Байгалийн түүхийн музейг барих компани Монголд алга!

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг барих компани Монголд алга!

Байгалийн түүхийн музейг барих компани Монголд алга!

Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт дөрвөн том бүтээн байгуулалт өрнөж буй. Өнгөрсөн хавраас эхлэн Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр Чингис хаан, хаад язгууртны  музейн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд байгаа юм.

Мөн Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулахаар болсон. Үүнийг Соёлын салбарт сүүлийн 100 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцолсон. Энэ удаа Байгалийн түүхийн музей, Чингис хаан музей, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа үргэлжилж байгааг танилцуулъя.


“БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ БАРИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ КОМПАНИ ШАЛГАРАХГҮЙ БАЙНА”

Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн цогцолборын тендерийг буцааснаас бүтээн байгуулалтын ажил “гацжээ”. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг. Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгчээ.

Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг захирал нь онцолж байв. Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг онцолсон юм.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар ярихдаа “Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар нэг жилийн өмнө Засгийн газраас шийдвэр гаргасан. Хуучин АСЕМ-д зориулан барьж байсан барилгын суурь буюу угсарсан хоёр бэлэн төмөр карказтай газрыг хүлээн авсан. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар 30 орчим хувьтай гэж үздэг юм билээ. Барилгын зургийг зурж, төсвийг нь баталчихсан. Өнгөрсөн жил 16 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тендерийг буцааснаар татагдсан. Энэ жил төсөвт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, музейн барилгын газар, төсөв, зураг нь бэлэн учраас яаралтай барилгын ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Дөрвөн ч удаагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ч энэ барилгыг барих хэмжээний хүчин чадалтай компани шалгарахгүй байна. Музейн захирал бол барьсан барилгаа хүлээж авах л эрхтэй. Хуучин цаг шиг захирал бүгдийг өөрөө хөөцөлдөх нь хуулиар хориотой. Захиалагч нь Соёлын яам ашиглагч нь музей байгаа. Бид хүсэлтээ яамаараа дамжуулж тавьдаг. Тендерийн шалгуурт гадаад компани оролцох зөвшөөрөлтэй юм билээ. Миний бодлоор монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэлээ.

“СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ДӨРӨВДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО”

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын өвийн үндэсний төвийн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдэрч эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд танилцуулав. Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгыг нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 2012 оноос барьж эхэлсэн.

Барилгын дэд бүтцийг нь 2019 оны хавар шийдэж, бүх шугам сүлжээнд холбогджээ. Нийтдээ 8000 м/кв талбайтай. Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажиллагааг энэ төв дээр явуулна.

Шинэ барилгын үүдний хэсэгт 80 хүний суудалтай мини театртай. Мөн чулуун сэргээн засварлах лаборатори, монгол зураг, уран зураг, цаасан эдлэл, даавуу зөөлөн эдлэл, оношлох, судлах, сэргээн засварлах лабораториудыг төлөвлөжээ.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат шинэ төвөө танилцуулахдаа “Манай төвийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 10-наас жигдрэх байх. Одоо шаардлагатай соёлын өв, тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар 35 сэргээн засварлагч ажиллаж байгаа. Энэ барилга ашиглалт орсноор жилд 20-25 хүн шинээр авч ажиллана. Цаашдаа 2050 онд улсын хэмжээнд 139 мэргэжилтэн  ажиллана гэж төлөвлөж байгаа. Шинэ төв маань найман төрлийн сэргээн засварлах урлан, органик болон органик бус гаралтай олдворуудыг оношлох лаборатори, соёлын биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах студи, 80 хүний мини театр гээд 150 өрөө тасалгаатай” гэв.

ЧИНГИС ХААН МУЗЕЙН 115 ҮЗМЭРИЙГ ГАДААДААС ХУДАЛДАЖ АВНА”

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан, хаад язгууртны  музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын ажил 65 хувьтай байгаа аж. Анхны гэрээгээр 2020 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж ярьж байсан боловч хөл хорио, барилгын материалын захиалгаас шалтгаалж 2021 оны тавдугаар сарын 31-нд барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус музейн барилгад Засгийн газраас өнгөрсөн онд 53 тэрбум төсөвлөсөн. Харин 2021 оны улсын төсөвт 62 тэрбум төгрөг болж, төсөвт өртөг нь нэмэгджээ. Нэмэлт санхүүжилтээр музейн гаднах чимэглэл, хаадын тамга зэрэг Монголын урчуудын эвлэлээр гүйцэтгэх ажил багтсан байна. Тус музейн гурван давхраас эхлэн Хүннү гүрний хаан Модун Шанью, Хамаг Монгол, Их Монголын эзэнт гүрэн, бусад бүрэлдэхүүн орнууд гээд хамгийн дээд талын найман давхарт “Дэлхий дахинд монголчууд” хэмээн үзмэрүүдийг дэлгэх гэнэ.

Үзмэрийн сан хөмрөгт нийт 6243 үзмэр байх бөгөөд 90 гаруй хувийг Монголоос авах бол гадаадаас 1.5 хувь буюу 115 үзмэрийг худалдаж авах аж. Харин шинээр олдсон археологийн 35 үзмэрийг хуулбарлан, хэмжээг нь томруулан хийлгэхийг албаныхан хэллээ. Ирээдүйд 20 орчим мянган үзмэр тавих урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ оны нэмэлт төсөвт өртөг нь 15 хувиас илүү гарсан учраас гүйцэтгэлийн ажлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх, хуулийн хүрээнд зохион байгуулах ажил байна. Бусдаар бол бүтээн байгуулалттай холбоотой асуудал байхгүй. Цар тахалтай холбоотойгоор хоёр сарын хугацаанд барилгын ажил түр зогссон. Ирэх долдугаар сард Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор амжиж нээхээр төлөвлөж байна. Музейн дээд хэсэгт байрлах шонхор шувууг бүтээсэн. Гуравдугаар сарын 11-ний тусгай үүргийн онгоцоор Японоос алт ирж байгаа. Одоо шувуугаа алтдаж, гуравдугаар сардаа багтан музейн дээд хэсэгт байрлуулна” гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэв.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “Билгүүн Монгол” компанийн ерөнхий инженер Б.Ганхүү  “Музейн гадна хийх нэмэлт чимэглэлийн ажлыг гүйцэтгэх Монголын урчуудын эвлэлийн ажлын санхүүжилтийг яаралтай шийдэх шаардлагатай байна” гэв.

"Билгүүн Монгол" компанийн ерөнхий инженер Б.Ганхүү

“Энэ музей нь хаад язгууртны музей. Тийм учраас бид гадаадад байгаа Монгол хаад, язгууртнуудын түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг сурвалжлан олж, эх орондоо авч ирэхийг зорьж байгаа. Урьдчилсан байдлаар 13 дугаар зууны үеийн түүхэнд холбогдох 800 үзмэр байна гэдгийг гаргасан. Тэр дундаас яг Чингис хааны дээл хувцас гэж тодорхойлоход бэрх. Тиймээс бид 13 дугаар зууны язгууртнуудын эд зүйлсүүдээр төлөөлүүлж тавьж байгаа. Жишээлбэл, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанаас олдсон язгууртны дээл хувцас, Сүхбаатар аймгийн Онгон сумаас авч ирсэн шонх Таван толгойн хүн чулуу гээд язгууртнуудыг илэрхийлсэн эд өлгийн зүйлс тухайн цаг үеийнхээ хэрэглээний соёлыг бий болгож өгч буй” талаар Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн хэллээ.

“ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН ШИНЭ БАРИЛГЫГ 160 АЙЛЫН ГАЗАР ДЭЭР БАЙГУУЛНА”

Улсын төсвөөс 152 тэрбум төгрөг зарцуулж барихаар яригдаж буй Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт бол зууны гэж хэлж болохуйц онцгой ажил юм. Сүхбаатар дүүргийн 9, 11 дугаар хорооны нутагт нийт 10 га газарт сүндэрлэх театрын барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Одоогоор газар чөлөөлөлт 80 хувьтай байгаа юм.

Нийт 160 айлын газар чөлөөлөхөөс одоогийн байдлаар 91 айл газраа бүрэн чөлөөлж, 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болж, зөвшилцөх шатандаа явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хийж байгааг албаныхан хэллээ.

“ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО БАГТАЖ ЭХЭЛНЭ”

Шинэ яамны томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хүүхдийн номын сан болон Хүүхэлдэйн театрын шинэ цогцолбор юм. Энэ хавар барилгын ажил нь эхлүүлэхээр төлөвлөж байсан бол албаныхан энэ ондоо багтаж бүтээн байгуулалтыг хийнэ гэв.

Шинэ цогцолборын бүтээн байгуулалтыг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр барихаар төлөвлөсөн.

Шинээр байгуулах Хүүхэлдэйн театр нь 600 хүний суудалтай их танхим, 150 хүний суудалтай бага танхим, орчин үеийн техник, технологи бүхий 5D танхим, хүүхдийн энтертайнмент төв, хүүхэлдэйн музейн танхим, хүүхдийн амралт чөлөөт цагийн танхим бүхий дөрвөн давхар цогцолбор байх ажээ.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж