“Global Gender Gap Report 2020” тайланд дурдсанаар дэлхий даяар 100 жилийн дараа эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй амьдрах боломжтой болно гэж дүгнэжээ. Мөн Дэлхийн банкнаас саяхан нийтэлсэн “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль” тайланд дурдсанаар сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад эдийн засаг, бизнес дэх хүйсийн тэгш байдал харьцангуй сайжирч байсан ч сүүлийн нэг жил гаруй хугацаанд цар тахлаас үүдэн энэ байдал эргээд уруудаж байгаа тооцоо гарсныг анхааруулжээ.
Цар тахлын үеэр ажилгүйдэл дэлхий нийтээрээ огцом нэмэгдэж байгаа ба үүнд хамгийн эмэгтэйчүүд хамгийн их өртөж байгаа аж. Түүнчлэн ямар ч төлбөргүй, үнэлэмжгүй гэр орны ажил, хүүхэд асрах зэрэг ажлууд цар тахлын үед тэдний ачааллыг улам ихээр нэмэгдүүлж байгааг онцолжээ. Цэцэрлэг сургуулиуд хаалгаа барьсанаас болж хүүхэд харах хүнгүй эмэгтэйчүүд олноороо ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болж байна.
Ийм байдал удаан үргэлжлэх тусам эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлээс бүр мөсөн гарах магадлал өсч, энэ нь сүүлийн жилүүдэд ахицтай байсан жендерийн тэгш байдлыг ухраагаад зогсохгүй эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн банкны тайланд онцолсон байна.
Дэлхийн банкны 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн 200 орчим улс орноос ердөө 10 улсад л эмэгтэйчүүд эрхээ бүрэн эдэлдэг буюу хүйсийн тэгш байдал бүрэн хангагдсан байна гэж дүгнэжээ. Бельги, Франц, Дани, Латви, Люксембург, Швед, Канад, Исланд, Португали, Ирланд зэрэг улсууд хуулиараа эр, эм хүмүүсийн эрхийг тэгш хангаж байна гэж үзсэн байна.
Энэхүү тайланг гаргахдаа улс орнуудыг 0-100 оноогоор дүгнэсэн бөгөөд дэлхийн 194 улсаас 94 нь 80-аас дээш оноо авчээ. Өнгөрсөн онд буюу 2020 онд 87 улс 80-аас дээш оноо авч байв. 2019 онд хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр сүүл мушгиж байсан Саудын Араб улс энэ жил 80 оноотойгоор 194 улсаас 91-т жагсчээ. Ийнхүү огцом дээшилсэн нь сүүлийн хоёр жилд тус улсын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр бие даан аялах боломжтой болсон, ресторанд эр эмээрээ ялгарч суух шаардлагагүй болсон, машин жолоодох эрхтэй болсон, цэргийн алба хаах эрхтэй болсон зэрэг эмэгтэйчүүд хүний суурь эрх чөлөөг эдлэх боломжтой болсонтой холбоотой гэнэ.
Харин энэ жил жагсаалтын сүүлчийн байранд Йемен (26.9 хувь), Кувейт (28.8 хувь), Судан (29.4 хувь) улсууд жагссан байна. АНУ-ын хувьд 91,3 оноо авч Перу, Албани улсуудын дараа жагсчээ. Тус улсын хувьд цалин, тэтгэвэр тэтгэмжийн тэгш бус байдлыг хангасан хууль тогтоомж хомс байдал болон эцэг, эх болсны цалинтай чөлөөг тойрсон хуулийн зохицуулалт тааруу байдал нь хойш татсан гэж дүгнэжээ. Мөн Япон, Өмнөд Солонгос улсууд 82, 85 оноо авсан нь цалингийн тэгш бус байдал, бизнесийн салбар дахь хүйсийн тэгш бус байдал их байгааг илтгэж байна. Япон улсын хувьд ажилд авахдаа хүйсээр нь ялгаварлах, ажлын байран дээр хүйсээр ялгаварлан гадуурхах, бэлгийн хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр 100 онооноос ердөө 50 оноо авчээ.
Эх сурвалж: WEFORUM, WORLD BANK
Холбоотой мэдээ