АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байденд үйлчлэхээр болсон шинэ нисдэг тэрэг бууж, хөөрөхдөө Цагаан ордны зүлгийг шатаах эрсдэлтэй байгаад цэргийнхэн санаа зовж, хэрхэн асуудлыг шийдэх талаар хэлэлцэж байгаа аж. АНУ-ын арми “Тэнгисийн цэргийн нэгдүгээр салаа” буюу Ерөнхийлөгчид үйлчилдэг 11 Сикорски VH-3D , найман VH-60N нисдэг тэргүүдийг хуучирсан хэмээгээд 20 орчим VH-92A нисдэг тэргээр сольж буй.
Шинэ нисдэг тэргүүдийг долдугаар сараас эхлээд Ерөнхийлөгчийн мэдэлд хүлээлгэн өгөхөд бэлэн болох бөгөөд тухайн үед Цагаан ордны цэргийн оффис нисдэг тэргүүдийг хүлээн авах эсэхээ шийдэх юм. Тиймээс шинэ нисдэг тэргүүд албан ёсоор Ерөнхийлөгчид үйлчилж эхэлтэл дахиад хэдэн сар өнгөрч магадгүй юм. Харин АНУ-ын арми болон батлан хамгаалахын Lockheed Martin фирмүүд тэр хугацаанд амжиж нисдэг тэргүүдийн зүлэг шатаадаг асуудлыг шийдэхээр хэлэлцэж, зургадугаар сар гэхэд шийдэл олохоор ажиллаж байгаа аж.
Нисдэг тэргүүдийг 2018 онд Цагаан ордонд туршиж байхад бууж, хөөрөхдөө зүлгэн дээр онцгүй ул мөр үлдээж байсныг нутгийн хэвлэлүүд мэдээлж байжээ. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар нисдэг тэрэгний хөдөлгүүрээс ялгарч буй дулаан, утаа нь тодорхой нөхцөлд зүлэг гэмтээж, зарим тохиолдолд бүр шатааж, нөхөн сэргээгдэхээргүй болгож байгаа гэнэ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ