Ахиад хөл хоривол аж ахуйн нэгжүүд тэсэхгүй шүү!

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

Ахиад хөл хоривол аж ахуйн нэгжүүд тэсэхгүй шүү!

Ахиад хөл хоривол аж ахуйн нэгжүүд тэсэхгүй шүү!

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр гуравдугаар сарын 7-нд 13269 хүнд шинжилгээ хийснээс 108 хүн халдвартай нь батлагджээ. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дунд УДЭТ-ын 54 ажилтан байгаа нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулав. Зарим нэг нь хөл хорио сулруулж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг нээсэнд УОК-ыг буруутгаж байгаа харагдсан.

Гэвч дахин хөл хоривол эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалж дийлэхгүй. Бүтэн жил гаруй хөл хорионд орсон олон компани өнөөдөр хаалга үүдээ барьж, ажилгүй иргэдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэх эрсдэл хүлээж байгаа. Тиймээс эдийн засгаа нээж, Сovid-19-тэй дасан зохицох, өөрөө өөрсдийгөө хамгаалахаас өөр гарц байхгүй гэсэн үг. Цаашдаа ч хүн төрөлхтөн Сovid-19-тэй дасан зохицож амьдарна.

Тиймээс хэрэвзээ одоо буцаагаад хөл хорио тогтоочихвол эдийн засаг улам хүндэрч, улс орон бүхэлдээ дампуурал зарлах эрсдэлтэй.

Учир нь өчигдөр шөнө Нийслэлийн онцгой комиссоос зарим үйлчилгээний газруудыг буцаагаад хаах тухай мэдээлэл хийсэн. Мэдээж хааж боох, хорьж, цагдах шиг амархан шийдэл үгүй. Гэвч үүний цаана олон хүний ажлын байр, орлого, амьдрал яригдаж байгаа.

Үзвэр, үйлчилгээний газруудад ч олон мянган хүн ажилладаг. Хэрэвзээ ахиад хөл хоривол хэчнээн хүн ажилгүй болохыг тооцож үзсэн үү. Театрын ажилчдаас халдвар гарлаа гээд бусад үзвэр, үйлчилгээний газруудыг хаах нь утгагүй шийдвэр.

Аливаа шийдвэрийг сошиал дахь реакциас илүү эдийн засгийн тооцоо судалгаатай гаргахгүй бол олон байгууллага бүрмөсөн хаалгаа барьж, олон хүн ядуурлын эгнээ рүү шилжинэ. Өнгөрсөн жилийг бодоход Монголд бас чиг найдвар байгаа нь вакцин. Иймээс вакцинд хамрагдах хүртлээ маскаа зүүгээд, ажил, амьдралаа хөөцгөөе. Засгийн газар, УОК-ыг буруутгаж суухаас илүү хүн бүр өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.

Хөл хорио тогтоох нь халдварыг хумих хамгийн шилдэг арга биш. Хэрэвзээ мөн байсан бол дэлхийн улс орнууд энэ аргыг аль хэдийнэ хэрэглээд covid-19-ийн тархалтыг бүрмөсөн хумьчих байсан биз. Даанч тийм боломжгүй учраас эдийн засгаараа туг тахихгүйн тулд иргэд Сovid-19-тэй дасан зохицоход хүрч байна.

Цар тахлаас болж Монгол Улсын төсвийн алдагдал 4.5 их наядаар тасарсан. 67 мянган ажлын байр дампуурсан. Монгол Улсад 800 мянган хүн хөдөлмөр эрхэлдэг (малчдыг хасаад) гэвэл 200 мянган хүн ганцхан жилийн дотор ажлын байраа алджээ. Энэ маягаар хөл хориотой үлдвэл 400 мянган хүн ажил орлогогүй болно. Эндээс харахад Монгол Улсын өмнө Covid-19-ийн аюулаас илүү эдийн засгийн аюул нүүрлэж байна. Хөл хорихоос илүү вакцинжуулалтаа яаравчилж, бүх нийтийг дархлаажуулахад хувийн хэвшлийг татан оролцуулах хэрэгтэй. Үнэгүй вакцин хараад суух биш чадалтай боломжтой нь мөнгөө төлөөд, вакцинжуулалтад хамрагдах боломжоор хангахад УОК анхаарах шаардлагатай юм.

Нөгөө талаар, төрийн байгууллагуудад нэгдсэн зохион байгуулалт үгүйлэгдсээр байгаа юм. УОК-ынхоо шийдвэрийг НОК нь дагадаггүй, НОК-ын шийдвэрийг Дүүргийн онцгой комисс зөрчдөг, дур дураараа гаргадаг шийдвэр нь иргэдийг төөрөгдүүлж, “дайны хажуугаар дажин үүсгэж” буйд Ерөнхий сайд анхаарах ёстой. Товчхондоо Улаанбаатар хот улс гэж байхгүй. Тэгэхээр УОК, НОК хоёр нь нэгдсэн бодлого шийдвэртэй байхгүй бол иргэдээ “айдаст” автуулах явдал гарсаар байгааг сануулчихъя. Шадар сайд нь зөрчил бүхэн дээр очиж зохицуулах гэж оролдох. Гэтэл дунд, доод шатныхан асуудлыг хүндрүүлдэг, чирэгдүүлдэг, иргэдэд үл ойлголцол үүсгэдэг хэвээрээ байна.  Эцэст нь, Засгийн газар, УОК руугаа бүх асуудлаа чихээд өнгөрдөг талтай.  Тиймээс ахин дахин анхааруулахад,  хөл хориог аж ахуйн нэгжүүд ахиад тэсч чадахгүй шүү!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж