Өмнөд Солонгосын шорт трекийн шилдэг тамирчдын нэг, 2018 оны өвлийн олимпийн аварга Лим Хё-Жүн Хятадын иргэншил авах болсон тухай тамирчны ойрын эх сурвалж мэдээлж байна. Тус эх сурвалжийн мэдээлж буйгаар бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон Лим Хё-Жүнд Хятадын тэшүүрийн холбооноос иргэншил санал болгожээ. Солонгосын хэвлэлд гарсан мэдээлэлд “Лим Хё-Жүн 2022 оны Бээжингийн өвлийн олимпд Хятад улсыг төлөөлж гулгах болно” гэв.
Лим Хё-Жүний хувьд бэлтгэлийн баазад байрлаж байх үеэрээ эмэгтэй тамирчдын өмнө багийнхаа эрэгтэй тамирчны өмдийг доош татсан нь бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн гэж буруутгагдах шалтгаан нь болсон. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тэшүүрийн холбооноос Лим Хё-Жүний эрхийг нэг жилээр хасч, хэргийг нь дээд шүүхэд шилжүүлсэн аж.
Дээд шүүхийн зүгээс түүнийг бүх насаар нь шигшээ багаас хөөх магадлалтай байгаа учир Лим Хё-Жүн Хятадын иргэншил авах байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Анхан шатны шүүхээс Лим Хё-Жүнийг гурван сая воноор торгох шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Гэвч энэхүү хэрэг одоогоор дээд шүүх дээр хянагдаж байна.
Солонгосын тэшүүрийн холбоо 2019 онд Лимийн гулгах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэж гарсны хойно нэг жилийн хориг нь идэвхжих гэнэ.
Өнгөрсөн Бямба гаригт Лимийн агент Брион компаниас мэдэгдэл гаргаж, 24 настай залуу тамирчны карьерийг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Тус компанийн мэдэгдэлд “Хууль ёсны шийдвэр гарахгүй удах тусам Лим Хё-Жүний өвлийн олимпоос хоёрдахь алтан медалиа хүртэх боломж нь багасч байна. Тэрбээр сүүлийн хоёр жил Солонгосын хаана ч бэлтгэл хийж чадсангүй. Тэр зүгээр л дахин гулгахыг хүсч байна” хэмээжээ.
Тус компанийн зүгээс ямар ч зүйл тодорхой болоогүй учир элдэв янзын шуум, цуурхал гаргаж үйлчлүүлэгчийнх нь нэр төрд халдахгүй байхыг хүсчээ.
Лим Хё-Жүн 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн шорт трекийн 1500 метрийн төрөлд алтан медаль, 500 метрийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж байв. Лимийг тухайн үед дасгалжуулж байсан Ким Сун-Тэ өдгөө Хятадын шорт трекийн үндэсний шигшээ багийг дасгалжуулж байна. Ким Сун-Тэгийн туслах дасгалжуулагчаар 2014 онд Оросын иргэншил авсан, олимпийн аварга Солонгос гаралтай Ан Хён Су ажиллаж байгаа ажээ.