Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.08) хорих 401 дүгээр ангийн харьяа эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзахаар тус эмнэлэгт очоод буй юм. Уулзалтынхаа дараа дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотойгоор эмэгтэй хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг сонсоод ирж уулзлаа. Шүүн таслах үйл ажиллагаанд хүний эрх, хууль зөрчсөн зүйл, ТЕГ, ЦЕГ, АТГ, ШШГЕГ–тай холбоотой асуудал гарч байна. Нууцын зэрэгтэй асуудал болохоор бүх зүйлийг ярих боломжгүй. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим зүйлийг тодруулах, хэвлэлийн өмнө нягталж ярих үүрэг байна гэж үзсэн. Зарим шаардлагатай мэдээллийг нууцаас гаргахаар болсон.
Шүүн таслах процесс дунд олон зүйл болсон байна. Олон нийтэд ил болсон хэсгийг дурдъя. Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессэж бичиж, дарамталсан зүйл байгаа. Мөн хүний цогцос гэрт нь аваачсан зүйл байсан. Хуулийн нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодис уулгасан үед цээжийг нь ил гаргаад, зургийг нь гэр бүлийн хүнд нь явуулсан байна.
Мөн Т.Чимгээгийн охин н.Өнөрцэцэг 2016 наймдугаар сард нас барсан. Энэ хэргийг сэргээн шалгах хэрэгтэй гэж үзсэн. Хэрэг бүртгэлтэй холбоотой зүйл тул үүнээс цааш дэлгэрэнгүй ярих боломжгүй. Шүүхийн гэм буруугийн асуудлыг бус, шүүн таслах үйл ажиллагаа зөв явагдсан эсэхийг ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хилсээр, эрүүдэн шүүснээс хэрэг хүлээсэн байж болзошгүй Т.Чимгээтэй уулзлаа" гэв.
ЭНЭ ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Ялтан Т.ЧИМГЭЭ: Би 2015 оны наймдугаар сарын 31-нд хоригдсон. Энэ хугацаанд маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, агааржуулалтгүй зоорины өрөөнд есөн сар хоригдсон. Ингээд 407 дугаар ангид 2017 тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал ялгаагүй байсан. Ингээд дараа нь 401 рүү шилжсэн. Намайг энд ирснээс хойш нэг жилийн дараа миний том охин нас барсан. Миний амьдрал, ар гэр оронгоор эргэлээ. Одоо 70 нас гарсан хадам ээж маань зээгээ хөтлөөд, орон гэргүй явж байгаа. Зөвхөн Ц.Амгаланбаатарын хэлснийг нотлох баримт болгож үзсэн. Би 1998 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан.