Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж дархлаажуулалтын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байна. Иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, дархлаажуулалт хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ үзүүлэх өрөөг бэлджээ.
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 42 нь ажиллаж байна. Үлдэх 40 гаруй цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болсон тухай Улсын онцгой комиссын дарга хэллээ. Маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, 03 дугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх мэтээр төлөвлөгөөний дагуу хамруулах юм.
Улсын онцгой комисс долоодугаар сард багтаан нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулж дуусгахаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ