Япон, Хятадын цэргүүд мөргөлдөж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Япон, Хятадын цэргүүд мөргөлдөж болзошгүй

Япон, Хятадын цэргүүд мөргөлдөж болзошгүй

Японы эзэмшлийн, хүн суурьшаагүй Сенкакү арлуудыг хятадууд Диаою арлууд хэмээн нэрлэж, БНХАУ-ын газар нутаг хэмээн булаалддаг. Түүнчлэн сүүлийн үед Хятадын талаас тус арлуудын ойролцоо цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, эрх мэдлээ тогтоогоод буй.

Түүнээс гадна Хятадын талаас өнгөрсөн сард өөрсдийн эзэмшлийн хэмээн үзэж буй бүсэд Бээжингийн зөвшөөрөлгүй орж ирсэн аливаа завь, хөлөг онгоц руу сануулгагүйгээр гал нээж, сөнөөхөө мэдэгдсэн.  Мөн өөрсдийн эзэмшлийн хэмээн тодорхойлсон арлууд дээр баригдсан гадаад орны байгууламжуудыг буулгахыг цэргүүддээ зөвшөөрсөн хууль батлан хэрэгжүүлж эхэлсэн нь бүс нутгийн бусад орнуудын хувьд илэрхий түгшүүрийн дохио болжээ.

Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Хятадын армийн байлдааны хөлөг маргаантай арлуудын ойролцоо буюу Японы эзэмшилд нэвтрэх тоо өнгөрсөн жилд сард хоёр байсан бол дээрх хууль батлагдсанаас хойш долоо хоног тутамд хоёр удаа бүртгэгдэх болжээ.

Үүнээс өмнө ч япончууд Сенкакү арлын ойролцоо Хятадын эргийн харуулын хөлөг онгоцууд эргэлдэж буйг хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Харин Бээжин шинэ хууль баталсныг Японы тал илэрхий өдөөн хатгалга хэмээн үзсэнээр асуудал улам ноцтой болжээ. Улмаар хоёр улсын хооронд цэргийн мөргөлдөөн болж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь Японы чухал холбоотнуудын нэг АНУ болон шинэ Ерөнхийлөгч Жо Байдены хувьд амаргүй сорилт болж байна.

Японы холбогдох албан тушаалтны нэрээ нууцлан мэдээлснээр Хятадын талд хариу арга хэмжээ авах тал дээр Токио тодорхой төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тэрбээр “Японы хуулийн дагуу зэвсэгт хүчин өөрсдийн нутаг дэвсгэрт удаа дараа нэвтэрч буй Хятадын хөлөг онгоцнуудын эсрэг зэвсэг ашиглах бүрэн эрхтэй” хэмээн мэдэгджээ.

Мөн Японы зүгээс байдлыг хурцатгах бодолгүй байгааг албаныхан мэдэгджээ. Маргаантай арлуудын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй Хятадын талд үзүүлэх дарамтаа нэмэхийн тулд Нэгдсэн Вант улс, Канад зэрэг холбоотнуудаасаа тусламж хүсч магадгүй хэмээн Токио мэдэгдсэн байна.

Эргэн санавал Токио өнгөрсөн сард Нэгдсэн Вант улсын гадаад харилцааны болон батлан хамгаалахын сайд нартай 2+2 уулзалт зохион байгуулах үеэрээ Хятадын шинэ хуулийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Харин Хятадын талаас сүүлийн үед Японы эсэргүүцэл нэмэгдэж байгаа явдалд өөрсдийгөө зөвтгөсөн хариу өгсөн байна. Тухайлбал, Хятадын гадаад хэргийн яам Диаою арлуудын ойролцоо эргийн хамгаалалтын хөлгүүд үйл ажиллагаа явуулж буй нь Бээжингийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ямар ч буруутах зүйлгүй хэмээжээ. Түүнчлэн Бээжингийн зүгээс Японыг байдлыг хүндрүүлэхгүй байхыг зөвлөсөн аж.

Мөн Хятадын гадаад хэргийн яам “Хятад, Япон хоёр талын хооронд үйл ажиллагааны үр дүн бүхий харилцааны сувгууд бий. Тиймээс Японы талаас хурцадмал асуудлыг зохицуулахын тулд Бээжинтэй энх тайван замаар хэлэлцэх боломжтой гэдэгт бид итгэж байна” хэмээжээ.

Өнгөрсөн сард Хятадын хоёр ч хөлөг онгоц Японы эзэмшлийн бүсэд удаа дараа нэвтэрч, Японы загасчны завинуудад дөхөж ирснийг эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд сануулга өгөн хөөжээ. Эргийн хамгаалалтынхны мэдээлснээр Японы эзэмшилд нэвтэрсэн Хятадын хөлөг онгоцууд бүрэн байлдааны зэвсэгтэй байжээ.

Болсон явдлаас хойш удалгүй Японы эзэмшлийн усанд нэвтэрч, хуурай газарт хүрэхээс өмнө түрэмгийллийн шинж тэмдэг үзүүлсэн гадны биетийн эсрэг эргийн хамгаалалтынхан зэвсэг ашиглах бүрэн эрхтэй гэдгийг тус улсын Засгийн газраас сануулсан байна.

Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши өнгөрсөн долоо хоногт эргийн хамгаалалтын алба асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол дотоодыг хамгаалах хүчний цэргүүдээ илгээн шударга ёс тогтоох, гадаадын завинуудын эсрэг гал нээх талаар хэлэлцэж байгаагаа зарлажээ.

NHK агентлагийн мэдээлснээр Японы дотоодыг хамгаалах хүчин эргийн хамгаалалтын албатай хамтран энэ долоо хоногт цэргийн сургуулилалт хийжээ. Тус сургуулилалтын гол хөтөлбөр нь Японы эзэмшлийн усанд орж ирсэн гадаадын хөлөг онгоц гэх мэт чухал ач холбогдол бүхий байгууламжуудыг сөнөөх байсан бөгөөд үүнд сөнөөгч онгоц, пуужин харвагч, нисдэг тэрэг, эргийн хамгаалалтын харуулын завиуд оролцсон байна.

Хоёр тал сүүлийн жилүүдэд түүхийн болон газар нутгийн олон маргаантай асуудлуудаа хэлэлцэн, цаашид эв найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Гэвч сүүлийн үед Хятад улс Хонгконгийг эрхшээлдээ бүрэн оруулж, Тайваныг түрэмгийлж, Шинжаан, Өвөр Монголд соёлын устгал эхлүүлэн, Энэтхэгтэй мөргөлдөж, Сенкакү арлуудыг булаалдах зэргээр эрх мэдлээ нэмэхийг эрчимтэй хичээх болсноор хоёр улсын харилцааны асуудал эргэн хурцдаж эхэлжээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар хоёр тал асуудлаа эвээр шийдэж чадахгүй бол цэргийн мөргөлдөөн үүсэх эрсдэл өндөр бий аж.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж