Төрийнхний уялдаагүйгээс вакцинжуулалт удааширсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Төрийнхний уялдаагүйгээс вакцинжуулалт удааширсан уу?

Төрийнхний уялдаагүйгээс вакцинжуулалт удааширсан уу?

Монгол Улс 18-аас дээш насны 2 сая хүртэлх иргэнээ дархлаажуулах төлөвлөгөөтэйгөөр хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй, үйл явц удаашралтай байгааг олон нийт шүүмжилж байна. Дархлаажуулалтыг эхлүүлсэн өнгөрсөн сарын 23-ны өдрөөс 22 цэгээр хоногт 1700, ихдээ 2000 хүнийг вакцинд хамруулж эхэлсэн. Харин Улсын онцгой комиссоос дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр вакцинжуулалтын цэгийг 44 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэ дагуу өчигдрөөс /2021.03.09/ вакцинжуулалтын түр цэгүүд нэмэлтээр ажиллаж эхэлсэн.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 35 цэгт 45 баг ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээллээ. Эдгээр цэгт нийт 65 байгууллагын 13740 хүнийг хамруулах тооцоо гарсан юм. Ийнхүү вакцинжуулалтын байнгын 21, түр 14 цэгийг нээснээр худалдаа үйлчилгээний салбарын ажилчид вакцинд хамрагдах боломж бүрдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдыг вакцинд хамруулж дуусаагүй байна.

Вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэлийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэж, төлөвлөгөөний дагуу үе шаттайгааг зохион байгуулж, вакцинд хамрагдах хүмүүсийн тоог бага багаар нэмэгдүүлж байна гэх тайлбарыг өгсөн билээ.

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХҮН АМЫН ДУНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛҮҮЛНЭ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ

-Олон нийтийн зүгээс вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэл байсан. Гэхдээ вакцин удаашралтай байгаа юм биш. Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 22 цэгээр вакцинжуулалтыг зохион байгуулсан бол өчигдрийн байдлаар 36 цэг байгуулаад байна. Өнөөдөр нэмэлтээр цэг гаргана. Монгол Улс анх удаа цар тахлын эсрэг вакцин хүлээн авч, хүн амаа дархлаажуулж байгаа тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн төвүүдэд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Вакцины дараа тухайн хүнийг заавал 15-30 минут ажиглах ёстой.

Бид бүхэн эмнэлгийн ачаалал, нөөц бололцоо бүх зүйлсийг тооцож төлөвлөгөөний дагуу вакцинд хамрагдах хүмүүсийнхээ нэрсийг урьдчилан байдлаар авч, дэс дарааллын дагуу вакцинжуулалт зохион байгуулж байна. Тиймээс вакцины цэгүүдийг нэмсэн ч хүн амын дунд сайн дурын дархлаажуулалт эхлээгүй. Нэмэлт цэгүүдээр зорилтот бүлгийнхэн үе шаттайгаар вакцинд хамрагдана. Одоогоор вакцины нөөц одоогоор хангалттай байна.

Хадгалах горимын тухайд, Файзер вакцин шиг хүйтэн хэлхээний горимоор хадгалах шаардлагагүй тул ердийн горимд хадгалах боломжтой. Иймд тусгай хайрцгаар вакцинаа зөөвөрлөж, зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Бид хоногт дунджаар 15 мянган хүнээ вакцинжуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу ирэх сараас вакцин татан авах хүртэл бид 220 мянган хүнийг вакцинд хамруулна гэсэн тооцоо байгаа. Харин одоогоор хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй.

Төлөвлөгөөний дагуу хүн амын дунд вакцинжуулалт дөрөвдүгээр сараас эхэлнэ. Цаашид тавдугаар сар гэхэд нэг сая гаруй хүнээ вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө байна.

Нөгөө талаас, вакцины тунг хоёр удаа хийлгэснээр дархлаажуулалт тогтоно. Тиймээс вакцин хийлгэсэн ч орон нутагт зорчихдоо PCR шинжилгээ өгнө, амны хаалтаа зүүнэ. Вакцинд хамрагдснаар covid-19 халдвараас 100 хувь хамгаална гэсэн үг биш.

 

ӨНӨӨДӨР ВАКЦИНЖУУЛАЛТЫН 46 ЦЭГ АЖИЛЛАНА 

Вакцинжуулалт эхэлснээс хойш /2021.02.23-.2021.03.08/ сүүлийн 14 хоногийн хугацаанд хоногт дунджаар 1500-2000, нийт 20.973 төрийн албан хаагч вакцинд хамрагджээ. Одоогоор өрхийн эмнэлгээс бусад дүүргийн болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх төвүүдэд зорилтот бүлгийн хүн амд дархлаажуулж байна. Вакцинжуулалтын үйл явц ямар байгаа талаар сурвалжлахаар байнгын болон түр цэгүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.

                           ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮНИЙ ТООГ 60-70 ХУВИАР НЭМСЭН

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өдрийн 11.00 цагийн орчимд ачаалал хэвийн байв. Тус төв нь нэг давхартаа вакцинжуулалтаа зохион байгуулж байв. Вакцинд хамрагдах төрийн албан хаагчид халуун хэмжилтээ өгч, бүртгүүлнэ. Дараа нь вакцин тариулсны дараа ажиглалтын хэсэгт 15-30 минут сууна. Вакцинжуулалтын үйл явц маш хурдан, таван минут хүрэхгүй. Гэхдээ ачааллаас хамаарч вакцинжуулалтын явц харилцан адилгүй болохыг эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байв. Товчхондоо, тус эмнэлэгт вакцинжуулалтын үйл явцыг 3 үе шаттай үргэлжилж байгаа юм. Тус төвд өмнө нь нэг өдөрт дунджаар 150 гаруй хүнийг вакцинжуулдаг байсан бол одоо 200 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тус төвд вакцинд хамрагдах зорилтот бүлгийнхэн буюу эмч эмнэлгийн ажилчид, төрийн албан хаагчдаас гадна худалдаа үйлчилгээний салбарын ажилчид урьдчилан нэрсийн дарааллын дагуу вакцинд хамрагдаж эхэлжээ.

НЭГ ЦАГТ 8-12 ХҮНИЙГ ВАКЦИНЖУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын албаны мэргэжилтэн Г.ЭРДЭНЭТУЯА: 

-Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2000 гаруй хүн вакцинд хамрагдлаа. Эхний ээлжид эмч эмнэлгийн ажилтан, хууль хүчний байгууллагын алба хаагчдыг вакцинд хамруулсан бол өчигдрөөс хоёр дахь төлөвлөгөөний дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж албан байгууллагын ажилчид вакцинд хамрагдаж эхэллээ.

Вакцинжуулалтад худалдааны төв, зах, автобус бааз, такси үйлчилгээнийхэн болон цагдаа, тагнууль, хил гааль зэрэг стратегийн байгууллагууд хамрагдаж байгаа юм. Олон нийтийн зүгээс вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэл байсан тул вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр зорилтот бүлгийнхнээ дархлаажуулж эхэллээ.

Манай эмнэлгийн хувьд нэг багт 8-10 хүн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд хоёр үзлэгийн эмч, вакцинатор 2, бүртгэгч, жолооч, ахлах гэсэн эмч ажилчид багтаж буй. Вакцинжуулалтыг эрчимжүүлснээр вакцинд хамрагдах хүний тоог 60-70 хувиар нэмэгдүүлж, хоногт 200-300 хүн вакцинд хамрагдах боломжтой. Бид вакцинжуулалт эхэлсэн өдрөөс эхний төлөвлөгөөний дагуу ХӨСҮТ-өөс 8200 тун вакцин татан авсан. Төлөвлөгөөний дагуу вакцин хийлгэж байна. Нэг эмч цагт 8-12 хүнд вакцин хийж байна. Ажиглалтын хэсэгт  аль болох зай бариулж боломжоороо л ажиллаж байна. Хариу авах арга хэмжээ авах багийнхан ажиллаж байна гэлээ.

Тус төв нь 300 гаруй эмч эмнэлгийн ажилтантай. Вакцинд хамрагдсан эмч ажилчдын хувьд хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн байжээ. Гэхдээ зарим тохиолдолд төрийн албан хаагчид ажлын хэт ачааллаас үүдэн вакцины хариу урвалын шинж тэмдэг зарим хүнд хүндхэн илэрсэн байна.

БИЕ СУЛЬДСАН ҮЕД ВАКЦИНД ХАМРАГДАХ НЬ АЖИГЛАЛТЫН ЯВЦАД ХҮНДРЭЛ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн сувилагч Д.НАРАА:

-Вакцины дараа хариу урвалын шинж тэмдэг хүндэрсэн зүйл байхгүй. Бага зэрэг толгой өвдөж, бие арзайж, халуурах шинж тэмдэг илэрч байсан. Бидний хувьд 37 хэмээс дээш халуурсан тохиолдолд эм ууна. Аль болох эм уухгүй шингэн зүйл уух нь дархлаагаа илүү дэмжинэ. Гэхдээ амарч байгаа үедээ вакцинд хамрагдах хэрэгтэй санагдлаа. Хүмүүст анхаарауулахад бүтэн нойртой хоносон, өглөөний цайгаа уусан үедээ вакцинд хамрагдахыг зөвлөе. Вакцины дараа ажиглалтын 30 минутын хугацаанд хүмүүст  хүндрэл өгсөн асуудал гараагүй ч төрийн байгууллагын зарим албан хаагч шөнийн ээлжээсээ буусан даруйдаа вакцинд хамрагдаж байгаа нь толгой эргэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг ажиглалтын явцад гарсан.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ ШУУРХАЙ БАЙНА

Вакцины дараа ажиглалтын хэсэгт сууж буй төрийн албан хаагчдын хувьд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй болохыг хэлж байсан юм. Тэдний байр суурийг хүргэе.

Засгийн газрын автобаазын жолооч Б.ПҮРЭВСҮРЭН: 

-Вакциндаа хамрагдлаа.Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг алга. Вакцинжуулалт удаашралтай байнаг гэх шүүмжлэл байсныг сонссон ч хурдан шуурхай л санагдлаа. Ямар нэгэн хүлээлт, дараалал алга. Албан байгууллагаар нь нэгдсэн журмаар вакцинд хамруулж байгаа юм байна. Вакцины тариулахаас өмнө үзлэгээр биед илрэх зовиур, шинж тэмдэг асууж байна билээ. Дараа нь зөвлөмж өгч байсан.

 

 

Засгийн газрын автобаазын жолооч  Г.ГАН-ЭРДЭНЭ: 

-Халдвараас сэргийлэх найдвартай арга нь вакцин болоод байна. Тиймээс вакцинд хамрагдах хүлээлт байлаа. Ямартай ч вакциндаа хамрагдлаа. Вакцин тариулахад ямар нэгэн зовиур, өвдөлт байсангүй.  Манай байгууллага өмнө нь нэрсээ өгч, бүртгүүлсэн байсан учраас хуваарийнхаа дагуу  бид аль болох ажлаа зохицуулаад вакциндаа хамрагдаж байна. Ер нь вакцинжуулалт маш хурдан санагдлаа. Миний хувьд таван минут хүрэхгүй хугацаанд бүртгэлээ өгч, вакцин тариулсан. Дугаарлах асуудал байсангүй. Вакцины дараа ажиглалтын явцад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэвийн байна. Эмч нар вакцин тариулсан хэсэгтээ маажиж, хүнд юмаар цохиж болохгүй гэж байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах дэслэгч Н.ӨЛЗИЙТАЙВАН: 

-Найман хоногийн өмнө вакцинд хамрагдсан. Тариулсны дараа ажиглалтын явцад шинж тэмдэг илрээгүй, хэвийн байсан. Вакцины дараа гарын булчин хөндүүрлэх, үе мөч бага зэрэг янгинах шинж тэмдэг илэрснээс биш толгой өвдөж, халуурсан зүйл огт байгаагүй. Хариу урвалын шинж тэмдэг харьцангуй хөнгөн байсан. Миний хувьд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд вакцинжуулалтыг зохион байгуулахад зохицуулагчаар ажиллаж, хяналт тавьж байна. Ер нь хүмүүс вакцинд их хамрагдаж байна.

 

ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮМҮҮС ЦАГАА БАРЬДАГГҮЙ

Олон нийтийн зүгээс вакцинжуулалтын явц удаашрлалтай байна гэх шүүмжлэл тасардаггүй. Энэ талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын хэлснээр бүртгэлийн системтэй холбон тайлбарлаж байв. Хэдийгээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ч вакцинд хамрагдах албан хаагч, аж ахуй нэгжүүдийн ажилчдын судалгааг гаргаж, цахим бүртгэлд нэрсийг нь бүртгэх нь багагүй хугацааг зарцуулдаг байна. Нөгөө талаас вакцинд хамрагдах хүмүүс товлосон хугацаандаа ирдэггүй бололтой. Тус төвд өчигдөр түр саатахад вакцин хийлгэхээр нэг дор хүмүүс олноороо ирэх аль эсвэл ямар ч ачаалалгүй хүнгүй хоосон байх аж. Эмнэлгийн эмч, сувилагч нар вакцинд хамрагдах хүмүүс цагаа барьдаггүй, хуваарь давхцдаг нь вакцинжуулалт удаашрах шалтгаан болдог гэх тайлбарыг ч өгч байсан юм.

                           ВАКЦИНЖУУЛАЛТ ДӨНГӨЖ 30 ХУВЬТАЙ БАЙВ

Улсын төв эмнэлэг, дүүргийн эмнэлгүүдээс гадна өчигдрөөс вакцинжуулалтын түр цэг шинээр байгуулаад буй. Үүний нэг болох Хил хамгаалах ерөнхий газар. Тус газарт өчигдрийн байдлаар 520 тун Астразенека вакцин хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, түр цэгээр 500 гаруй төрийн албан хаагчийг вакцинд хамруулах юм.Тус газарт өдрийн 13.40 цагийн орчимд вакцинжуулалтын явц 30 хувьтай үргэлжилж байв. Вакцинжуулалтыг Хил хамгаалах ерөнхий газраас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж буй. Түр цэгт дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван баг буюу 22 хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Вакцинжуулалтад хамруулахдаа алба хаагчдыг заал руу тав таваар нь заал руу нэвтрүүлж байв. Дараа нь вакцинжуулалтаас өмнө үзлэгийн эмч тухайн хүний даралтыг нь хэмжих, биеийн байдлыг нь хянасны дараа бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ.Үүний дараа вакцин тариулж, ажиглалтын хэсэгт сууж байв.

Вакцины дараа албан хаагчдыг ажиглалтын хэсэгт байх хугацаанд халуун бүлээн шингэн уулгаж, даралтыг нь хэмжих зэрэг дүр зураг угтсан юм.

                  ТҮР ЦЭГЭЭР ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ

Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн албаны дарга Б.БАЯРСАЙХАН:

-Вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилгоор манайд түр цэг нээгээд байна. Түр цэгээр нийслэлийн хэмжээнд стратегийн чиг үүргийн байгууллагын цэргийн анги салбарын бие бүрэлдэхүүнийг хамруулж байгаа юм. Харин зорилтот бүлгийн буюу худалдаа, үйлчилгээний салбарын ажилчид вакцинд хамрагдах чиглэлийг өгөөгүй.

Учир нь, түр цэг тусгай объёктод байрлаж байгаа тул зорилтот бүлгийнхэн манай түр цэгээр вакцинд хамрагдах нь бэрхшээлтэй байж болзошгүй.

Одоогоор вакцинжуулалт 30 орчим хувьтай байна. Вакцинжуулалтын үе шат нь бэлтгэл буюу хүлээлгийн үе байна, дараа нь эмч үзлэгээ хийж, бүргэлээ хийлгэсний дараа вакциндаа хамрагдана. Вакцины дараа журмын дагуу 30 минут ажиглалтын хэсэгт суулгаж, эрүүл мэндийн хяналт тавьж байгаа юм. Мөн стандартын дагуу эрсдэлээс урьдчилан сэргийлэх яаралтай тусламжийн өрөө бэлдсэн. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсээс шок өгсөн, хүндрэл гарсан асуудал байхгүй.

Ер нь вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хурдтай зохион байгуулахад бид маш болгоомжтой хандах ёстой. Учир нь, Монгол Улс анх удаа цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлж байгаа тул энэ зарчмаараа хяналттай зохион байгуулах нь зөв гэсэн байр суурьтай байна.

ВАКЦИНЫ ХҮЛЭЭЛТ ИХ БАЙЛАА

Албан хаагчид төдийгүй олон нийтийн зүгээс вакцинд хамрагдах хүлээлт үүсээд буй. Дархлаажуулалт эхэлснээс хойш нэн түрүүнд эмч эмнэлгийн ажилтан болон төрийн албан хаагчдыг үе шаттайгаар вакцинд хамруулж байгаа юм. Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид өчигдрөөс түр цэгээр вакцинд хамрагдаж эхлээд байна.Тус газрын албан хаагчдын байр суурийг хүргэе.

-ХХЕГ-ын албан хаагч О.АЛТАН-ОД: 

-Цар тахлын үед вакцин найдвар болж байна шүү дээ. Миний хувьд вакцинд хамрагдах хүлээлт байсан. Одоогоор вакцины дараа ямар нэгэн хариу урвалын шинж тэмдэг алга. Бас тариулахад өвддөггүй юм байна. Ер нь вакцины талаарх мэдээлэл байгаа болохоор хариу урвалын шинж тэмдэг илэрсэн ч айж, сандрахгүй, сэтгэлзүйгээ бэлдсэн.

ХХЕГ-ын дэслэгч Ц.НАРАНБААТАР

-Дархлаажуулалт эхэлснээс хойш вакцинд хамрагдах хүлээлт байсан. Вакцин тариулах болон дараа нь ямар нэгэн зовиур, шинж тэмдэг алга. Магадгүй 72 цагт шинж тэмдэг илэрч магадгүй байх. Вакцинд хамрагдахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдсэн учраас ямар нэг шинж тэмдэг илэрвэл айж, сандрах зүйл байхгүй. Эмч нар вакцин тариулсан хэсэгт маажиж болохгүй, нэг хоногийн дотор усанд орж болохгүй гэдгийг зөвлөж байна

ХХЕГ-ын хошууч Г.МАНЛАЙБААТАР: 

-Вакцинд хамрагдахаас өмнө хүлээлттэй байлаа. Шуурхай арга хэмжээ авч, алба хаагчдаа вакцинжуулж байгаад талархаж байна. Миний хувьд вакцины талаарх мэдээлэл өмнө нь хангалттай авсан болохоор сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байлаа. Бусад хүмүүсийн хувьд бага зэргийн айдас  байгаа ч вакциндаа хамрагдчих болов уу. Вакцины хүчээр л цар тахлыг “дарахгүй” бол бидний хэвийн амьдралд өөрчлөлт орж байна.

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД БАЙРЛАХ ТҮР ЦЭГ 3 ХОНОГ АЖИЛЛАНА

Дараа нь вакцинжуулалтын түр цэг болох Дотоодын хэргийн их сургуулиар орлоо. Тус сургуульд байрлаж буй түр цэгээр өглөөний 10.00-14.00 цаг хүртэл 250 албан хаагч вакцинд хамрагджээ. Вакцинжуулалтыг тус сургуулийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хамтран зохион байгуулж байгаа аж. Түр цэгт вакцинжуулалт зургаан үе шаттайгаар үргэлжилж байгаа юм. Хяналтын цэгт асуумж бөглөсний дараа хүлээлгийн танхимд сууна. Энэхүү танхимд 15 сандал байрлуулжээ. Дараа нь үзлэгийн өрөө, вакцинжуулах бүртгэл гэсэн хоёр бүртгэлд бүртгүүлэх юм. Үүний дараа вакцинд хамрагдаж, ажиглалтын өрөө лүү шилжих байдлаар зохион байгуулж байгаа аж. Энэ мэтчилэн вакцин тариулах хүртэл нэг хүнд 10 минут зарцуулна гэж эмч мэргэжилтнүүд тооцжээ.  Түр цэгээр гурван хоногт 1786 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн гэж тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байв.

ШИНЭ ВАКЦИН УЧРААС МАШ НЯХУУР, ХЯНАМГАЙ БАЙХ ЁСТОЙ

Дотоод хэргийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн дарга, хошууч П.СЭЛЭНГЭ: 

-Дотоод хэргийн их сургууль нь найман нэгжийн сургуулиас бүрдсэн том сургууль. Тиймээс эхний ээлжид офицер, ахлагч, ажилчин бүрэлдэхүүн хамрагдаж байна. Үүнд, цагдаа, шүүхийн шийдвэр, хилийн алба, удирдлагын академи зэрэг зургаан нэгжийн бүрэлдэхүүн вакциндаа хамрагдаж дуусах шатандаа байна. Нийт 362 хүнийг вакцинд хамруулна гэсэн тооцоо байна. Өнөөдөр үдээс өмнө үндсэн бүрэлдэхүүн вакциндаа хамрагдсны дараа үдээс хойш сонсогч бүрэлдэхүүн, маргааш мөн сонсогч бүрэлдэхүүн гэсэн зохион байгуулалттайгаар түр цэг гурван өдөр ажиллана. Бид вакцинжуулалтыг 12 өрөөг өртөөчлөх байдлаар зохион байгуулж байна. Энэхүү түр цэгийг нээснээр Баянзүрх дүүрэг дэх ачааллыг багасгасан, цэргийн бүрэлдэхүүнийг нэг дор зохион байгуулснаараа хяналт болон урьдчилан сэргийлэх давуу талтай. Вакцинжуулалт эхэлсэн эхний өдөр бид нарийн зохион байгуулалт, хяналттай ажиллаж байна. Вакцинд хамрагдсан 250 гаруй хүнд ямар нэгэн хариу урвал үзүүлсэнгүй. Зарим эм тарианаас айдаг, айдсын шинж тэмдэгтэй хоёр хүний зүрх цохилт олшрох шинж тэмдэг ажиглагдлаа. Вакцины дараа ажиглалтын өрөөнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, зөвлөгөө өгч явуулсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ АЛГА

Вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр түр цэг байгуулсан ч дархлаажуулалтын үйл явц “яст мэлхийн хурдтай” байгааг дээрх эрүүл мэндийн төв болон түр цэгүүдээс харж болохоор. Дээр нь эрүүл мэндийн салбарынхан хоорондоо нэгдсэн мэдээлэл, уялдаа холбоо алга.

Вакцинжуулалтын үйл явц олон нийтэл ил тод нээлттэй гэх мэдээллийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссоос нь өгч буй. Харин дунд, доод шатны албан хаагчид, эмч эмнэлгийн ажилчид “дарга мэдээлэл өгч болохгүй” гэх үгээр мэдээлэл өгөхөөс татгалзах, НОК-ын албан бичиг шаардах ч тохиолдол байв. Мөн холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд вакцинжуулалт зохион байгуулж буй нэмэлт цэгүүдийн талаарх зөрүүтэй мэдээлэл өгч байсан нь хоорондоо уялдаа холбоо байхгүй гэж ойлгогдохоор.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Вакцинжуулалтад олон байгууллага хамтран ажиллаж байгаа тул нэгдсэн мэдээллээр хангагдахгүй, ойлголтын зөрүү үүсэх хүндрэл бэрхшээл гарч байгаа. Үүнийг аль болох залруулахаар ажиллаж байна” гэх мэдээллийг өгсөн билээ. Нөгөө талаас вакцинжуулалтыг зохион байгуулж буй эмч, ажилчдын зүгээс вакциныг зохион байгуулахад “хашир” хандаж байна. Вакцинжуулалтын үйл явц удаашрах  өөр нэг шалтаан нь, эмнэлгийн хэт ачаалал, хүний нөөцийн хүрэлцээгүй байдалтай холбоотой.

ВАКЦИНЖУУЛАЛТ УДААШРАЛТАЙ БАЙГАА НЬ ЭМЧ НАРЫН АЧААЛАЛТАЙ ХОЛБООТОЙ

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Ж.БЯМБАСҮРЭН

-Цар тахал дэгдснээс хойш нийслэлийн эрүүл мэндийн салбар маш их ачаалалтай байна. Шинжилгээ авах цэгүүдэд эмч ажилчид нь дайчлагдахаар цаана нь үлдэж буй ажилчид нь давхар ажлыг нь хийх зэрэг ачаалалтай байна. Ер нь covid-19 халдварын үед ажиллах баг гэж шинээр үүссэн эмч эмнэлгийн ажилтан гэж байхгүй. Бүгд л үндсэн тусламж үйлчилгээгээг үзүүлдэг эмч ажилчид дайчилгаанд явчихдаг. Гэтэл цаана нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гээд хүмүүс хүлээдэг, тухайн эмч мэргэжилтний хийх ёстой ажлыг нь ард нь үлдсэн цөөхөн эмч нар орлож ажилладаг. Энэ мэтчилэн  ачаалал маш их.

Ялангуяа Баянзүрх бол хүн амын нягтаршил ихтэй дүүрэг. Хууль хүчний байгууллагууд, худалдааны төвүүд, хувийн эмнэлгүүд маш олноороо байдаг. Дархлаажуулалт  эхэлснээс хойш эхний долоо хоногт эмч, эмнэлгийн ажилчдаа вакцинжуулалтад хамруулж дуусга гэсэн үүрэг чиглэл өгсөн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Улсын эмнэлгийн эмч ажилчид вакциндаа хамрагдсан ч хувийн эмнэлгийн эмч ажилчид хамрагдаж дуусаагүй. Хууль хүчний байгууллагын алба хаагчид ч бас вакциндаа бүрэн хамрагдаж дуусаагүй. Энэ мэтчилэн вакцинжуулалт удаашралтай байгаа нь эрүүл мэндийн ажилчдын ачааллаас болж байна гэсэн үг.

Вакцинжуулалт эхэлсэн эхний өдөр программын гацалттай холбоотойгоор эрсдэл, хүндрэл гарч байсан. Одоо бол программ жигдэрсэн ч тухайн дүүрэгт вакцинд хамрагдах нийт массын тоо маш их байна. Манай эрүүл мэндийн төв маш ачаалалтай ажиллаж байгаа.

Жишээ нь, Дотоодын их сургуулийн түр цэгт нэг баг ажиллана гэж төлөвлөсөн ч ачааллаас үүдэн нэмэлт баг дуудан ажиллаж байна гэлээ.

Вакцинжуулалтын цэгүүдийг нэмсэн ч хадгалалтын горим яах вэ гэх асуудал анхаарал татаж буй. Эрүүл мэндийн яамнаас хүйтэн хэлхээний горим шаардахгүй тул ердийн нөхцөлд тусгай аргаар зөөвөрлөж, хадгалах боломжтой гэх мэдээллийг өгсөн. Мөн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хүйтэн хэлхээний горим бүхий тусгай хайрцагт вакциныг зөөвөрлөж байна гэх  мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж