"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

"Ломбардын хүү сарын 3 хувь болсноор хаалгаа барина"

Хотын гудамж бүрт хэд хэдээрээ шахцалдаж, жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгчээр тасардаггүй газар бол барьцаалан зээлдэх төв буюу ломбард.

Хагас сарын хүү нь бараг 6-8 хувь, хүүг дураараа тогтоож, татвараа шударгаар төлдөггүй, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зөрүү мөнгийг буцаан олгохгүй байна зэргээр ломбардуудтай холбоотой олон асуудал хөндөгддөг.

Гэсэн ч жирийн иргэдийн амьдрал ломбардад уяатай байдаг. Энэ асуудлыг цаг тахлын хүнд үед зохицуулах зорилгоор УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүг ирэх долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд сарын гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан юм. Уг хуулийг хэлэлцэж байх үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид "Тус хууль батлагдсан нөхцөлд хаалгаа барихаас өөр сонголтгүй болно" гэж мэдэгдсэн. Иймээс ломбардууд үйл ажиллагаа эрхэлж буй эсэхийг сурвалжиллаа.

Албан бус мэдээллээр Улаанбаатарт 1000 орчим ломбард үйл ажиллагаа эрхэлдэг. Барьцаалан зээлдүүлэх газрын эвсэл холбооноос өгч буй мэдээллээр одоогоор эдгээр ломбардын 30 хувь нь хаалгаа барьсан бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Мөн тус холбооны гишүүний хэлж буйгаар “Цар тахлын үед мөрдөх түр журам, хуулийн дагуу энэ сарын 11-нээс эхлэн барьцаалан зээлдэх төвийн сарын хүү гурав, алданги 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх хууль хэрэгжиж эхэлнэ.

Энэ нь барьцаалан зээлдүүлэх төвүүд дампуурч, далд эдийн засагт, өдрийн зээл олгох хэлбэрт шилжихэд хүргэж байна” гэв. Мөн зах зээлийн шаардлагаар өдөр ирэх бүр үнэ нь унаж байдаг тул барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх ямар ч боломжгүй, сард 600 мянгаас 1.8 сая төгрөгийн түрээс төлдөг тул урсгал зардлаа нөхөж чадахгүй гэх байр суурьтай байгаа юм.

ЯДАЖ ГАР УТАС, НӨҮТБҮҮКИЙН ХҮҮГ ХЭВЭЭР БАЙЛГАМААР БАЙНА

Жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөнөөр тасардаггүй Монгол Улсын Боловсролын их сургуулийн автобусны буудлын хойно байрлах “GF” барьцаалан зээлдэх төвийг зорилоо. Биднийг ороход тус ломбардад барьцаалан зээлдэгчээс өөр хүн байсангүй. Барьцаалан зээлдэгч Ж.Баяржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Үйл ажиллагаа нь эхэлснээс хойш өдөрт хичнээн хүнд үйлчилж байна вэ?

-Өдөрт манайх 1-2 хүнтэй, заримдаа огт үйлчлүүлэгчгүй байна. Урьд нь өдөрт хамгийн багадаа 10 хүнд үйлчилдэг байсан. Уг нь долдугаар сарыг хүртэл ажиллахгүй байя гэж бодсон ч түрээс нэхэгдээд байгаа тул ажиллахаас өөр сонголт алга. Манай түрээс сарын 1.3 сая. Карантины үед түрээсийг 50 хувь хөнгөлсөн. Энэ сараас түрээсийн төлбөрөө 100 хувь авна гэсэн. Тиймээс ядаж түрээсийн төлбөрөө олохоор сууж байна. Хамгийн гол нь манайх байрлал сайтай болохоор байрлалаа алдахгүйг хичээж байна

-Энэ сараас эхлэн ломбардын хүү сарын гурван хувь, алдангийг өдрийн 0.2 хувь, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх үүрэг хүлээж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд асуудал үүсэх үү?

-Уг хуулийг хэрэгжүүлэх талаарх бичиг манайд ирээгүй ч одоогоор алт, монетыг гурван хувиар авч байна. Харин нөүтбүүк, гар утсыг хуучин хүүгээр авч байна. Гар утас, нөүтбүүк нь эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Заримыг нь бүр ашиглах боломжгүй болчихдог. Эзнийг нь ирэхийг хүлээсээр байтал зах зээлийн үнэ нь унадаг. Миний бодлоор ядаж гар утас, нөүтбүүкийн хүү хэвээр байх хэрэгтэй байна. Харин монетыг гурван хувиар авч болно. Гэхдээ долдугаар сараас хойш түр журам үргэлжлэхээр болбол ломбардууд ажиллах ямар ч шаардлагагүй болно. Ихэнх ломбардууд хаалгаа барьж байна. Ломбардууд цеф, хаягаа зарна, ширээ зарна гэсэн зарыг маш их цацах болсон.

-Ирэх долдугаар сарыг хүртэл барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх боломжтой юу?

-Одоогоор борлуулсан зүйл алга. Барьцаа хөрөнгийг удаан хугацаанд байлгаснаар зах зээлийн үнэ нь улам унана. Тиймээс нөүтбүүк, гар утсыг урьдынх нь журмаар байлгамаар байгаа юм. Яаралтай мөнгөний хэрэг гараад тэвдэж явахад хамгийн их тус болдог газар бол ломбард. Гэтэл энэ хууль ломбардуудыг хаалга барихад хүргээд байна.

ЗЭЭЛИЙН ХҮҮ 0.1 ХУВИАР БУУРАХАД Л АЧАА ХӨНГӨРДӨГ

Тус хуультай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн М.Сайханбаяр.

-Ломбардын хүүг багасгах талаар хэдэн арван жил ярьж байна. Олон жил ярьсан ч шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадалггүй явсаар өдийг хүрлээ. Ямар нэгэн зээлийн хүү гурван хувиас хэтрэхээр л амьжиргаа алдагддаг. Хүү гурван хувиас 2.9 болж 0.1 хувиар буурахад л ачаа хөнгөрч байгаа нь мэдэгддэг. Тэвдэж явахад олон зүйл шаарддаггүй болохоор нь иргэдийн хамгийн их зээл авдаг газар нь яалтчгүй ломбард байдаг. Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна. Уг нь ломбард нь ч банк нь ч, банк бус нь ч нэг хүүтэй баймаар байгаа юм. Тэр тохиолдолд иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх гээд байна. Барьцаа хөрөнгийн тухайд гэрээ хийсэн л бол заргалдах хэрэггүй.

ЛОМБАРДЫН ТООГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Б.Баасандэмбэрэл

-Ломбард хэтэрхий олон байна. Тэр хэрээр олон хүн үйлчлүүлнэ гэсэн үг. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь оюутан залуус байдаг. Ажиглахад, оюутнууд гар утсаа барьцаалж, шоуддаг. Тэгэхээр тоог нь багасгаж, шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй гэж боддог. Харин хүүг нь багасгавал яг мөнгө яаралтай хэрэгтэй байгаа хүнд тустай.

УИХ-аас баталсан дээрх хуулийг эсэргүүцэж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 220 орчим ломбард холбоо байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Учир нь, уг хуулийг мөрдсөн нөхцөлд ломбард ажиллах боломжгүй болно гэж үзэж буй юм. Мөн уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч нартайгаа гэрээгээ шинэчлэх ёстой. Хэрвээ хуульд заасан эл зохицуулалтыг мөрдөлгүй, зээлдэгчийг хохироосон нөхцөлд иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, эрхээ хамгаалуулах юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж