Эдийн засагт халтай макро эдийн засгийн зорилтууд ба хэмжүүрүүд

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

Эдийн засагт халтай макро эдийн засгийн зорилтууд ба хэмжүүрүүд

Эдийн засагт халтай макро эдийн засгийн зорилтууд ба хэмжүүрүүд

 

ОРШИЛ

Эдийн засгийн сурах бичиг бүрт макро эдийн засгийн зорилт хэмээн гурван зүйлийг онцолдог. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, үнийн тогтвортой байдал, бүрэн ажил эрхлэлт юм. Эдийн засгийн байдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнээр (ДНБ), үнийн хэлбэлзлийг хэрэглээний үнийн индексээр (ХҮИ), ажил эрхлэлтийг ажилгүйдлийн түвшингээр хэмжинэ. Миний бие нийтлэлдээ энэ 3 зорилт болон тус бүрийнх нь хэмжүүрт байх төрөлх согогуудыг нь нэг бүрчлэн бичих болно. Өнөөгийн их сургууль болгоны эдийн засгийн тэнхимүүд оюутнуудын толгойд мэдлэг бус, төөрөгдөл суулгадгийг уншигч эндээс мэдэх боломжтой.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ДНБ

Эдийн засгийн өсөлт гэдэг нийгэм дэх бараа, үйлчилгээ өссөнөөс үүдэлтэй хүн амын амьжиргааны түвшин сайжрах явцыг хэлнэ. Улс төр, эдийн засгийн идеологиудын тэмцэл эдийн засгийн аль систем нь эдийн засгийг өсгөж, хүний хэрэгцээг илүү сайн хангаж чадах вэ гэдэг дээр өрнөсөөр ирэв. Анри Сен-Симон, Шарль Фурье, Карл Марксын социализм, Жон Локк, Жак Тюрго, Людвиг фон Мизесийн либерализм, өнөө цагт улс болгоны баримталж буй эдийн засгийн тогтолцоо болох интервенционизм нь бүгд өөрийгөө энэ зорилгод хамгийн сайн тохирно гэж үзнэ.

Өмнөд ба Хойд Солонгос, Баруун ба Зүүн Герман, Хонгконг ба Маогийн Хятад, ЗХУ болон АНУ, Скандинавын орнууд болон Латин Америкийн иргэдийн амьжиргааны түвшингийн хооронд дэндүү их ялгаа байсныг, байгааг хэн ч харж чадах боловч статистикийн тусламжгүйгээр үүнийг тоон утгаар хэлж чадахгүй.

Эдийн засгийн нийт гарцыг хэмжих оролдлогууд урьд өмнө гарч байсан авч орос гаралтай Америкийн эдийн засагч Семён Кузнецийн ҮНБ-ийн модель орчин үеийн эдийн засгийн хэмжүүрийн анхдагч болжээ. Өнөөгийн ДНБ гэх хэмжүүр үүн дээр суурилав. ДНБ гэдэг нь тодорхой хугацаа буюу нэг жилд тухайн улсад үйлдвэрлэгдэн, зах зээл дээр арилжаалагдсан эцсийн бараа, үйлчилгээний нийт мөнгөн дүн. Бүтээгдэхүүний чанарыг орхигдуулдаг, татварын албаныхны хуруу дүрээгүй арилжаанууд бүртгэгддэггүй зэрэг сул талтай, иймээс энэхүү хэмжүүр төгс биш гэж эдийн засагчид, статистикчид хэлдэг. Гэсэн ч ДНБ- ийн гол гурван согогийг сул тал гэхэд багадна.

ДНБ нь хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт, засгийн газрын зардал, цэвэр экспортын нийлбэр. ДНБ-ийн дийлэнх хэсгийг хэрэглээ эзэлдэг учир хэрэглээ эдийн засгийг залуурддаг гэх онолд ДНБ нийцдэг. Хэрэглэх тусам эдийн засаг өсөж, хадгалах тусам унана гэж уг кейнсийн онол хэлнэ. Эдийн засагч Марк Скаузен энэ тал дээр өөр байр суурьтай байх агаад ийн бичжээ. "ДНБ-ийн 70%-ийг хэрэглээ эзэлдэг гэдэг ч ДНБ нь эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийг л харуулдаг. Ингэхдээ давхар бичилтээс сэргийлэхийн тулд эдийн засгийн томоохон хэсэг болох түүхий эд, үйлдвэрлэл, бөөний худалдааны шатыг санаатайгаар орхидог. Эдийн засгийн дамжлага бүр дэх нийт зарцуулалт нь ДНБ-ээс 2 дахин өндөр байгааг татварын газрын цуглуулсан бизнесийн баримтыг ашиглан миний бие тооцоолсон. Дотоодын нийт зарцуулалт хэмээн миний нэрлэсэн энэ хэмжүүр хэрэглээ эдийн засгийн ердөө 30%-ийг, бизнесийн хөрөнгө оруулалт (үйлдвэрлэлийн дунд шат) 50 гаран хувийг эзэлдэг гэдгийг харуулав. Бодит байдал дээр үнэн яг эсрэгийг өгүүлнэ. Хэрэглээ бол бүтээлч, эрүүл эдийн засгийн шалтгаан биш, үр дагавар." Сүүлийн өгүүлбэр бүхнийг ойлгуулна.

Төрийн зарцуулалт ДНБ-д ордог болохоор засгийн газрын бүтээсэн ямар ч хэрэггүй зүйл хүртэл ДНБ-д нэмэгддэг нь хоёр дахь согог. Цөлд гүүр барих, хэн ч амьдардаггүй газар зам тавих, хэнд ч хэрэггүй хүнд сурталтнуудыг татвар төлөгчдийн зардлаар тэжээх нь ч ДНБ-ийг өсгөнө. Олимпын тоглолтонд зориулж барьсан өндөр өртөгтэй, эдийн засгийн ашиггүй байгууламжууд, Хятадын сүнсэн хотууд, Монголын сумын соёлын төвүүдийг жишээнд авч болно. Энэ бол эдийн засгийн нөөц, ажиллах хүчийг ашигтай үйлдвэрлэлийн салбараас аваад ашиггүй рүү нь оруулж, тэдгээрийг гарздаж буй явдал.

Мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд, инфляцийн түвшинг багасгаж харагдуулбал эдийн засаг цаасан дээр өсдөг нь дараагийн буюу хамгийн гол согог нь юм. ДНБ бол мөн чанараараа мөнгөн дүн учир мөнгөний нийлүүлэлтийг нэмэхэд л ДНБ өснө. Засгийн газар төв банкандаа өр тавих, өөрөөр хэлбэл мөнгө хэвлэх үед эдийн засаг өсөж харагддагийн шалтгаан энэ. Үүнээс сэргийлэхийн тулд нэрлэсэн ДНБ-ээс инфляцийн түвшинг хасаж бодит ДНБ-ийг гаргадаг ч инфляцийг хэмжих хэмжүүр нь мөн л согогтой.

АНУ-ын түүхэнд ДНБ нь хамгийн их өссөн үе нь Дэлхийн хоёрдугаар дайны жилүүд ажээ. Дайнд татагдан орохоос нь өмнөх 1938, 1939 онд АНУ-ын ДНБ-ийн өсөлт 8%-тай байсан бол, 10 сая хөдөлмөрийн насны эрчүүдээ цэрэгт татсан үе болох 1941-1944 оны хооронд дундаж өсөлт нь 15.4%-тай байж. Тус үзүүлэлт эрүүл ухааныг таягдан хаяна. АНУ-ын засгийн газар төв банкнаасаа зээл авч алдагдалтай төсөв батлан дайныг санхүүжүүлсэн ба төсвийн алдагдал нь төрийн зарцуулалтыг нэмэгдүүлсэн учраас хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч, хүмүүсийн ахуй амьдрал доройтсон ч ДНБ өсөв. Нобелийн шагналт эдийн засагч Пол Самуэлсон "Эдийн засгийн ухаан" хэмээх түүхэнд хамгийн олон тоогоор зарагдсан сурах бичигтээ "ЗХУ нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 1990 он гэхэд АНУ-ыг давна." гэж бичиж байв. Тэрээр мөн "ЗХУ-ын эдийн засаг нь социалист, төлөвлөгөөт эдийн засаг ажиллаж чадна, бүр улс орныг дэвжин дээшлүүлнэ гэдгийн баталгаа." гэж 1989 онд ярьж байжээ. 1990 онд АНУ-ын ТТГ-ын тооцоогоор Зөвлөлтийн ДНБ АНУ-ын ДНБ-ийн 50%-тай тэнцүү байв. Гэсэн ч 1991 онд ЗСБНХУ нурж унасан билээ. Тэдний алдаа нь ДНБ-ийн мөн чанарыг олж хараагүйд, цаасан мөнгийг материаллаг баялаг гэж үзсэнд оршино. ДНБ нь төсвийн алдагдал, мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгийг өсгөнө гэх Кейнсийн эдийн засгийн онолыг зөвтгөхөд зориулагдсан хэмжүүр гэдгийг ойлгох нь эдийн засагчдын энэхүү бичвэрээс авах сургамж. Мөнгө хэвлэ, инфляциа "зөв" гарга, тэгж чадвал эдийн засгийн өсөлт цаасан дээр бий болно.

ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА ХҮИ

Үнийн тогтвортой байдлыг хангах нь засгийн газар, төв банкны гол зорилтуудын нэг. Төв банк инфляци, дефляцитай тэмцэн үнийн тогтвортой байдлыг хангах нь зах зээлийн механизмын үр өгөөжийг сайжруулан эдийн засгийг өсгөдөг гэнэ. Гэвч үнийн тогтвортой байдал бол өсөж буй эдийн засгийн хувьд хүсэхээр эд биш. Өөрийн байр суурийг тайлбарлахдаа эхний ээлжинд инфляциас эхэлье.

Төв банкны номер нэг дайсан инфляци буюу үнийн ерөнхий өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт нь хоёр замаар үүснэ. Мөнгөний нийлүүлэлт тогтвортой байхад эдийн засаг дахь бараа, үйлчилгээ багасах нь үнийн ерөнхий өсөлт гарч ирэх эхний шалтгаан. Эдийн засаг дахь нийт бараа, үйлчилгээ өөрчлөгдөөгүй үед мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь хоёр дахь шалтгаан. Өөрөөр хэлбэл, илүү их мөнгө тоо нь өөрчлөгдөөгүй бараатай харьцана гэсэн үг. Эндээс нэг асуулт урган гарна. Тусгаар улсад хэн мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх эрхтэй вэ? Хариулт нь төв банк. Ингэхээр мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж инфляцийг бий болгодог цорын ганц хүчин зүйл бол инфляцитай тэмцдэг гэх төв банк өөрөө юм. Францын Нэгдүгээр Бүгд Найрамдах Улс, 1920-иод оны Австри, Ваймарын Герман, ШЭБ-ийн өмнөх ЗХУ, 20-р зууны дунд үеэс хойших Латин Америкийн орнууд, 1990 оны дараах пост-коммунист орнууд, Венесуэлд тохиосон бүх гиперинфляци төв банкнаас л эхтэй.

Олон улсын мөнгөний алтан стандартыг үгүй хийсэн өнөө цагт инфляцитай тэмцье гэвэл төв банк мөнгө хэвлэхээ зогсоох ёстой.

Төв банк түүнчлэн дефляцитай дайн зарлана. Үнэ нийтээр унах төлөв ажиглагдвал хэрэглэгчид дараа нь үнэ нь бүр илүү унасан үед нь барааг авах гээд худалдан авалтаа хойшлуулдаг агаад энэ нь компаниудын орлогыг бууруулж, дампууралд хүргэж, халагдсан ажилчид нь мөнгөгүйн улмаас өмнө худалдаж авч байсан зүйлсээ авч чадахгүй болж, цаашилсаар өөр бусад компаниудад нөлөөлж эдийн засгийг унагана гэж үздэг нь дефляцийн эсрэг аргумент. Энэ бол "circular flow" модель дээр суурилсан "deflationphobia" (дефляциас айх айдас) гэх ойлголт. Эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй дефляцийг зарагдахгүй байгаагаасаа шалтгаалж үнэ нь унаж буй бараануудын үнийн уналттай андуурдаг кейнсчдийн тус онолын дагуу хүн үхэн үхтлээ юу ч хэрэглэхгүй байсаар дуусна. Хэрэглэгчид ирээдүйд үнэ унана гэсэн хүлээлтээс болоод бүх худалдан авалтаа зогсоодоггүй. Хүмүүс зөвхөн ирээдүйд ч бус, мөн одоо цагт амьдарна. Хүмүүс хүнс, автомашин, цахилгаан бараа зэргийг авч байна гэдэг тэдэнд амьдарч, хөдөлмөрлөхөд нь яг одоо шаардлагатай байгаа учраас л тэр юм. Хэрэглэхгүй аваас үйлдвэрлэсний хэрэг үгүй. Хэрэглэхийн тулд үйлдвэрлэдгийг "deflationphobia"-д автсан эдийн засагчид мартана. Төв банкууд үнийн тогтвортой байдлыг хангана гэж хэлэхдээ 0%-ийн биш, 2%-ийн инфляцийн түвшинг барьдаг үндэслэл нь энэ. Дефляцитай тэмцэнэ гэдэг нь төв банкны бас нэгэн мөнгө хэвлэх шалтаг.

Герман улс евро руу шилжих хүртэл Людвиг Эрхардын анхлан нэвтрүүлсэн дойчмаркийг хамгийн хатуу валют хэмээдэг байв. Хэд хэдэн удаагийн гиперинфляцид өртөж байсан германчууд Өрнийн бусад орнуудаас харьцангуй бага хэмжээгээр мөнгөний нийлүүлэлтээ өсгөдөг байсан нь үүний шалтгаан.

Мөнгө хэвлэхгүй байснаар эдийн засаг доройтохгүй. Аливаа улс чөлөөт эдийн засгийн бодлого явуулбал эдийн засаг дахь бараа, үйлчилгээний тоо нэмэгдэнэ. Хэрэв мөнгөний нийлүүлэлтээ өсгөхгүй бол мөнгөний худалдан авах чадвар сайжирна.

Энэ нь түүхий эд, үйлдвэрлэлийн хэрэгсэл, эцсийн бүтээгдэхүүний үнэ хямдарна гэсэн үг. Үнэ өндөр байж л бизнес ашиг олно гэдэг бол буруу ойлголт. Бизнесменд ашиг олоход нь шаардлагатай зүйл бол зардал нь хүлээгдэж буй орлогоос нь бага байх явдал. "1970 онд компьютер 4.7 сая америк долларын үнэтэй байв. Харин одоо тэрхүү компьютерээс 20 дахин илүү хүчин чадалтайг 1000-аас бага доллараар худалдан авах боломж бүрджээ. Технологийн салбарт гарсан томоохон хэмжээний үнийн дефляци уг салбарыг дордуулаагүй, харин ч улам их орлого олох, бүтээмж, гарцаа нэмэгдүүлэхэд нь тусалсан юм. 1980 онд компаниуд нийтдээ 490 мянган ширхэг компьютерыг далайгаар тээвэрлүүлсэн бол, 1999 онд үнэ нь 90%-иар буурсан ч тоо нь 43 саяыг давав." гэж эдийн засагч Жо Салерно 2002 онд бичиж байв. Энэ салбар дахь дефляци одоо ч үргэлжилсээр. Өсөж буй эдийн засгийн шинж нь үнийн тогтвортой байдал бус, үнийн ерөнхий бууралт болох дефляци юм. Дэлхийн түүхэнд эдийн засгийн хамгийн хурдацтай өсөлтийг бий болгосон 19-р зууны АНУ-ын үеийг дефляцийн эрин гэж эдийн засагч, статистикч Роберт Хиггс нэрлэнэ.

Үнийн ерөнхий түвшин өөрчлөгдсөн эсэхийг хэмждэг хэд хэдэн индекс бий ч өргөнөөр ашиглагддаг нь хэрэглээний үнийн индекс (ХҮИ). ХҮИ нь хэрэглээний сагсанд орсон бүтээгдэхүүнүүдийн жигнэсэн дундаж үнийг гаргадаг хэмжүүр. Амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харуулдаг ХҮИ-ийн асуудал нь үнийн өөрчлөлтийг хэмжихдээ тухайн бараа юу вэ гэдгээс хамаарч жигнэж тооцдогт оршино. Өрхийн хэрэгцээнд юу хамгаас их жин дарж байгаагаас хамаарч жинг тааруулдаг гэх ч энэ нь өөр зорилгоор ашиглагдах боломжтой. Инфляцийг нам харагдуулах даалгавар авбал статистикчид үнэ нь унаж буй барааны жинг ихэсгэж, үнэ нь өсөж буй барааны жинг бууруулдаг.

Эдийн засагч Александр Картрайт ДНБ-ийг шүүмжилсэн нийтлэлдээ Их Британийн Сангийн яамны зөвлөх асан Дайан Койлын "ДНБ: Товч түүх" номноос эш татжээ. Койл дараахыг номдоо бичсэн аж. "2010 оны 11-р сарын 5-аас 6-ны хооронд Гана улс ДНБ-ээ ганцхан шөнийн дотор 60%-иар нэмэгдүүлж, албан ёсоор бага-дунд орлоготой ангилалд шилжив. Үнийн индексийг тооцоход ашигладаг үнийн жингээ Ганын статистикийн газар 1993 оноос хойш анх удаа шинэчилсний улмаас бодит байдал өөрчлөгдөөгүй ч бодит ДНБ өөрчлөгдөв. Яг адил тохируулгын дараа Нигери 2014 онд нэг өдрийн дотор ДНБ-ээ 89%-иар, Кени 25%-иар өсгөлөө."

Мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүл, инфляцийг албаар нам гарга, ингэснээр бодит ДНБ нэмэгдэж, эдийн засгийн өсөлт цаасан дээр бий болно гэдэг хичээлийг гуравдагч ертөнцийн орнууд туршихдаа хэтрүүлсэн нь энэ юмсанж. Эдийн засагч Аласдар Маклеод Их Британийн ерөнхий сайд асан Гордон Брауныг 1997-2007 оны хооронд Сангийн яамны сайд байхдаа төсвийн алдагдал тавьж эдийн засгийн өсөлтийг статистикаар бий болгосон гэж ижил шалтгаанаар буруутгаж байлаа.

Үнийг жигнэж тооцохоо больчихвол асуудал үгүй болчих юм байна гэж хүмүүс бодож болно. Үгүй. Дундаж үнийн түвшинг хэрэглээний сагсанд орох бүтээгдэхүүнүүдээр хэмждэг нь маш том төөрөгдөлд хөтөлнө. Хэрэглээний сагсанд сонгогдсон бараануудын үнэ зах зээлийн жамаар буурах үед мөнгөний нийлүүлэлт өсвөл тэдгээрийн үнэ өөрчлөгдөхгүй. Хэрэв мөнгө хэвлээгүй байсан бол дефляци болох байсан гэсэн үг. Үнэ хэвийн байгаа учир ямар ч хөөс бий болоогүй гэж үзсэний улмаас "Манай цаг үед эдийн засгийн уналт дахин тохиохгүй." гэж 1926 онд, "Хөрөнгийн зах зээл тогтвортой байна." гэж 1928 онд хэлж байсан Кейнс хөрөнгийнхөө дөрөвний гурвыг 1929 оны Волл Стрийтийн уналтаар алдсан шалтгаануудын нэг нь дундаж үнийг тогтоох статистик хэмжүүр мөнөөс мөн.

БҮРЭН АЖИЛ ЭРХЛЭЛТ БА АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН

Ажилгүйдэл бага, ажил эрхлэлт өндөр байх нь эдийн засгийн өсөлтийн үндэс гэх ойлголт нийтийн дунд хүчтэй тархсан байдгаас улс төрчид өөрсдийн санал болгож буй төрийн төсөл, хөтөлбөрийг төдий тооны ажлын байр бий болгоно гэж сурталчилдаг. Ажлын байрны тоо өндөр байх тусам төдий чинээ дэмжлэг хүртэнэ. Бүрэн ажил эрхлэлт хүмүүсийн таалалд нийцдэг нь ажил эрхлэлт бол арга болохоос зорилго биш юм гэдгийг ухаараагүйгээс, ажилгүйдлийг үгүй хийчихэд л эдийн засаг өснө гэж боддогоос нь улбаатай. Энэхүү ойлголтын бурууг явган шогоор харуулъя.

Милтон Фридман

Эдийн засагч Милтон Фридман Азийн нэгэн орноор 1960-аад оны үед зочлох үедээ суваг ухаж буй явцтай танилцжээ. Ажилчид хүрзээр газар ухаж байхыг харсан тэрээр тухайн ажлыг дааж авсан бюрократаас яагаад орчин үеийн трактор, бульдозер хэрэглэхгүй байгааг нь асуусан аж. "Та ойлгохгүй байна. Энэ бол ажлын байр бий болгох хөтөлбөр." гэсэн хариулт сонссон Фридман "Би та нарыг суваг барих гэж байгаа юм байх л гэж бодсон юм. Хэрэв ажлын байрыг нэмэгдүүлэх байсан юм бол үүнийгээ хүрзээр биш, халбагаар ухаач." гэж хэлсэн гэдэг.

Төмөр зам барих хэрэггүй, автомашинаар нүүрсийг тээвэрлэх нь зардал өндөртэй ч илүү олон хүн ажлын байртай болно гэдэг нь дээрх онигооны монгол хувилбар. Хэрэв төмөр замтай байсан бол зардал багасаж, ашиг ихэснэ. Зардал, ашиг гэдэг зүгээр нэг тоо биш. Тэдгээр мөнгөн дүнгийн ард материаллаг нөөц баялаг, ажиллах хүч бий. Зардал багасах нь илүү бага нөөцөөр ижил зүйлийг бүтээхийн нэр. Тэрхүү илүү гарсан нөөцүүд үйлдвэрлэлийн бусад салбарт ашиглагддаг. Төмөр замын ачаар ашгаа ихэсгэсэн уурхайн компани мөнгөө нэг бол өөртөө хөрөнгө оруулахад зарцуулна, үгүй бол хадгална. Өөртөө хөрөнгө оруулснаар бүтээгдэхүүнийхээ өртгийг улам багасгаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ, хадгалах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө. Аль аль нь зөвхөн хэрэглэгчдэд төдийгүй эдийн засгийн бусад секторуудад ч тустай бөгөөд дараагийн шинэ бизнесүүд үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тээврийн жолооч нар ажилгүй болно гэж эсрэг талынхан хэлэх байх. Жолооч нар байнгын ажилгүйдэлд ороогүй, ажиллаж буй салбарынх нь үйлдвэрлэл нэмэгдсэн болохоор тэд өөр ажил руу шилжих боломжтой болж буй юм. Өөр салбар луу шилжиж ажиллах тэдний нэрлэсэн цалингийн хэмжээ буурах ч эдийн засаг дахь нийт үйлдвэрлэл нэмэгдэх учраас бодит цалин нь өснө.

Хүчтэй эдийн засгийн амжилтынх нь үндэс нь бүтээмж багатай бүрэн ажил эрхлэлт биш, харин бага материаллаг нөөц, ажиллах хүчээр ихийг үйлдвэрлэх чадвар. Ажлын байрыг хүчээр нэмэгдүүлэх оролдлого нь үйлдвэрлэлийн бусад салбарыг бий болгох нөөц, ажиллах хүчийг тарамдана. Хөдөлмөр, ажил эрхлэлт гэдэг зорилго бус, арга. Технологиос болж хүмүүс халагддаг, ажилгүйдэл нэмэгддэг гэж боддог хүмүүс тус үзэгдлийг шинээр ажлын байр бүтээж байна хэмээн өөрөөр харах нь зүйтэй. Аливаа салбар дахь үйлдвэрлэлийн хэрэгсэл, технологийн тусламжтайгаар бий болсон гарцын өсөлт нь өөр бусад салбарт материаллаг нөөц, ажиллах хүчийг суллаж өгдөг. 18-р зууны төгсгөл үед Францын хөдөө аж ахуйн секторт хүн амынх нь 75% ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 7% нь л ажиллаж байна. Хүн төрөлхтний эдийн засгийн хөгжлийн түүх бол бага эсвэл ижил хөдөлмөрөөр илүү их үйлдвэрлэж ирсний үр дүн билээ.

Үйлдвэрлэлийн бүтээмжийг үл хайхарсан бүрэн ажил эрхлэлтийг няцаасан аргументыг маань эдийн засгийн кейнсийн урсгал үгүйсгэдэг. Бүрэн ажил эрхлэлт буюу хөдөлмөрийн насны хүн бүр ажилтай байх үеийг тэд дэмжинэ, онолынхоо идеалаа болгоно. Эдийн засаг бүрэн хүчээрээ ажиллаж, үйлдвэрлэл хамгийн дээд түвшиндээ хүрч, мөнгө хамгийн хурдан эргэнэ гэж үздэгээс тэр юм. Бүрэн ажил эрхлэлтийн үед хүн бүр ажилтай, орлоготой. Тэдний "circular flow" моделийн дагуу ажилтай хүний тоо олшрох тусам эдийн засаг дахь нийт зарцуулалт нэмэгдэнэ, хүмүүс мөнгөө зарцуулж өөр нэгнийг ажилтай болгоно, тойрог үргэлжилнэ.

"Circular flow"-ийн эдийн засгийн модельд баригдсан Кейнс "Хэрэв Сангийн яам хуучин лонхнуудад мөнгөн тэмдэгт хийгээд, ашиглагдахаа больсон нүүрсний уурхайн гүнд булаад, сайтар туршигдсан чөлөөт зах зээлийн зарчимд үндэслэн хувийн хэвшилд үүнийг ухаад ав гээд орхивол ажилгүйдэл үгүй болох ба үүний үр дүнд нийгмийн нийт орлого, баялаг одоо байгаагаасаа илүү өснө. Мэдээжийн хэрэг байшин барих нь илүү ухаалаг хэрэг байх болно. Гэхдээ ямар нэгэн улс төрийн болон хэрэгжүүлэлттэй холбоотой практик асуудал үүсвэл нүх ухсан нь юу ч хийгээгүйгээс дээр." гэж "Ерөнхий онол" номондоо бичиж байв. Энэ бол сүйрэл рүү аваачих зам. Кейнсийн онолын дагуу хийгдэх сангийн хийгээд мөнгөний бодлого нь ажил эрхлэлтийг түр хугацаанд нэмэгдүүлж болох ч ийм цаасан мөнгөөр санхүүжигдсэн ажил эрхлэлт тогтвортой бус. Мөнгөний нийлүүлэлтээс үүдсэн төслүүд эдийн засгийн ашигтай салбаруудтай хомс нөөц, баялгийн төлөө өрсөлдөнө. Сангийн бодлого дараа нь эдийн засгийн хувьд ашиггүй төрийн өмчит байгууламжуудыг бүтээх бол, мөнгөний бодлого зардлаа нөхөж чадахгүйгээсээ шалтгаалж эцэст нь дампуурах бизнесийн төслүүдийг бий болгоно. Уг үзэгдлийг эдийн засгийн мөчлөг гэдэг. Энэ бол эдийн засаг дэх нөөцийг ямар ч үр дүнгүй хэрэглэж дуусгах, цаасан мөнгийг нэмэгдүүлж үнийн инфляцийг бий болгох бодлого. Кейнсийн бодлогыг тултал нь ашиглавал бараа, үйлчилгээ буурч, инфляци хэдэн арав, зуу, мянган хувиар өсөж, нийтийг хамарсан ажилгүйдэл тохионо.

Бүрэн ажил эрхлэлт хүсэх зүйл биш гэж бичсэнийг минь ажилгүйдлийг өмгөөлж байна гэж бодох хэрэггүй. Ажилгүйдэл үүсдэг хоёр шалтгаан бий. Хүн сайн дураараа ажилгүй байхыг сонгож болно. Эдийн засаг өссөн, бага хөдөлмөрөөр ихийг авах боломжтой нөхцөлд зарим хүмүүс амралтыг ажлаас илүүд үзэх агаад тэдний сонголтыг сайн дурын ажилгүйдэл гэнэ. Хоёр дахь шалтгаан нь хөдөлмөрийн зах зээл дэх төрийн оролцоо. Төр цалингийн түвшинг зах зээлийн түвшингээс өндөр тогтоосноор ажилгүйдлийг гааруулдаг. Ажилгүйдэл нийтийг хамрах эсэх нь төр цалингийн доод хэмжээг хэр зэрэг өндөр тогтоосноос хамаарна. 1929 онд тохиосон санхүүгийн уналт цааш гүнзгийрэн "Их хямрал"-даа тулсан нь Херберт Хувер хөдөлмөрийн зах зээлд хүчтэй оролцсоноос буюу цалинг хүчээр өсгөснөөс үүдэлтэй. Өндөр цалин эрэлтийг бий болгосноор эдийн засгийг өсгөдөг гэх дутуудал эрэлтийн онолыг дагасан Хуверийг ажлаа авсан 1929 онд ажилгүйдлийн түвшин 4.4% байсан бол, ажлаа өгсөн 1933 онд нь 23.6%-д хүрсэн байв. Ингээд дууссангүй түүний залгамжлагч Франклин Рузвельт цалингийн доод хэмжээний хуулиараа Пуэрто Риког сөнөөв. 1938 онд АНУ-ын Конгресс цалингийн доод хэмжээг цагийн 25 центээр баталсан нь тухайн үед цагийн цалин нь дунджаар 3-4 цент байсан Пуэрто Рикогийн эдийн засгийг бүхэлд нь унагааж, ажилгүйдлийг даамжруулсан байна. Хэдэн арван мянган хүн ажилгүй болж, амин чухал тамхиных нь салбар нь замхарчээ.

Улс оронд хэдэн хүн ажлын байртай байна гэдгийг хэмждэг хэмжүүр бол ажилгүйдлийн түвшин (unemployment rate). Үүнийг олохдоо нийт ажилгүйчүүдийн (unemployed) тоог ажиллах хүчнийхээ (labor force) тоонд хуваана. Ажилгүйдлийн түвшинг олох нь хэнд ч тун энгийн санагдах нь ойлгомжтой. Гэлээ ч ажиллах хүч болоод ажилгүй хүнийг тодорхойлдог тодорхойлолт нь бүгдийг төөрөгдүүлнэ. Статистикчид ажилгүй бөгөөд сүүлийн 4 долоо хоногийн турш ажил хайж буй нэгнийг ажилгүй (unemployed) хэмээн бүртгэх ба ажилгүй ч ажил хайхгүй байгаа иргэнийг (discouraged worker) ажиллах хүчнээс гаргадаг. Ажилгүйдлийг хэмжихдээ ажиллах хүчнээс "discouraged worker"-ийг хасаж тооцдог нь энэхүү гажуудлын үндэс. Ажилгүй хүмүүс ажил хайхгүй бол ажилгүйдлийн түвшин багасаж харагдана. Нэгэн жишээгээр доор тайлбарлая.

Хүн бүр нь 15-аас дээш насны 100 оршин суугчтай тосгонд 80 нь ажил хийдэг (employed), 10 нь ажилгүй ч ажил хайдаг (unemployed), 10 нь ажилгүй хэрнээ ажил хайдаггүй (discouraged worker) гэж бодоход статистик дээр ажилгүйдлийн түвшин 11.1%-тай гарна. Ажил эрхэлж буй хүмүүсийн тоо 80-аас 50 руу, ажилгүй ч ажил хайдаг нь 10-аас 5 хүрч буурвал ажилгүйдлийн түвшин 9.1% болно. Ингэснээр тосгон дахь нийт ажилтай иргэдийн тоо 37.5%-иар багасахад ажилгүйдлийн түвшин 2%-иар буурч байна.

Өөрөөр хэлбэл, ажил эрхлэлт багасах тусам ажил эрхлэлт өсөх парадоксыг ажилгүйдлийн түвшинг тогтоох хэмжүүр бий болгодог. Тосгоны 50% нь ажилгүй ч цаасан дээр ажилгүйдлийн түвшин 9.1%. Нуугдмал ажилгүйдэл (hidden unemployment) гэгддэг энэ үзэгдэл нь статистикаар яаж ч тоглож болно гэдгийн нэг жишээ.

TӨГСГӨЛ

Эдийн засгийг төр өсгөнө, үнийг төр тогтворжуулна, ажилгүйдлийг төр үгүй хийнэ гэдэг нь бүхэлдээ алдаа. Кейнсийн эдийн засгийн онолд суурилсан эдгээр зорилтуудыг хэмжих хэмжүүрүүд нь ч төрөлхийн согогтой бa нэгхэн эдийн засгийн урсгалд зориулагдан бүтээгдсэн. Германы эдийн засгийн гайхамшгийн эцэг хэмээгдэх Людвиг Эрхард 1948 онд бүх үнийн хяналтыг үгүй хийхэд өөрийг нь Баруун Германы Эдийн засгийн сайдаар томилсон АНУ, Англи, Францын эрх мэдэлтнүүд түүнийг эсэргүүцэн албан тушаалаас нь зайлуулахаар санаархав. Кейнсийн онолд дагадаг эдийн засгийн зөвлөхүүд нь тэднийг ятгасан аж. Гэсэн ч Эрхард албандаа үлдэн, дайнд нэрвэгдсэн Германыг тун богино хугацаанд хүчирхэг эдийн засагтай болгов. "Өөрийн ихэнх цаг хугацаагаа Хонгконгийн эдийн засагт оролцох гэсэн Британийн улс төрийн нойтон хамуунуудтай зууралдаж өнгөрөөсөн." гэж хэлэх Сэр Жон Каупертуэйтээс эдийн засагч Мариан Тупы "Өөрийн хамгийн их бахархаж явдаг ганц реформоо нэрлээч?" гэж асуухад тэрбээр "Бүхий л статистик мэдээллийг эдийн засагт ашиглах явдлыг халсан минь." гэж хариулж байжээ.

Нийтлэлийг бичсэн: "Мизес Монгол" ТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж