Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.03.10/ хийлгэлээ.
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулах хуваарийн дагуу өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулна.
Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид оролцон урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.