Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид дэнчингийн мөнгө “босгох” шаардлага үүсээд буй. Сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгөхөд тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, мөн П.Галиндэв хоёрыг хасч, О.Алтангэрэл нэрээ татсанаар 16 хүн үлдсэн. Тэд тус бүрдээ өнөөдрийн 17.00 цагаас урьтаж, 90 сая төгрөг босгох шаардлагатай. Одоогоор нэр дэвшигчдээс хамгийн амжилттай дэнчингээ босгож байгаа нь Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл болж байна. Түүнийг Ардчилсан намын даргад өрсөлдөхийг нь дэмжиж 586 хувь хүн, аж ахуй нэгжээс 77,810,747.24 төгрөг хандивлаад байна.
Сануулахад, Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэлээс гадна Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагвадорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж буй. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчээс дээрх хэмжээний мөнгө "босгох" шаардлага тавьдаг нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, Ардчилсан намын дарга болсон цагт ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа тайлагнахад зардал гарна гэж үзэж, дүрэмдээ энэхүү зохицуулалтыг тусгаж ирсэн. Гэвч эл зохицуулалт Ардчилсан намын дүрмийг шинэчлэн баталсан үеэс гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байв. Тухайлбал, тус намын даргад нэр дэвшээд буй Ц.Оюунгэрэл "Энэ бол мөнгөтэй хүмүүст өрсөлдөх боломжийг олгосон зохицуулалт" гэж шүүмжилж байсан удаатай. Гэвч өнөөдөр тэрбээр намын гишүүд, дэмжигчдийнхээ тусламжтайгаар дэнчингээ хандиваар амжилттай босгож байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ