Тойм: Ж.Эрдэнэбат суллагдаж, 3 аймагт халдвар бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Тойм: Ж.Эрдэнэбат суллагдаж, 3 аймагт халдвар бүртгэгдэв

Тойм: Ж.Эрдэнэбат суллагдаж, 3 аймагт халдвар бүртгэгдэв

News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


МАН 100 ЖИЛИЙН ОЙН ӨДРӨӨ МАХН-ТАЙ ХАМТ ЦЭЦЭГ ӨРГӨВ

Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр өнгөрөгч Даваа гаригт тохиов.  Түүхт өдөртэй холбогдуулж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нар оролцсон  юм. Энэ үйл явдал сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж буй МАН, МАХН нэгдэх үү, эвсэх үү гэдэгт хариулт өгсөн үйл явдал гэж дүгнэж болохоор.

Жил бүр тохиодог энэхүү түүхт өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2010 онд МАХН нэрийг өөрчлөн МАН болсныг Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг гишүүд эсэргүүцэн, МАН-аас өрх тусгаарлан, МАХН-ыг байгуулсан. Тэр цагаас хойш МАН, МАХН хоёр дээрх өдрийг тусдаа тэмдэглэж ирсэн бол энэ жил хамтдаа цэцэг өргөж, ёслолоо.

ОЮУТОЛГОЙ 648,9 ТЭРБУМЫН ТАТВАРЫН ӨРӨӨ ТӨЛСНИЙГ ЗГ ЗАРЛАВ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна.

ГУРВАН АЙМАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр он гарснаас хойш нийтдээ 1,9 сая хүнд ПСР шинжилгээ хийсэн байна. Харин өнөөдрийн байдлаар Төв, Завхан аймгуудад халдвар бүртгэгдэж, эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд бүртгэгдсээр байгааг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн Архангай аймгийн Чулуут суманд нийслэлээс очсон нэг тохиолдол бүртгэгдэв.

Ж.ЭРДЭНЭБАТ СУЛЛАГДАЖ, ТАНГАРГАА ӨРГӨХӨӨР БОЛОВ

Ж.Эрдэнэбат нарын гурван хүний өмгөөлөгчдийн хүсэлтээр суллах эсэх асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, суллах шийдвэр гаргасан юм.  Ж.Эрдэнэбатын хувьд Монголын парламентад шоронгоос сонгогдсон ганц хүн юм. Хууль зүй талаасаа ч тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулганаар буюу энэ сарын 15-нд Ж.Эрдэнэбатыг гишүүний тангаргаа өргөх болов уу гэсэн хүлээлттэй олон хүн байна. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР А.БҮРЭНБААТАР ТОМИЛОГДОВ

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл өчигдөр /2021.03.05/ хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилжээ. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар,  “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн юм.

ЖҮДОЧ Л.СОСОРБАРАМ, Ё.БАСХҮҮ НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдрийн барилдаан дуусч, Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг алт хүртэж, энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн бол Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв. Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж