Меган Маркл: Ордонд байхдаа амиа хорлохыг төлөвлөж байсан

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Меган Маркл: Ордонд байхдаа амиа хорлохыг төлөвлөж байсан

Меган Маркл: Ордонд байхдаа амиа хорлохыг төлөвлөж байсан

Америкийн үзэгчдийн дунд алдартай Опра Уинфригийн шоунд  Нэгдсэн Вант улсын дээд зиндааны амьдрал, хэргэм зэргээсээ татгалзсан хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр оролцож,  Хатан хааны ордон дахь ялгаварлан гадуурхалт, хүйтэн хөндий харилцааны талаар ярьжээ.

Тэдний ярьсан зүйлс олон улсад шуугиан тарьж олон мэтгэлцээний гол сэдэв болон хүмүүсийг талцуулж эхэлсэн ч Нэгдсэн Вант улсын ордны зүгээс албан ёсны хариулт хараахан өгөөгүй байгаа юм. Ингээд уг ярилцлагыг тоймлон сонирхуулъя.

Меган ялгаварлан гадуурхагддаг байсан

Эрлийз цустай хэмээгддэг Меган хүүгээ төрүүлэхээс өмнө арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан  үгс багагүй сонсдог байжээ.  Тухайлбал, эргэн тойрны бүх хүмүүс түүний хүүг ямархуу бараан арьстай төрөх бол гэдэгт санаа зовж, үргэлж сануулдаг байсан гэнэ.

Хунтайж Харри ордонд тийм яриа үргэлж гардаг байсныг баталсан ч хэн тэгж хэлснийг нь нууцалжээ. Харригийн эмээ, өвөө буюу Хатан хаан Элизабет болон хунтайж Филип нардээрх ярианд оролцож байгаагүйг Харри ярьсан байна.

Түүнээс гадна Британийн хэвлэл мэдээллүүд  хунтайж Уйллиамын гэргий Катеринд ханддагаасаа өөрөөр Меган Марклд ханддаг байсан гэнэ. Гэвч, үнэндээ хэвлэлийнхэн Катериныг ч  үргэлж ажиглан, үйлдэл бүрийг нь алдалгүй анзаарч, “Залхуу Кэти” хэмээн хочилж байсан удаатай. Гэхдээ Меган “Катеринд тэр бүхэн хэцүү байсан байх. Надад ч гэсэн хэвлэлийнхний хараанд үргэлж байх хэцүү байсан. Гэхдээ бидний мэдэрсэн хэцүү өөр зүйл байсан.  Тэд “Ордонд амьдардаг бүх хүмүүс хэвлэлийнхний бүдүүлэг занг тэвчиж амьдардаг” хэмээн намайг тайвшруулахыг хичээж байсан ч үнэндээ ялгаварлан гадуурхах, бүдүүлэг аашлах хоёр бол эрс ялгаатай зүйлс” гэжээ.

Меган амиа хорлохыг төлөвлөж байсан

Дээд зиндааны аз жаргалгүй амьдрал, бусдаас хараат байдал хэрээс хэтэрч Меган амьдрах хүсэлгүй болж байснаа дурджээ. “Олон шалтгаанаас болж би аамьдралаа дуусгах талаар маш тодорхой, жинхэнээсээ бодож, үргэлж төлөвлөдөг байсан. Амиа хорлох бодол үргэлжид бодогдож, намайг зовоодог байсан тул ордны хүний нөөцийн албанаас тусламж хүссэн ч тэд зөвшөөрөөгүй. Би тэдэн дээр очиж, надад тусалж чадах газарт эсвэл эмнэлэгт очиж эмчилгээ, тусламж, зөвлөгөө авах шаардлага байгаагаа, өмнө нь ийм хэцүү байдалд орж байгаагүйгээ хэлсэн ч тэд огт зөвшөөрөөгүй” хэмээн Меган дурсчээ.

Харри хүнд байдалд орсон

Харри анх Мегантай хайр сэтгэлийн холбоотой болсноос хойш тэдний гэр бүл гарах гарцгүй дарамтанд орсноо анзаарсан байна. Тэрбээр энэ тухай “Би хүнд байдалд орсон байсан ч үүнийгээ анзаараагүй байсан. Миний аав, миний ах ч гэсэн тийм  байдалд орж, түүнээсээ гарч чадалгүй амьдарсаар ирсэн гэдгийг би сүүлд ойлгосон юм” гэжээ.

Мөн тэрбээр Хатан хааны гэр бүлийнхэн болон хэвлэл мэдээллийн хооронд тогтсон хэцүү харилцаа байдлыг улам хүндрүүлж байсныг дурссан аж. Харри “Хатан хааны гэр бүлд үеэс үед хэвлэл мэдээллээс айх айдас хүмүүсийг захирч байсныг би олж мэдсэн юм" гэж хуучилсан байна.

Харри аав, ахтайгаа тангараг тасарсан

Харри дээрх асуудлуудаас болж, аав хунтайж Чарльз, төрсөн ах хунтайж Уйллиам нартай тангараг тасарсан байна. Улмаар хунтайж Чарльз Харригийн утасны дуудлагад хариулахаа больж, харилцаа холбоогоо тасалжээ.

“Би үргэлж аавдаа хайртай байх болно. Гэхдээ бидний хооронд сэтгэл өвтгөм маш олон үйл явдал болсон. Хэдий тийм ч би сэтгэлийн шархуудаа тэвчиж түүнтэй эвлэрэх арга олохыг хичээж байгаа. Түүнээс гадна Уйллиам бид хоёр ижил зовлонтой байсан. Тэр талаараа ч хоорондоо ярилцаж, сэтгэлээ уудалдаг байлаа. Гэвч бид өөр, өөр зам сонгож салсан” хэмээн Харри дурссан байна.

Харри Мегантай хоёр удаа гэрлэсэн

Харри, Меган хоёр 2018 онд Уйнсдор ордонд дэлхийн сая сая хүмүүсийн нүдэн дээр хуримаа хийсэн билээ. Гэхдээ Меганы хэлснээр тэр ёслолоос гурван хоногийн өмнө Харри тэр хоёр нууц хурим хийн хэдийнэ хувь заяагаа холбосон байсан аж.

Тэд Английн сүмийн тэргүүн Кентерберийн хамба Жастин Уэлбигээр адислуулан сүмийн арын талбайд ямар ч зочингүйгээр хурим хийжээ. Мөн тэд энэ зун бяцхан охинтой болох гэж байгаагаа зарлав.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж