"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

COVID-19

"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

 Covid-19-ийн халдварын тархалт ба урьдчилан тооцооллын талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргихтой ярилцлаа.


Дотоодод халдвар гарснаас хойш эрсдэлийн үнэлгээг хэдэн удаа хийгээд байна вэ? Хамгийн сүүлд хийсэн үнэлгээгээр ойрын хугацаанд халдварын тархалт, нас баралт ямар байх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний баг байгуулагдсан. Тус багт манай МУИС-ийн хоёр багшаас гадна анагаахын чиглэлийн 10 орчим судлаач эрдэмтэд байдаг. Бид цаг тухай бүр шинэ тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоонд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, прогноз тооцооллыг хийж гүйцэтгэн албан ёсоор хүргүүлж байсан нь тодорхой хэмжээгээр бодлогын шийдвэрт тусгагдаж ирсэн.

Бидний анхны даалгавар бол халдвар тархалтыг боломжтой бол бүрэн хумих, түүнчлэн нас баралтыг аль болох цөөн байлгах байлаа. Сэлэнгэ, Дарханы байдал Улаанбаатар хотоос харьцангуй хүнд байсан ч бүрэн дарагдсан нь Улсын болон Орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааны нэг эерэг үр дүн байсан. Харамсалтай нь нийслэл хотод байдал хүндэрч байна. Иймд эмнэлгийн ачааллыг халдварын эхэн үед тухайн үеийн бодит байдлаар 500-гаас хэтрүүлэхгүй байхаар хөл хорионы горимыг тогтоох зорилго тавьсан. Одоо эмнэлгийн боломж нэмэгдсэн учир 1000-гаас хэтрүүлэхгүй бол өвчилсөн бүх хүнийг эмнэлэгт бүрэн эмчлэх боломжтой. Тооцоо судалгаа дээр үндэслэн улсын түвшинд, байгууллагын түвшинд, хувь хүний түвшинд эрсдэлээс хамгаалах бодлогыг илүү шинжлэх ухаанч болгох шаардлагатай байна.

Уг халдвартай холбоотой хоёр төрлийн туйлшрах хандлага байна. “Зүгээр нэг ханиадны төдий тул сүржигнэх хэрэггүй” гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь “харвал халдах, үзвэл өвдөх, өвдвөл үхэх” мэт хэт айдастайгаар хүлээн авч байна. Энэ хоёр туйлд авталгүйгээр зохих мэдлэгтэй,  шинжлэх ухаанчаар хандаж ухаалаг, өөдрөг байвал аль ч түвшинд халдварлах болон өвчлөхөөс сэргийлэх  бүрэн боломжтой.

Японд уг халдвараар нас барж байгаа хүний тоо амиа хорлож байгаа тооноос гурав дахин бага байхад, АНУ-д 500 гаруй мянган хүн Covid-19-ийн халдвар аван нас барсан байна. Дэлхийд дунджаар 100 хүн тутамд 2-3 хүн нас барж байна. Гэтэл Мексикт бараг 10 хүн тутмын нэг нь нас барж байгаа.

Харин манайд одоогийн байдлаар 1000 хүн тутамд 2-3 нас баралт байгаа нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэргүүн фронтод ажиллаж байгаа олон хүний хичээл зүтгэлийн үр дүн.

Хэдий тооцоо үнэлгээ байгаа боловч тэдэн хүн өвчилж, тэдэн хүн нас барна гээд шууд хэлбэл иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө. Монгол хүний амь нас хамгийн эрхэм зүйл учраас халдварын тархалт, нас баралтыг үүнээс нэмэгдүүлж болохгүй учиртай.

-Тэгэхээр хүн амыг бүрэн вакцинжуулж дуусах хүртэл нийт халдварын тоо, нас баралт ямар байх талаар шууд хэлэх боломжгүй юм уу?

-Халдвар ба нас баралтын бодит тоо нь та бидний үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогоос хамаарна. Вакцинжуулалт, үзвэр үйлчилгээ, сургууль хэрхэн нээх зэргийг тооцсон олон янзын тооцоолол бий. Тухайн нэг өдөрт хэд гарахыг шууд хэлэх боломжгүй ч 5-7 хоногийн дундаж тоо нь тооцооллын үр дүнтэй нилээд таарч байгаа. Тухайлбал, 14 хоног доторх урьдчилан тооцоолол 90-95 хувийн магадлалтайгаар таарахаас гадна урт хугацаандаа ч өсөх буурах хандлагыг зөв тодорхойлж ирсэн. Энэ олон тоог хэлэхийн оронд хэрхэн халдварт өртөхгүй байх, хэрхэн өвчнөө хүндрүүлэхгүй байх талаар ярих нь зөв. Одоо нас баралт бага байгаа нь эмнэлгийн хяналтад эрт авч байгаа бодлоготой холбоотой. Иймээс зарим хүн “өвдөхгүй байхад эмнэлэгт авчирлаа” гэсэн яриа ч гаргаж байгаа нь нийгэмд сөрөг мэдээ болж очих юм. Өвчин хүндрэхгүй бол үүнээс сайн зүйл гэж юу байхав дээ.

Ер нь бол барууны зарим орны хэрэгжүүлж байгаа шиг, бодлого зарим хүний хүсээд байгаа шиг харьцангуй чөлөөтэй орхих юм бол өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, эмнэлэг, эмч мэргэжилтэн хүрэлцэхээ больж хамгийн түрүүнд хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх шаардлага гарна. Энэ тохиолдолд өвчлөгчийн өөрийн хайхрамжгүй зан, эсвэл биеийн онцлогоос шалтгаалан хөнгөнөөс хүндэвтэр, хүнд хэлбэрт шилжих тохиолдол их болно. Мөн халдвартай хүн хяналт султайгаас нийтэд халдвар тараах эрсдэл ихсэж нас баралтын түвшин дэлхийн дундаж хэмжээнд өөрийн эрхгүй хүрнэ. Манай улсын Засгийн газраас гол хэрэгжүүлж буй бодлого бол ийм байдалд хүргэлгүй, Covid-19 цар тахлыг хумихаас гадна эмнэлэгийн ачааллыг хэтрүүлэхгүйгээр барьж нас баралтыг хамгийн бага байлгах зорилготой.

-Тэгвэл халдварын тархалт, эрчим хэрхэн нэмэгдэх талаар мэдээлэл өгч болох уу?

-Эрдэмтдийн зөвлөл хоёрдугаар сарын 4-нд хүргүүлсэн тооцооны графикыг харуулъя. Өнөөдрийн бодит тоо хэр нийцэж байгааг эндээс харж болно. Гэхдээ энд хөл хорионы дараах вакцинжуулалтыг тооцоогүй  график гэдгийг анхаараарай! Өнөөдрөөс л ард нийтийн дунд вакцинжуулалт эрчимтэй эхэлж байгаа учир тооцоолол өнөөдрийг хүртэл хүчинтэй. Эрдэмтэдийн зөвлөлд хоёрдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн байгаа. Үүнд дурдсанаар долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сая хүнд вакцинжуулалт хийхэд дунджаар нэг өдөрт илрэх тооны хандлага ямар байх талаар авч үзсэн бас нэг өөр график харуулья. Эндээс харахад дөрөвдүгээр сард байдал хүндрэх, гуравдугаар сард байдал илүү хурдан хүндрэх төлөвтэй байна. Энд зарим бодлогын алдаатай шийдвэр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Халдварын эрсдэл өндөр үе нь харамсалтай нь яг ноос ноолуур, газар тариалангийн үетэй давхацаж байна. Гэхдээ энэ бүхэн иргэд, байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарна.

-Бодлогын ямар алдаа гаргасан байна вэ?

-Вакцин гараагүй үед гинжин тархалтыг таслах гол арга нь мөшгөн илрүүлэх, хөл хорио тогтоох явдал байлаа. Хөл хориог хэдийд ямар хугацаагаар тогтоовол хамгийн үр дүнтэй байхыг тооцооллоор гаргаж болдог. ХӨСҮТ-ийн судлаачид хоёрдугаар сарын 3-23-ныг хүртэл, бидний тооцооллоор эдийн засаг, хөл хорионы бэлтгэл зэргийг авч үзэхэд хоёрдугаар сарын 6-21-нийг хүртэл 16 хоног хөл хорио тогтоох нь хамгийн зохимжтой байсан. Энэ хоёр таамаглалыг хоёр өөр аргаар хийсэн боловч үндсэндээ давхцаж байснаас гадна халдварыг бүрэн хяналтандаа авах, ядахдаа хөл хорионы дараа өдөрт гарах тохиолдлыг 10-аас дотогш байлгах боломж харагдаж байсан. Гэтэл хөл хориог тогтоохдоо нэгдүгээрт, хоёрдугаар сарын 11-нээс буюу хугацаа алдаж, оройтож тогтоосноос халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Хоёрдугаарт, хөл хорионы хугацаа арай богино байсан учир тодорхой тооны халдвартай хүмүүс хөл хорионы дараа илрэхгүй үлдсэн. Түүнээс гадна "Нэг өрх, нэг шинжилгээ"-гээр халдварын тархалтыг бүрэн хяналтандаа авсан мэт сэтгэгдэл төрүүлж  тайвшруулан жирийн амьдралдаа орж болно гэж Нийслэлийн онцгой комиссоос зарласантай шууд холбоотой. Караоке, үзвэр үйлчилгээний газруудыг нээж өмнөх алдаагаа давтан  халдварын том голомтууд үүсгэлээ.

-Халдварын тархалтыг хумихын тулд одоо ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зохимжтой вэ. Магадгүй дахин хөл хорио тогтоох шаардлагатай юу?

-Халдварын гинжин хэлхээг таслах үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, вакцин, хоёрт, хөл хорио. Вакцин гараагүй үед халдварын гинжин хэлхээг зогсоох цорын ганц арга нь хөл хорио. Хөл хорио нь бүх нийтийн, тусгаарласан, гэр бүлийн, ажлын байрны хүрээнд цаг хугацаа, орон зайны олон хэлбэртэй байж болно. Гэхдээ аль болох бүх нийтийн хөл хорио тогтоолгүй вакцинжуулалтаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Нэгэнт вакцин гарсан учраас бүх нийтээр хөл хорих онц шаардлагагүй. Харин вакцинжуулалтыг эрчимжүүлд өдөрт 15 мянгаас олон хүнийг вакцинд хамруулах шаардлагатай. Мөн, халдварын томоохон голомт үүсгэхгүй байх хэрэгтэй. Баянзүрх дүүргийн эмнэлэг, УДЭТ шиг томоохон голомт үүсгэх нөхцөл бүрдүүлж алдаагаа давтаж болохгүй. Караоке, урлагийн тоглолтыг нээх нь эдийн засагт ямар нөлөөтэй юм бэ. Телевизээр урлагийн тоглолт зохион байгуулж болж байна шүү дээ.

Нийслэлийн онцгой комисс энгийн амьдралд орсон гэж зарласан нь маш том алдаа болсон. Үүнээс болоод л өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэж байна. Хэрэв бидний гаргасан тооцоолол, зөвлөмжөөр явсан бол өдөрт халдварын тоо 10 дотор байх байсан.

-Танайх ямар аргачлалаар үнэлгээг хийж байгаа вэ?

-Халдварын эрсдэлийг үнэлэх олон аргыг гурван үндсэн аргад ангилж болно. Нэгдүгээрт, сүлжээний арга. Энэ чиглэлээр мэргэшсэн мэдээлэл технологийн ажилтан манайд тун хомс байдгаас гадна хувь хүний нууцлалын асуудал яригддаг ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрт, статистикийн арга. Энэ аргыг ХӨСҮТ-ийнхөн ашиглаж байгаа. Гуравт, учир шалтгаант буюу динамик загварчлалын арга. Бид энэ аргаар тооцоо хийж байгаа. Уг тооцооллоор эмнэлгийн ачаалал, гадуур нууц үедээ халдвар тарааж байгаа хүний тоо зэргийг үнэлж тооцоолон гаргах боломжтой. Мөн одоог хүртэлх бодит үр дүнгээс харвал цаг хугацааны динамик хандлагыг зөв үзүүлэхээс гадна хоёр долоо хоногийн дотор дунджаар 2-3 хүний зөрүүтэй л явж байгаа.

Ард түмэндээ хандаж хэлэхэд болгоомж хэзээ ч илүүдэхгүй, аливаа туйлшралд авталгүй мэргэжлийн байгууллага, үйл ажиллагаанд итгэж, өөрийгөө болон гэр бүлээ халдвараас цаг ямагт сэрэмж алдалгүй хамгаалж сайхан цагтай удахгүй золгохыг хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж