“Рио Тинто”-гийн Б.Болд багтайгаа Монголд ирж, хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн Б.Болд багтайгаа Монголд ирж, хэлэлцээ хийнэ

“Рио Тинто”-гийн Б.Болд багтайгаа Монголд ирж, хэлэлцээ хийнэ

“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн Даваа гариг (2021.03.08)-т 2020 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. Тус компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин дэлхий даяар цар тахал нүүрлэсэн ч “Оюутолгой”-н уурхай нэг жилийн хугацаанд маш үр дүнтэй ажиллаж, зэсийн үйлдвэрлэл анхны төлөвлөгөөтэй нийцэж, алтны олборлолт анхны төсөөллөөс давсан талаар мэдээлэв.

“Turquoise Hill Resources” компанийн орлого 2020 оны IV улиралд 405.1 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зэс, алтны үнэ өссөн, мөн зэсийн гарц 26.4 хувиар, алтны үйлдвэрлэл 266.7 хувиар тус тус өссөн нь компанийн орлого өсөхөд нөлөөлсөн байна.

Өнгөрсөн жил “Оюутолгой” компани 41.6 мянган тонн зэс, 87.8 мянган унц алт олборлож, далд уурхайн бүтээн байгуулалтад 2020 онд нийт 1.02 тэрбум ам.доллар зарцуулжээ. Олборлолтын агуулга ихтэй үе рүү шилжсэн бөгөөд энэ үе 2021 онд ч үргэлжилнэ гэж тооцоолж буй аж.

2021 онд “Оюутолгой” төслийн далд уурхайд 1.1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулагч тал тооцоолжээ. Гэхдээ түүнд эрчим хүчтэй холбоотой зардал ороогүй байна.

Хөрөнгө оруулагч тал 2016 оноос хойш нийт 4.5 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж тооцоолсноо тайландаа дурдав.

Дээрх тооцооллоор Монголын тал 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцорно гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн гэрээг шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээгээ цахимаар үргэлжлүүлж буй юм.

Хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани тун удахгүй удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн багаа Монгол руу илгээхээр болжээ. Тодруулбал, “Rio Tinto” компанийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болдоор ахлуулсан баг Монголд ирж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн, татвар, цахилгаан станцын төсөл, төслийн үр өгөөжийг хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцэх талаар эх сурвалж мэдээлэв. Мөн “Financial Times” ч энэ тухай мэдээлж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэрээг Монголын талд ашигтай байлгах зорилгоор өөрчлөн шинэчлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгааг дурджээ.

“Рио Тинто” компани “Оюутолгой” ХХК Монголын Засгийн газар, Татварын албаны хооронд үүссэн татварын маргаанд цэг тавих үүднээс олон улсын Арбитрт хандсан билээ. Тодруулбал, тус компани өнгөрсөн 2020 онд Татварын маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах "UNCITRAL" арбитрын шүүхэд хандсан.

2018 онд Монголын татварын албанаас “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, 155 сая ам.долларын татварын акт тавьсан. “Оюутолгой” компани энэхүү татварын актаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч төлсөн ч үлдсэн 150 сая.долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдсэн билээ.

Мөн хоёр жилийн хугацаанд талууд татварын маргааны асуудлаар удаа дараа уулзалдаж, ойлголцолд хүрэхээр ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс уг асуудлыг олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлж, эцэслэх нь зүйтэй гэж “Рио Тинто” үзжээ.

Тухайн үед “Рио Тинто” компани мэдэгдэл гаргаж, татварын асуудлаар харилцан ойлголцож, шийдвэрлэх арга замыг олохын тулд Монголын Засгийн газар, татварын албаны төлөөлөгчидтэй хичээнгүйлэн хамтарч ажилласаар ирсэн. Олон улсын Арбитрт хандах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн гарц болно гэж үзсэнээ мэдэгдсэн билээ.

Олон улсын Арбитрын шийдвэр эцсийнх байдаг бөгөөд хэрвээ шийдвэр Монголын Засгийн газрын талд гарвал “Оюутолгой” компани татварын актыг үндэслэн 150 сая ам.долларыг барагдуулна, харин шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал Монголын татварын албаны тавьсан татварын акт хүчингүй болно гэсэн үг.

Саяхан Гүйцэтгэх захирлаа шинээр томилсон “Рио тинто” компани төслийн менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулах талаар "судалж", татварын асуудлаар ярилцахад бэлэн байгаагаа Монгол Улсын Засгийн газарт мэдэгдсэн. Гэвч шинжээчид “Оюутолгой” 2022 оны аравдугаар сард анхны тогтвортой үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөсөн зорилтоо биелүүлж чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж