИШҮҮД БОЛОН ҮҮРЭГТ АЖЛАА ЧИГЛҮҮЛЭХ НЬ
Зөвлөмж: Баг тань шинэ зорилт, шинэ арга барилтай болоход нь хөтлөөрэй.
Сорилт: Гэрээс ажиллах горимд шилжсэн нь зарим хүнд тохирч болох ч заримд нь хэцүү байж мэднэ. Багийн гишүүд нөхцөл байдалд яаж өртсөнийг ойлгож, гарах арга замыг нээхэд туслах нь шинэ нөхцөл байдалд баримжаагаа олох, бүтээмжтэй байх, илүү том зорилгын төлөө хөдлөхөд тулгарч буй эхний даалгавар юм.
Гарц: Хамтын зорилгоо эргэн санах; багийн гишүүд нэгэн ижил ойлголттой байгаа эсэхийг нягтлах; ажлын хүрээнд хүмүүст ямар бэрхшээл тулгарч буй хийгээд тухайн гишүүн багт биет болон биет бус ямар хувь нэмэр оруулдгийг тодруулах;
Зөвлөмж: Ковид-19-ийг үнэлэлт, дүгнэлт хийх цаг болгож ашиглаарай.
Коронавирусийн үе бид бүхний амьдралыг нэгэнт өөрчлөх том үйл явдал гэдэг нь илэрхий болоод байна. Тиймээс үүнийг эргэлтийн цэг хэмээн хүлээн авч, ажлаа цэгнээрэй. Таны итгэл үнэмшил, үнэт зүйлс ажилд тань тусгалаа олдог уу? Та ажлаасаа болж хэр бухимддаг вэ? Дэндүү хурдан бууж өгөх гээд байгаа юм биш биз?
СТРАТЕГИ
Зөвлөмж: Үндсэн бизнесээ хамгаалж, шинэ боломжуудыг эргүүлээрэй.
Сорилт: Ковид бидэнд өдөр тутам бэлэг барьж байна. Нөгөө талаар, энэ бол байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүн, тэсэж үлдэх чадварыг үнэлэн, юу буруу, юу зөв явж буйг харж, урт хугацаанд шинэчлэл хийхэд тохиромжтой цаг. Үл таних асуудлуудтай тулгарах, даруй шийдвэрлэх, тэр тусмаа зөв шийдвэр гаргах шаардлага гарч буй нь ажлын орчинд том сорилт болжээ.
Гарц: Бүгдэд нээлттэй, ойлгомжтой төлөвлөгөө гаргах; тодорхойгүй байдал нь шинэ сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнд тохируулан ажиллах; түргэн шийдвэр гаргахдаа урт хугацааны зорилготойгоо зайлшгүй уялдуулах. Стратегич хандлагыг хамгийн хурдан хугацаанд маш энгийн аргаар нэвтрүүлэх OODA гогцоо буюу Observe /Ажиглах/, Orientate /Баримжаа тогтоох/, Decide /Шийдвэр гаргах/, Act /Үйлдэх/ аргыг дарааллын дагуу баримтлах;
ХҮЛЭЭЛТ БА БОДИТ БАЙДАЛ
Зөвлөмж: Үйл явц бус, үр дүнд анхаарал хандуулаарай.
Сорилт: Менежерүүдийн хувьд багаа алсын зайнаас удирдах хүндрэлтэй байгаа бол багийн гишүүдийн хувьд хоорондын шуурхай харилцаа, тодорхой ойлгомжтой байдал доголдох магадлалтай. Мөн хэн бүхний хувьд ажлаа зохицуулахын сацуу гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагад хариулах амаргүй сорилт үүсчээ. Алсын зайны үйл ажиллагааны хүрээнд хүлээлтийг зөв тохируулж, багийн ажлыг тэнцвэртэй хуваарилах шаардлага ургана.
Гарц: Менежерүүд тодорхой бас шийдэмгий харилцах; багийн гишүүдэд хүлээлтийг бодитоор тавих; бүтээмж хэвийн хэмжээнээс буурахыг хүлээн зөвшөөрөх; уян хатан цагийн хуваарийг хэвшүүлэх;
УУЛЗАЛТ, УУЛЗАЛТ БАС ДАХИН УУЛЗАЛТ
Зөвлөмж: Энэ уулзалтыг зарлахын оронд зүгээр л и-мэйлд багтаах боломжтой байсан уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.
Сорилт: Цар тахлын эхэн үед виртуал уулзалтууд нэн чухал байв. Ажлын шинэ горимд дасан зохицох, багаараа чиг баримжаа тогтооход байнгын харилцаа холбоо ус агаар мэт байсан бол өдгөө цахим хурлуудыг дахин загварчлах хэрэгтэй болжээ. Нэг талаас, багийн эргэх холбоог хангаж, тодорхой ойлголцолд хүрэхийн тулд уулзалтууд урьд урьдынхаас илүү шаардлагатай байгаа ч нөгөө талаас, уулзалт, хурлын давтамж нэмэгдэх тусам ажлын бүтээмж багасах аюултай. Ялангуяа, сатаарах зүйл ихтэй гэрийн орчин нөхцөлд. Мөн цахим уулзалтад оролцогчдын тоо нь анхаарал төвлөрөл, идэвхтэй оролцоотой урвуу хамааралтай байдаг.
Гарц: Уулзалтаас нэг өдрийн өмнө ярилцах зүйлсийн жагсаалтыг гаргаж оролцогчдод илгээх; хурлаар хэлэлцэх зүйлсийг нарийн дагах; мэдээлэл хуваалцах, санаа цуглуулах зэрэг ажилд и-мэйл болон ажлын чат ашиглах; зөвхөн шийдвэр гарах түвшний ажилд уулзалт зарлах;
#ШинэЭгэлд хамтдаа дасан зохицож, цар тахлыг даван туулахад тань туслах бусад зөвлөмжүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Холбоотой мэдээ