Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох өдгөө 118 настай Кани Танака Токиогийн олимпийн галт бамбарыг аялуулахаар болжээ. Ирэх тавдугаар сард Фүкүока мужийн Шимэ хотоор олимпын галт бамбар аялах бөгөөд энэ үеэр Кани Танака 100 гаруй метр галт бамбарыг аялуулж, дараагийн гүйгчид шилжүүлэх гэнэ. Тэрбээр замынхаа ихэнх хэсгийг тэргэнцэр дээр туулж, бамбараа шилжүүлэх үедээ хөл дээрээ алхаж, хүлээлгэн өгөх ажээ.
Кани Танакагийн хувьд амьдралдаа хоёр удаа хорт хавдрыг ялан дийлж, дэлхийн хоёр том цар тахлын үед амьдарч байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард түүний 118 насны төрсөн өдөр тохиож, гэр бүлийнх нь гишүүд дээрх арга хэмжээтэй холбогдуулан пүүз бэлэглэжээ. Кани Танакагийн ач хүү өдгөө 60 насыг туулж буй Эижи Танака CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Эмээ маань ийм өндөр насыг зооглож, амьдралын идэвхитэй хэв маягаа хадгалж байгаа нь гайхалтай. Бусад хүмүүсийг эмээгээс маань үлгэр дуурайлал, урам авч, нас бол тоо гэдгийг ойлгоосой гэж хүсч байна” гэв.
Түүнээс өмнө Бразилын Айда Геманква 106 насандаа Риогийн зуны олимпийн галт бамбарыг, Оросын Александр Каптаренко 101 насандаа Сочигийн өвлийн олимпийн галт бамбарыг тус тус аялуулж байжээ.
Танака 1903 онд мэндэлсэн бөгөөд 19 насандаа будааны дэлгүүрийн эзэнтэй гэрлэж, 103 нас хүртлээ дэлгүүртээ ажилласан гэнэ. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж, өдгөө тав ач, найман ачинцартай ажээ. Кани Танакагийн амьдралын хэв маяг их энгийн. Тэр өглөө бүр 06.00 цагт босч, хөлөгт тоглоом тоглож, тоо боддог. Мөн хийжүүлсэн ундаанд үнэхээр дуртай гэнэ.
1896 онд анхны олимпийн наадам зохион байгуулагдаж байв. Харин үүнээс долоон жилийн дараа Кани Танака мэндэлжээ.
1964 онд Япон улс анх удаагаа олимпийн наадмыг нутагтаа зохион байгуулж байхад Танака 61 настай байлаа. Өдгөө тэрбээр өвөл, зуны нийтдээ 48 олимпыг үзээд байна.
Холбоотой мэдээ