Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай ярилцлаа.
-Урлагтай анх холбогдсон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье?
-Эхийнхээ хэвлийд байх цагаасаа би өөрийгөө урлагт орсон гэж боддог. Яагаад гэвэл намайг ээжийнхээ гэдсэнд байхад манайх Өвөрхангай аймгийн Соёлын ордны хашаанд өвөлжиж байсан гэдэг юм. Ингэж Соёлын ордны хашаанд намраас өвөл өнгөртөл байх хугацаанд тэнд болж байсан бүхий л тоглолтын дуу, хөгжим, жүжгийг ээж минь сонсч байсан байж таарна даа. Тэгээд намайг авьяастай болгож төрүүлсэн байх. Намайг таван настайд минь манайх Хужиртад нүүж ирлээ. Аав, ээж хоёр маань ахыг жигтэйхэн их эрхлүүлнэ. Унадаг дугуй, цана гээд байхгүй юм байхгүй. Нэг удаа ахыг эрхлүүлээд гармошка хөгжим авч өгч байсан. Түүгээр нь би “Дөрвөн уул”, “Сарны туяа” гээд тухайн үеийнхэн сайн мэддэг байсан дууг, бас өөрийнхөө сонсголоор хэдэн дуу тоглож сурсан. Сүүлдээ эгчийн дуулдаг бүх дууг тоглодог болсон. Гэрт хүн ирэхээр ээж маань "Миний хүү тэр дуугаа дуулж үзүүл дээ" гэдэгсэн. Сургуульд ороод бүх урлагийн дугуйланд явдаг. Их идэвхтэй хүүхэд байлаа. Би өөрийгөө төрөлхийн авьяастай гэж боддог. Авьяасаа хөгжүүлээгүй бол унтарчих байсан. Азаар арван жилдээ сайн багш нартай таарсан учраас авьяасыг минь хөгжүүлж өгсөн. Багшийн сургуульд ороод төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг багшийн шавь болсон.
-Их сахилгагүй хүүхэд байсан гэж сонссон?
-Тийм байсан бол сайн л байна. Би өөрийгөө сайн мэдэхгүй байна. Ангийнхантайгаа уулзахаар ангийн бүх хүүхдийн хочийг өгсөн. Тэрийгээ өөрөө хэлдэггүй хүнээр хэлүүлж, тараалгадаг гээд ярьдаг юм. Хөдөлгөөнтэй, хошин шогийн мэдрэмжтэй байх нь сайн шүү дээ.
-Хүүхдүүдэд хоч өгдөг байсан гэлээ. Та өөрөө ямар хочтой байв?
-Би чинь хочлуулж, хүний нүдэнд өртөөд байхааргүй жижигхэн биетэй хүүхэд байлаа. Наймдугаар анги төгсөхдөө жагсаалын хамгийн доор нь зогсдог байсан. Багшийн сургуульд орохдоо ч гэсэн хамгийн жаахан биетэй нь. Ангиараа зураг авахуулахад жаахан биетэй хүүхэд Ц.Чинзориг багшийн суганд наалдчихсан зураг одоо байдаг юм.
-Анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байсан бэ?
-Оюутан цагаасаа эхлээд ганц нэг хүүхдийн дуу хийж багшдаа шалгуулдаг байв. Багш миний дэвтрийг бариад багш нарын конторт ороод “Энийг хар даа, миний шавь ийм дуу хийсэн байна” гээд явж байж билээ. Багш маань намайг шагнаж шүлэг өгч байсан. Түүгээр нь дуу хийсэн. Тэр үед дууны шүлгээ Б.Явуухулан гуайгаар батлуулдаг байлаа шүү дээ. Тэгээд өрөөнийх нь үүдэнд хоёр өдөр очоод өвдөг чичрээд буцаж байлаа. Б.Явуухулан гуай гэхээр л сүрдээд өрөөнд нь орж зүрхлэхгүй байсан. Харин сүүлд багш намайг дагуулж очиж батлуулсан.
-Ямар дуу билээ?
-Аавын тухай дуу. Нэрийг нь сайн санахгүй байна, 70-аад оны үед дуулдагдаж байсан.
-Багшаасаа шүлэг шагналд авсан гэхээр том гавьяа байгуулж дээ?
-Хичээл дээр шагнуулахаар л юм болсон байх. Багшид зөндөө шүлэг ирчихсэн байдаг байсан. Түүнээсээ сонгоод надад шагнал болгож өгсөн юм. Би жигтэйхэн их баярласан. Тэр үед шүлэг олдоно гэж байхгүй байлаа ш дээ. Миний нийтэд түгсэн анхны дуу бол Тангадын Галсан гуайн шүлэг “Ээжээс ерөөл хүсэх дуу”. Тэр шүлгийг би Т.Галсан гуайд хэлж аваагүй. Номоос нь авчихсан юм. Шүлгэнд нь ая хийгээд “Морин хуур”-т орсон. Үүнээс хойш нийтэд түгсний дараа Т.Галсан гуайтай уулзаж байлаа.
-Шүлэг зөвшөөрөлгүй авсан гэж уурласан уу?
-Тэр үедээ мэдээгүй байсан юм билээ. Хүмүүс дуулаад эхлэхээр мэдсэн байсан. 1994 онд байх аа даа, хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар, С.Мөнхбат гэж хоёр найзтайгаа хамтарч МҮЭСТО-нд тоглолт хийж байхад Т.Галсан гуай ирээд “Нууж таван сар тээгээд, нуулгүй таван сар тээгээд, арван сар тээж ангир шар уургаараа өсгөсөн ээжийн тухай сайхан шүлгийг минь энэ жаахан бор хүү ойлгоод МҮЭСТО-ы хаалгыг дэлбэ татах шахам үзэгч, сонсогчтой болсонд баяртай байна” гэж хэлсэн.
-Одоогийнх шиг дууны шүлэг элбэг байгаагүй байх?
-Одоо чинь хүмүүс тэтгэвэртээ гарахаараа л ном бичдэг, яруу найрагч болдог болчихож. Арай л ая зохиохгүй байх шиг байна (инээв). Би найман жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүнээр ажиллалаа. Энэ үед анзаарагдсан нэг зүйл нь хүмүүс “Энэ маань хөгширчихлөө. Одоо гавьяат өгье” гэдэг. Ийм зүйл надад огт таалагддаггүй. Гавьяат гэдэг цол чинь хөгшин хүмүүст өгдөг эсвэл өрөвдөж нэгэндээ олгодог шагнал биш. Чадалтай бол авдаг цагтаа авах ёстой.
-Та яагаад өнгөрсөн жил Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний албан тушаалаа өгсөн юм бэ. Үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан уу?
-Манай холбооны дүрмээр нэг хүн дөрвөн жил тэргүүнээр ажиллах, нэг удаа улиран ажиллах эрхтэй байдаг. Би нийт найман жил толгойлсон. Тэгэхээр дүрмийн хугацаа дууссан гэсэн үг.
-Сүүлийн үед ая зохиогч гэдэг нэршил гарч ирсэн. Ая зохиогч, хөгжмийн зохиолч хоёр юугаараа ялгаатай вэ?
-Сургуульд сурч, хөгжмийн зохиолч гэсэн дипломыг авсан хүнийг хөгжмийн зохиолч гэж хэлнэ. Харин авьяастай боловч мэргэжлийн сургуульд сураагүй зөндөө хүн бий. Төрөлхийн авьяасаараа ая бичээд байдаг. Ийм хүмүүсийг ая зохиогч гэж нэрлээд байгаа юм. Хөгжмийн зохиолч гэж ерөнхий нэрлээд байгаа болохоос нарийн мэргэжил шүү дээ.
-Монголын хөгжмийн зохиолчдын ур чадварыг та юу гэж үнэлдэг вэ?
-Асар их авьяастай. Дээрээс нь манай монголчууд өөрийн гэсэн өнгө төрхтэй, хөгжмийн өвтэй хүмүүс.
-Та “Гурван охин”, “Киви”-гийнхнийг бүжиглүүлээд байгааг урлаг гэж хэлэхгүй гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгэхээр рок, попынхонд сэтгэлд дундуур байдаг юм аа даа?
-Сэтгэл дундуур гэж ч хэлж болохгүй л дээ. Аливаа юманд хэм хэмжээ гэж бий. Сонгодог урлаг, үндэсний урлаг, рок, попоо төрөөс бодлогоор адил төвшинд авч явах ёстой. Гэтэл манайд төрийн тийм бодлого байдаггүй. Мюзикл, түүхэн дуулалт жүжиг тавья гэхээр мөнгө олддоггүй. Гэтэл гурван кино театр пиг байгаад, хөгийн кинонууд гараад байдаг. Нүүр будаг, хөгжим гэж авах юмгүй. Монголын хөгжим огт дуугарахгүй. Дандаа барууны хөгжим, Америкийн Ханс Зиммерийн аяыг хулгай хийсэн хөгжмөө ашигласан байдаг. Зодолдож, буудалцаад ч байх шиг, бүхэлд нь дуурайсан тийм кинонууд дэмжигдээд мөнгө олоод яваад байдаг. Түүхэн кино хийе гэхээр мөнгө байхгүй.
-Үүнийг орчин үеийн урлаг, дэлхийн кино урлагтай хөл нийлүүлж байна гэж хэлдэг?
-Иймэрхүү цэнгээний юмыг урлаг гэж ойлгож болохгүй. Урлаг чинь маш их хүчтэй ш дээ. Жишээлбэл, Солонгосыг хар. Монголыг эргүүлчихсэн байгаа биз дээ. Жангумаар эхлүүлсэн байхгүй юу. Кино урлагаар дамжуулж соёлоо оруулж ирсэн. Одоо булан бүрт солонгос хоолын газар. Хөгшнөөс залуу хүртлээ солонгос кино үздэг, солонгос хоол иддэг болсон. Урлагийг төр ингэж авч явах ёстой. Улс орноо сурталчлахын том жишээ нь энэ. Гудамжинд гарахад нэг ч монгол төрхтэй хүн харагддаггүй. Хаягнууд нь мөн гадаадаар. Америк, Солонгосын соёл дэндүү давамгайлж байна. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд хүн болгох сургалт боловсролын системд алга. Цэцэрлэгийн дуу, хөгжмийн хичээлийн хөтөлбөрт тодорхой зүйл байхгүй. Багш нь дуртай дуугаа заагаад дуусдаг. Гэтэл хүүхдийг хөгжим, тоглоом хоёроор л хүмүүжүүлдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдэд л үндэсний хөгжим сонсгож, үлгэр тууль ярьж өгч, оньсого таалгаж, зүйр цэцэн үг хэлж өгч хүмүүжүүлэхгүй бол монгол хүн болохгүй.
-Боловсролын салбарт шинэчлэл хийгээд хүүхдийн авьяас мэдлэгийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа гэдэг шүү дээ. Та үүнтэй санал нийлэхгүй байна уу?
-2012 онд соёлын яам байгуулагдсаны дараа соёлын салбарынхны чуулган болж байсан. Энэ үеэр би “Авьяас” хөтөлбөр ерөнхий боловсролын сургуульд хэрэгжихэд дэндүү оройтож байна, хүүхдийг цэцэрлэгт байхаас нь, бүр эхийн хэвлийд байх цагаас нь монгол хүн болгож төлөвшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлсэн. Тухайн үедээ бичиж, тэмдэглээд байсан ч чимээгүй болцгоосон. Эхлээд монгол хүн болгох ёстой. Дараа нь боловсролыг олгох ёстой байхгүй юу. Би өөрөө энэ талын төслөө боловсруулж, олон хүнд ярихад бүгд дэмжиж хүлээж авч байсан.
-Яамны сайддаа төслөө албан ёсоор танилцуулж байсан уу?
-Танилцуулсан. Хариу нь ирээгүй. Хүмүүс ойлгож хүлээж аваад байхад шийдвэр гаргах төвшнийхөн ойлгохыг хүсэхгүй байгаа юм. Монгол хүн эхийн хэвлийгээс боловсролоо олж авдаг. Үндэсний хөгжим, соёлоо сонсдог, мэддэг хүүхэд төрөх ёстой байхгүй юу. Эртээд манай нэртэй дуучин зурагтаар гарч байна. Гэтэл хананы толгойг мэдэхгүй, унины ам гээд зогсч байна лээ. Америк, Солонгос кино гаргаад байхаар үндэсний аюулгүй байдал алдагдаад байна. Мөн дуун дээр ярих зүйл байна. Манай залуусын сонсч буй дуу нь рок, поп. Рок, поп дуу бол англи хөг дээр буюу долоон өнгөн дээр зохиогддог. Үгийг нь солиход л гадаад дуу болно. Ийм дууг хүүхдүүд сонсч өсч байна. Монгол дуу бол до, ре, фа, соль, яа гэсэн таван өнгөн дээр зохиогддог. Монгол дуу, монгол соёл хүүхдээс хол. Тэгэхээр бид Америкийн нэг мужийг л бэлдэж байна. Өмсч байгаа нь дандаа америк киноны баатруудтай. Жаахан хүүхдийн цамцан дээр одой морь байдаг ш дээ. Би саяхан "Чиний цамцан дээр яагаад одой морь байгаа юм, Чингисийн олон баатруудын зураг хааччихсан юм" гэсэн утгатай асуудал дэвшүүлсэн хүүхдийн дуу хийсэн. Бүр аргаа бараад тэр шүү дээ. Боловсролын яамнаас цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан сургалт алга, гэртээ зурагт үзэхэд дан гадаад кино. Гаргая гэсэн ч монгол кино байхгүй. Энийг л эмгэнэл гээд байгаа юм. Үүнд анхаарлаа хандуулж байж улсаа аварна. Одооноос хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлбэл хорин жилийн дараагаас хөтөлбөрөөр хүмүүжсэн монгол хүүхдүүд Монголыг өөрчилнө. Намайг ингээд ярихаар хэдэн бүүвэйн дуу хийж төрд шахах гээд байна гэж хурган дарга нар бодоод байх шиг байгаа юм.
-Тэр нь ямар учиртай юм?
-Би хамгийн эхлээд бүүвэйн дуунууд хийж, жирэмсэн эхчүүдэд тараая гэж байгаа юм. Гэрт нь болон эмнэлгийн амрах өрөөнд монгол бүүвэйн дуунууд эгшиглэж, монгол ёсны сургалт явуулъя гэж санаачилсан.
-Танд улс төрд оръё гэсэн бодол байдаг уу?
-Би нам бус. Ер нь улс төрд орж яах юм бэ. Тэр муухай юм чинь хүнийг шууд л сороод авчихдаг юм гэсэн.
-Урлаг, соёлын салбарын олны танил эрхмүүдээс УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн цөөнгүй бий. Магадгүй улс төрд ороод, шийдвэр гаргах төвшинд очвол өөрийн үзэл бодлоо ажил хэрэг болгоход амар, нөлөөлөл нь хүчтэй байна гэж боддоггүй гэж үү?
-Улс төр хүнийг их бохирдуулдаг. Би ийм зүйлийг огт хүсэхгүй байна. Өөрийн уран бүтээлээрээ дамжуулж, үзэл санаагаа хэрэгжүүлнэ.
-Эргээд уран бүтээлийн тань тухай ярианд оръё. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хүүхдийн дуун дээр санаа зовж байна. Асуудал дэвшүүлсэн дуугаараа хүүхдийн дууны уралдаанд оролцож байгаа. Тэнд долоон өнгөн дээр бичсэн буюу диотоник дуу түрүүлэх болов уу гэж айж байна. Муу бай, мулгуу бай хамаагүй таван өнгөн дээрх буюу пентатоник аянд хүүхдийг дасгах ёстой. Мөн моно опера хийж байна.
-Та уран бүтээлийн оргил үе дээрээ байна гэж боддог уу, эсвэл оргил үеэ туулчихсан уу?
-Уран бүтээлийн оргил үе минь 1990 оноос 2000 он хүртэл байсан. Энэ хооронд би “Морин хуур” наадамд гурван удаагийн тэргүүн байрыг авч байсан. Үзэгчдийн нэрэмжит шагнал, дэд байр, тусгай байр гээд бараг орсон жил бүртээ шагнал авч байлаа. Гэрт минь байдаг төгөлдөр хуур Монголын хамгийн үнэтэй төгөлдөр хуур ч байж магадгүй. Учир нь тэр төгөлдөр хууран дээрээ сууж байж гурван удаа “Морин хуур”-ын тэргүүн байрыг авч байсан юм шүү дээ.
Б.Бадамгарав
ЭХ СУРВАЛЖ: www.ardiinerkh.mn