21 аймгийн төлөөлөгчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

21 аймгийн төлөөлөгчид оролцоно

JCI(Junior Chamber International) Монгол байгууллагаас санаачлан “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганыг ирэх баасан гаригт/2016.04.15/ Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус байгууллагын зүгээс өнөөдөр энэхүү чуулган болохтой холбогдуулан Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралд JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Наранжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Дамдинцэрэн болон салбар байгууллагын төлөөлөл болсон Ерөнхийлөгч нар оролцлоо.

Энэ үеэр JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Наранжаргал хэлэхдээ “JCI олон улсын байгууллагын Монгол дахь салбар болох JCI Монгол байгуулага нь 1992 онд байгуулагдсан. Тус байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү хугацаанд идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй залуучуудын сайн дурын, ашгийн бус, төлөвшсөн байгууллага болоод байна. JCI Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах ажилд анхаарал хандуулах юм. Энэ жилийн онцлох ажлуудын нэг бол ирэх баасан гаригт Улаанбаатар хотноо “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус тус байгууллагын урилгаар энэхүү чуулганд оролцоно. Бүсээ хөгжүүлэх асуудалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, орон нутагт бизнес эрхэлж байгаа залуус бүс нутгийнхаа хөгжилд илүү идэвхтэй оролцоосой, мөн Улаанбаатар хот үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгч залуусын санаа бодлыг сонсож, туршлага аваасай гэдэг үүднээс чуулганыг зохион байгуулж байна. JCI байгууллага бол залуучуудад хувь хүн, сонирхол, гадаад харилцаа болон бизнесийн боломжийг олгодог. Өдгөө тус байгууллагад 13 салбар байгууллагын 18-40 насны 700 гаруй гишүүд хамрагдаж байна. Мөн ирэх онд Улаанбаатар хотноо Ази, номхон далайн орнуудын бүсийн чуулга, уулзалт болно. Бид өнгөрсөн хугацаанд 100 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг нийгэмдээ хандан хийлээ. Цаашид олон ажил хийх эхлэлүүд тавигдаж байна." гэсэн юм.

 

JCI Монгол байгууллагаас санаачлан “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганыг ирэх баасан гаригт/2016.04.15/ Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулганд 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус тус байгууллагын урилгаар залуусаа төлөөлөн оролцох юм. Энэхүү чуулганаар Бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалтууд явагдаж, чөлөөт уулзалт, ярилцлага болно. Тухайлбал, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч н.Батгэрэл “Сluster” сэдвээр илтгэл тавих бөгөөд “Дэйл Карнеги” төвөөс Манлайллын чиглэлээр ярилцлагыг тус тус хийх юм. Мөн тус чуулганд бизнес, урлаг, соёлын томоохон төлөөллүүд уригдан оролцох аж.

“Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганы оролцогчид тухайн аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж, давуу сул тал болон бүс нутгийн ялгарал, кластераар хөгжих боломжуудыг эрэлхийлэх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж