Иргэд хариуцлагатай байж чадахгүй бол дахин хөл хоригдоно

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Иргэд хариуцлагатай байж чадахгүй бол дахин хөл хоригдоно

Иргэд хариуцлагатай байж чадахгүй бол дахин хөл хоригдоно

Нийслэлчүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд 15 хонож байна. Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулсан. Ингэхдээ төрөл бүрийн уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газраас бусад ААН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм. Энэ нь төр “Хүн бүр өөртөө найдаж, хариуцлагаа нэмэгдүүл” гэсэн үүргийг иргэдэд өгч байгаа болохоос халдварыг хумьж, эрсдлийг бууруулсан гэсэн үг биш. Гэсэн ч дотоодын бизнесээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн тулд ажил, амьдралын хэвийн горимд шилжсэн эдгээр өдрүүдэд иргэд цар тахлын тархалт намжсан мэт назгай аашилж, халдвар хамгааллын дэглэмээ мартав.

Үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийх, бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах зэргээр иргэдийн анхаарал суларч эхэлснийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид онцолж буй. Иймд халдварын эрсдэлтэй нөхцөлд иргэдийг тайвширч, анхаарлаа сулруулж болохгүйг анхааруулсаар байна. Хэдийгээр Улсын онцгой комиссоос дахин хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдсэн ч хариуцлага алдаж, дахин хатуу хөл хорионд орохгүйн тулд хүн бүр илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх цаг үетэй нүүр тулаад байна. Энэ бол гэр бүл хайртай хүмүүсээ халдвар өвчнөөс сэргийлэхээс гадна иргэд орлоготойгоо үлдэх боломж юм. Үүний тулд халдвараас маш сайн хамгаалж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах чадварыг нийгэм хүн бүрээс шаардаж байна.

Нэг үеэ бодвол хүмүүс амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож дадсан. Олон нийтийн гудамж талбайд амны хаалтгүй хүнтэй тааралдахгүй болсон ч халдварт өртөхгүй гэсэн баталгаагүй. Халдвараас сэргийлэх энгийн арга нь амны хаалт зүүх боловч зай барих нь хамгийн үр дүнтэй арга. Эрүүл мэндийн яамнаас иргэддээ “амны хаалт зүү, гараа тогтмол угаа, зай барь” гэж өдөр бүр сануулсаар байгаа ч энэхүү дэглэмийг иргэд хэвшил болгож чадахгүй байна. Хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, нийтийн тээвэрт зай барих нь бүүхэл тэврэлдэх нь холгүй дүр зураг ердийн үзэгдэл мэт болсон. Худалдаа үйлчилгээний байгууллагууд зай барих тэмдэглэгээтэй ч бэлгэдлийн шинжтэй. Тиймээс халдварын цар хүрээ хумигдаагүй энэ цаг үед маскаа зүүж, гараа ариутгаад, зай барих дэглэмийг тантай ойр байгаа хэн нэгнээс санаа зовохгүйгээр шаардаж, мөрдүүлж чадвал халдвараас сэргийлнэ. Хичээвэл хүн бүр дэглэмээ мөрдөж чадна. Нийтийн эрх ашиг нэг хүний хариуцлагаас шалтгаалж буйг ухамсарлаж, өвчнөөс айх биш сэрэмжтэй, хариуцлагатай хандах л чухал юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж