Албан тушаалын хэргийг авлигын хэрэгт хамааруулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Албан тушаалын хэргийг авлигын хэрэгт хамааруулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга Л.Батжав, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Цагдаагийн академийн зөвлөх багш С.Жанцан, мөн академийн багш Ж.Болдбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуулийн төсөлд авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагын талаар нэлээд анхаарч тусгажээ. Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага хөнгөн, дийлэнх хэсэг нь хөнгөн, хүндэвтэр ангилалд багтдагаас өршөөлд хамрагдах боломжтой, түүнтэй тэмцэх хуулийн байгууллагын үйл ажиллагаа ч хязгаарлагдмал байгааг өөрчлөхөөр төсөлд тусгасныг Г.Ганзориг зөвлөх хэллээ. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилж авах, завшиж үрэгдүүлэх зэрэг хэрэгт 15 жилийн хорих ял заасан байхад албан тушаалаа урвуулан төсвийн хөрөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан этгээд ердөө таван жилийн хорих ял эдлэх заалттай байдаг аж. Энэ нь Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэд эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж төсөл санаачлагч үзжээ. Иймд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэсэн ангилалд хамааруулж байхаар төсөлд тусгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн Албан тушаалын гэмт хэрэг гэсэн бүлгийн нэрийг Авлигын гэмт хэрэг болгон өөрчлөхөөр болжээ.
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж