NBA All Star: Кобигийн нэрэмжит шагналыг Антетокоунмпо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

NBA All Star: Кобигийн нэрэмжит шагналыг Антетокоунмпо хүртлээ

NBA All Star: Кобигийн нэрэмжит шагналыг Антетокоунмпо хүртлээ

NBA-ийн 2020-2021 оны улирлын “Бүх оддын тоглолт” өнөөдөр (2021.03.08) Атланта хотод зохион байгуулагдлаа.


“Taco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээн

70 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” уламжлал ёсоор “Тaco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээнээр эхэлсэн. Индиана Пэйсерсийн төвийн тоглогч Домантас Сабонис эхний шатандаа Жулиус Рэндлийг ялж, хоёрдугаар шатандаа Лука Дончичтэй учраа таарсан. Хоёр Европ залуусын тулаанд Домантас Сабонис илүүрхэж, шигшээ шатанд шалгарсан.

Эсрэг талаас мөн л Европ төвийн тоглогч Орландо Мэжикийн Никола Вучевич эхний шатандаа Роберт Ковингтоныг, хоёрдугаар шатандаа Крис Полыг тус тус ялж, шигшээд шалгарав. Ийнхүү өнөө цагийн Европын хоёр шилдэг төвийн тулаанд Литви гаралтай Домантас Сабонис ялж, 2021 оны “Тaco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээний ялагчаар тодров.

“Mountain  Dew”-ийн нэрэмжит гурван онооны шидэлтийн тэмцээн

Энэ өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээ нь гурван онооны шидэлтийн тэмцээн байлаа. Шилдэг зургаан шидэгчээс шигшээ шатанд Жэйсон Тэтум, Стефен Көрри, Майк Конли нар шалгарав. 

Майк Конли Дэвин Бүүкерийг орлож, “Бүх оддын тоглолт” болон гурван онооны шидэлтийн тэмцээнд оролцсон.

Шигшээ шатны салхийг Жэйсон Тэтум хагалж, нийтдээ 17 оноо цуглуулав. Үүний дараагаар Майк Конли шидэж, нийтдээ 27 оноо авч, өндөр босго тогтоосон. Гэвч Стефен Көрри хамгийн сүүлийн шидэлтээрээ 28 дахь оноогоо авч, хоёрдахь удаагаа гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар тодров.

“AT&T”-ийн нэрэмжит цагираг дээрээс довтлох тэмцээн

Цагираг дээрээс довтлох тэмцээнд эрс шинэчлэлт хийх хэрэгтэй болсон нь харагдав. Гурван залуу тоглогч өрсөлдсөнөөс өдгөө 21 настай Портланд Трэйл Блэйзерс багийн тоглогч Анферни Симонс түрүүлсэн.

70 дахь удаагийн "Бүх оддын тоглолт"

Кевин Дюрантын баг тоглолт эхлэхээс өмнө л үлэмж хохирол амссан. Багийн ахлагч Кевин Дюрант болон гарааны тоглогч Жоел Эмбийд нар тоглох боломжгүй болсон. Ийнхүү Эмбийдийг орлож, Зайон Уиллиамсон гараанд гарав.

Филадельфиа 76ers багийн Жоел Эмбийд, Бен Симонс нарын үйлчүүлсэн үсчнээс Covid-19 илэрсэн тул лигийн журмын дагуу Эмбийд, Симонс нар “Бүх оддын тоглолт”-д оролцоогүй.

Тоглолтын эхнээс л Леброны баг илүүрхсэн. Ялангуяа Яннис Антетокоунмпо, Стефен Көрри, Дамиан Лиллард нар ээлжит дараалсан оноонуудыг авч байлаа. Тоглолтын өмнө Яннис Антетокоунмпо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ тоглолт аль хэдийнэ дууссан” хэмээн ярьж байв. Түүний хэлсэнлчэн Леброн ч бараг тоглосонгүй, баг нь өрсөлдөгчөө ядах юмгүй буулган авлаа.

Коби Брайантын нэрэмжит “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Яннис Антетокоунмпо 19 минутад 35 оноо авсан үзүүлэлтээрээ тодорлоо.

“Бүх оддын тоглолт”-ын хажуугаар хандивын аян өрнөдөг бөгөөд Леброны баг өрсөлдөгчөө буулган авснаар 1.25 сая ам.долларыг "Thurgood Marshall College Fund" хэмээх өнгөт арьст оюутнуудад туслалцаа үзүүлдэг санд хандивлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж