Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр тохиож байна. НҮБ-аас “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн зарласан билээ.
Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагссан түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилсан байна. Хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэжээ.
Тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй бөгөөд 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэй “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялт зарласан байна. Энэ үйл явдлаас хойш дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд бууж өгөн, сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгчээ. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Мартын 8"-ныг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ.
НҮБ 1975 онд буюу 64 жилийн дараа энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн аж. Тус байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах уриаг танилцуулдаг уламжлалтай юм.
Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцохыг хориглож буй юм.
Дэлхий дахинд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
Манай хойд хөрш ОХУ энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, баярын үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжлэн, бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг байна.
Хятадын Засгийн газар гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилжээ. Гэхдээ ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг байна.
Итали улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэмдэглэж эхэлжээ. Тэд энэ өдрийг “la Festa della Donna” хэмээн нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “Mimosa” цэцэг бэлэглэдэг байна.
АНУ-д зөвхөн энэ өдрийг бус, гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг аж. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж, аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг байна.
Мартын 8-ны өдрийг зарим улс оронд эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол ихэнх орнуудад эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг. Нийгмийн бүх салбарт хүйсийн тэгш байдлыг хангах нь хүний үндсэн эрх юм. Гэвч дэлхий даяар улс төрөөс эхлээд ажил эрхлэлт, урлаг спортын талбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөлөл эрчүүдээс доогуур хэвээр байгаа юм.
Нийт охид, эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлье!
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас нэгтгэсэн сонирхолтой тоон мэдээллийг хүргэе. Сүүлийн 25 жилд эмэгтэйчүүдийн улс төр дэх нөлөө нэмэгдсэн ч дэлхий даяар парламентын суудлын дөрөвний нэг нь л бүсгүйчүүдэд ногдож байна.
Нөлөө бүхий 500 компанийн удирдлагын ердөө долоон хувь эмэгтэйчүүдэд ногдож байгаа тухай “Fortune” судалгаандаа өгүүлжээ. Бүхэлд нь авч үзвэл, хөдөлмөрийн насныхны хүйсийн тэгш байдлын үзүүлэлт өнгөрсөн 20 жилд ер өөрчлөгдөөгүй байна.
Хөгжиж буй орнуудад бүсгүйчүүдийн боловсролын үзүүлэлт дээшилж, ажил хөдөлмөртөө амжилт гаргах, бусдаас хараат бус байх боломж нэмэгдсэн ч эмэгтэйчүүд гэрийн ажилд ихэнх цаг заваа зарцуулах ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээ арилаагүй байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүйсийн тэгш байдлыг хангах тухайд төдийлөн ахиц дэвшил гараагүй. Сүүлийн хорин жилд дэлхийн 114 орны мэдээллийн хэрэгсэлд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл нийт урсгалын ердөө 24 хувийг эзэлжээ.
Охид, бүсгүйчүүдийн дүрх төрхийг илүүтэй ашигладаг урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт эмэгтэй удирдагчийн нөлөө бага хэвээр. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй Каннын наадмын 72 жилийн түүхэнд ганцхан удаа буюу 1992 онд эмэгтэй найруулагч тэргүүн шагнал хүртжээ. Оскарын наадмын хувьд ч адилхан дүр зурагтай.
Токиогийн олимп түүхэнд анх удаа хүйсийн тэгш эрхийг хангасан наадам болох төлөв ажиглагдаж буй. 1900 оны анхны орчин үеийн олимпод нийт 997 тамирчин оролцсоны дөнгөж 22 нь буюу 2,2 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Хэдийгээр спортын талбарт эмэгтэйчүүдийн өрсөлдөх тэмцээн уралдааны тоо, төрөл нэмэгдсэн ч олонх тамирчид эрэгтэйчүүдээс бага цалин, урамшуулал авдаг тогтолцоо хэвээр үйлчилж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ