Австрали, Хятадын хооронд өрнөсөн зөрчил хурцдаж байгааг далимдуулан Орос улс Хятадын нүүрсний зах зээлийг эзлэхээр зэхэж байгаа талаар Австралийн хэвлэлүүд мэдээлжээ. “The Australian” сонины мэдээлснээр Орос улсаас Ази руу экспортлох нүүрсний зах зээлээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ази руу экспортлох нүүрсний экспортыг ойрын гурван жилд 30 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг салбарын удирдлагуудтай уулзаж, танилцуулсан байна.
Мөн Путин АНУ-ын ногоон эрчим хүчний бодлогыг шүүмжилж, саяхан болсон их хүйтрэлтийн үеэр Техас мужид эрчим хүч тасалдсаныг жишээ болгон ярьсан байна.
Орос улс нь 2024 он гэхэд 34 сая тонн нүүрсний олборлолт хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр Оросын уул уурхайн гол бүсээс Ази руу нүүрс тээвэрлэх төмөр замын маршрутын өргөтгөлийн төлөвлөгөөг мөн хэлэлцсэн гэнэ.
Дээрх уулзалт зөвлөгөөнд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Аж үйлдвэр, худалдааны сайд денси Мантуров, Сангийн сайд Антон Силуанов, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Ирек Файзуллин, Эрчим хүчний сайд Николай Шульгинов, Кузбассын захирагч Сергей Цивилев болон томоохон нүүрс олборлогч компаниудын удирдлагууд оролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Уулзалтын үеэр Дорнод полигоныг шинэчлэх эхний шатны хүрээнд 670 км зам, хоёр дахь шатанд 1300 км гаруй урт төмөр зам барих, төмөр замын өртөөнүүдийг шинэчилж, эрчим хүчний хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд полигоны нэвтрүүлэх чадварыг 180 сая тонн нүүрс болгох бөгөөд санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 780 тэрбум рубль байх гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: THE COAL HUB