“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр Covid-19 илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.
Гуравдугаар сарын 8-ны энэ өнөөдөр Бөхийн өргөө, "Улаанбаатар палас", Соёлын төв өргөө, "Шангрила молл", "Их наяд эвент холл", "Крокус эвент холл" гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Өдрийн 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, "Улаанбаатар палас"-аас мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Мөн "Крокус эвент холл"-д болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. "Их наяд эвент холл"-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.
Иймд иргэд та бүхэнд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ