“TTJVCo" ба "Эрдэнэс Тавантолгой" компанийн маргаан

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

“TTJVCo" ба "Эрдэнэс Тавантолгой" компанийн маргаан

“TTJVCo" ба "Эрдэнэс Тавантолгой" компанийн маргаан

Хятадын хөрөнгө оруулалттай “TTJVCo" компанийн ажилчид "Эрдэнэс Тавантолгой" компаниас нүүрс олборлох гэрээг цуцалсныг эсэргүүцэж өнөөдөр /2021.03.10/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус компанийн оператор С.Төрмөнх ярихдаа “Уурхайчид бид ажил зогссонтой холбогдуулан төр засагтаа хандаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Цар тахлын үед Засгийн газраас ажлын байраа хадгалж, цалингаа тогтмол өгч байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжинэ гэсэн. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани бидний ажлын гэрээг цуцалснаар ажилгүй боллоо. Нэг энгийн жолоочийн ард олон хүн бий. Ойролцоогоор 3000 ажилтны ард 6000 гэр бүлийн хүн ажил, орлогогүй болж байна. Бид маргааш Сүхбаатарын талбай дээр 14:00-16:00 цагийн хооронд тайван жагсаал хийх мэдэгдлээ өгсөн. Үүний дагуу олон нийтэд зарлаж байна. Төрийн өмчид компани гэхээрээ иргэдээ ингээд хаячихдаг юм уу. Бид өнөөдөр ажил орлогогүй болчихоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхайн сайдад хандаж, мэдэгдэл хүргүүлнэ.

Монгол Улсад өнөөдөр уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтгүй компани байхгүй шүү дээ. Манай компанийн ажилчдын 95 хувь нь монгол хүмүүс. Мөн 100 сая төгрөгийн “Амар” гээд даатгалтай.

Цалин хангамж, байр хоол сайтай, тав тухтай компанид хэн ч ажиллахыг хүснэ шүү дээ. Тиймээс бид энэ компанидаа ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Монгол компаниуд ажил, амралтын 40/20, 28/14 гэсэн хуваарьтайгаас гадна ажиллах нөхцөл эрсдэлтэй байдаг. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд манай компанийн хөрс хуулалтын үнийн дүн дээр маргалдаж, гэрээгээ цуцлах шалтгаан болсон юм билээ.  Баруун цанхын уурхайд үйд ажиллагаа явуулж байгаа компаниудаас бага үнийн дүнгээр манай компанийг ажиллуулахыг хүссэн. Тэгэхэд нь манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр энэ талаар компанийн өмнөөс бид ярих эрхгүй" гэсэн юм.

Опетатор Ө.Түмэнжаргал “Бид өнөөдөр тав тухтай ажлын байраа авч үлдэхийг хүсч байна. Цар тахлын нөхцөлд бүх ажилчид цалингийн зээлтэй учраас ажлын байртай баймаар байна. Бид үнэндээ компанийнхаа хөрс хуулалт, хөрөнгө санхүүгийн талаар мэдэхгүй. Тус компанийн үйл ажиллгагааг зогсоовол бид ажил, амьдралаа хэрхэн авч явах вэ. Манай компани нэгдүгээрт нэг ч ажилтнаа ажлаас халаагүй. Энэ хүнд хэцүү үед ажилчдынхаа эрх ашгийг дээдэлж, хариуцлагатай ажиллаж буй компани Монголд байхгүй. Цар тахлын нөхцөл байдалд олон байгууллага дампуурч, үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ компани хаалгаа барьвал олон мянган монгол хүний амь амьдрал зогсоно. Бид өнөөдөр компанийн гэрээний талаар мэдээлэхгүй. Монгол ажилчдын эрх ашиг өнөөдөр хөндөгдөж байна” гэв.

“ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЗААЛТУУД БАЙСАН УЧРААС TTJVCO" КОМПАНИЙН ГЭРЭЭГ СУНГААГҮЙ”

Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой" компаниас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.10/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэхдээ “Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг харлуулж, өөрсдийн ашиг сонирхлоо мөнхийн байлгах сонирхолтой улс төрийн болон бизнесийн тодорхой бүлэг бий болсон. Компани том хөгжлийнхөө ирмэг дээр ирсэн байна. Сүүлийн жилүүдэд ашиг орлого нэмэгдэж, Монголын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна.

Энэ “TTJVCo" компанитай холбоотой мэдээлэлд албан ёсны тайлбарыг өгөх шаардлагатай. Анх 2011 онд аравдугаар сарын 13-нд “Макмахон Монголиа” компани болон Германы “ББМ Оперта” компаниудын түншлэл нь уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байдаг.

Дараа нь 2015 оны есдүгээр сарын 29-нд “Макмахон Монголиа” энэ гэрээг “TTJVCo" компани болгон өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулж, уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.  Энэ гэрээнд гэрээг сунгах нөхцөлийг баталж өгсөн. Хоёр үндэслэлээр сунгана. Эхнийх нь гэрээний үндсэн хугацаа дууссан өдрөөс эхлэн 24 сарын хугацаагаар шууд сунгагдах эрхтэйгээр тусгасан байсан. Энэ хүрээнд тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Улсын их хурлын холбогдох байгууллага, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд энэ талаар бүх тайлбар мэдээллийг өгсөн. Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс гэрээний үнэ өндөр байна гэж 30-40 удаа санал тавьсан. Харамсалтай нь ямар ч нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдээгүй. Энэ гэрээг Монгол хоёр компани хийхдээ олон улсын гэрээ гэж хүлээн зөвшөөрч хийгээд арбитрын шүүх дээр асуудал шийдэхээр бүх зүйлийг ам.доллараар шийдчихсэн байсан.

Энэ дунд нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон нь  2016 оны хоёрдугаар сарын 4-нд үндсэн хугацаа 33 сар байсныг 38 сар болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл таван сараар нэмсэн гэсэн үг. Энэ нэмэлт өөрчлөлтөөс хойш 2021 оны хоёрдугаар сарын 28-нд дараагийн хугацаа дуусах нөхцөл бүрдэж байгаа. Бид 2020 оны арванхоёрдугаар сарын 9, 2021 оны хоёрдугаар сарын 13-нд, 28-нд албан тоотоороо гэрээний үнэ өндөр учраас сунгахгүй гэдгээ хэлсэн.

Нэг куб метр нь 3.9 ам.доллар байгаа. Энийг төгрөгт шилжүүлэхээр 12 мянга орчим төгрөг болж байгаа. Тэгвэл Баруун цанхын уурхайд 11 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. Хоёрт арбтитрын шүүхээр шийдвэрлэхийг шаардсан гээд Монгол Улсын хуулиас дээгүүр заалтууд байсан учраас гэрээг сунгахгүй гэж шийдсэн. Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд энэ компанийн гэрээ сунгагдаагүй учраас үйл ажиллагаа нь зогссон” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж