Хүн ёс уу, шударга ёс уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Хүн ёс уу, шударга ёс уу?

Өнгөрөгч Даваа гаригт болсон Х.Баттулгын эзэмшлийн “Баянгол” зочид буудалд хуулийнхан санхүүгийн шалгалт хийсэн нь тэнд очсон улстөрчид, урлаг спортынхон энэ үйл явдлыг "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл" гэж тодотгов. Хувийн компанид хуулийн дагуу шалгалт хийх нь яахаараа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан “халдлага” болдог ч юм бүү мэд. УИХ-ын гишүүний компанийг шалгах нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж хуульд заагаагүй байлтай.

“Баянгол”-д нэгжлэх хийх үеэр бүрэн эрхээрээ түрий барьсан УИХ-ын гишүүд очсон нь бодвол хүн чанараа Х.Баттулгад харуулахыг хичээсэн явдал биз. Ингэж харагдах хийгээд хамгаалах шалтгаантай ч биз.  

Авлигын хэргээр Н.Энхбаярыг баривчлагдах үед хүний ёс болон хүн чанарын тухай хөндөн, шүүмжлэх хүмүүс мэр сэр байлаа.  Яг ийм өнцгөөс Х.Баттулгыг өмөөрч, хаацайлж буй хүмүүс өнөөдөр улс төрийн хүрээнд төдийгүй урлаг спортын хүрээнд  ч бий.  Өнөөдөр Х.Баттулгыг өмөөрөөд зогсч байсан нэгэн өчигдөрхөн Н.Энхбаярт хүн чанар хүнлэг сэтгэлээ харуулахаар очиж  байсан удаатай.

Хүн чанар бол хүнд байх хамгийн эрхэм дээд чанар мөнөөс мөн. Зовсон, шаналсан, энэлсэн, ядарсан, зүдэрсэндээ тусалж, дэмжих нь хүний ёс. Хөлсөө гартал гүйгээд ирсэн Д.Дагвадоржийн хүн чанарыг сайшаамаар байвч, цаана нь шударга ёс гэж нэг зүйл бий. Өөрөөр хэлбэл, хүн чанар гаргалаа гээд хэн нэгний хууль бус, задарсан үйлдлийг хамгаалж , өмгөөлж болно гэсэн үг бас биш юм. Мэдээж, Х.Баттулгад хүн чанараа харуулахын “ялдамд” хуулийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийж буй шалгалтад саад учруулах зайлшгүй шаардлага хийгээд цаана нь ямар эрх ашиг байгааг хэлж мэдэхгүй ч, ямар ч байсан хүн чанарын тухай асуудал яг энэ сэдэв дээр бол хоёрдугаарт тавигдана. Нэгдүгээрт, мэдээж шударга ёс.  Яагаад гэвэл шударга ёс нь нийгмийн үнэт баялаг байдаг. Энэ утгаараа хэн нэгний хүн чанараас илүү нийгмийн үнэт баялаг нэгдүгээрт тавигдах ёстой болов уу. Хэрэв бид мартчихаагүй бол эрх зүйт, хуулийн засаглалтай төрийг байгуулж байгаа тохиолдолд шүү дээ.

Намын нөхрөө, фракцийн тэргүүнээ, “хуурай ах” аа, “ивээн тэтгэгч”-ээ өмөөрч болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь ч нээлттэй. Гэхдээ Монгол төрийн хамгийн дээд байгууллага болох хууль батлах субъектын төлөөлөгчид  УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхавчилж, “хулгай”, “худал” хоёрыг өөгшүүлж болохгүй юм.

Н.Энхбаярын баривчилгаан дээр ч, Х.Баттулгын “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанид хийх санхүүгийн шалгалтын үеэр ч УИХ-ын бүрэн эрхээр түрий барин хууль, хяналтынхны шалгаж, мөрдөх ажиллагаанд саад хийх эрх АН-ын бүлгийн дарга болоод гишүүдэд байх ёсгүй. Тэр тусмаа УИХ-ын бүрэн эрх гэдэг нэг ёсондоо хэн нэгний хулгай, хуудууг халхлах “бамбай” биш юм.

Нөгөө талаар чин сэтгэлээсээ  хүн чанар гаргаж Х.Баттулгад санаа тавьсан нь яг хэд бол. Эндээс нь бодолцвол хүн чанарын тухай ойлголтыг зөвхөн харагдах өнцөг, хэлэх үгнээс дүгнэж болохгүй гэсэн үг.

Магадгүй Л.Эрдэнэчимэг, Л.Эрхэмбаяр, Э.Бат-Үүл нарын хувьд журмын нөхөртөө санаа тавих нь хүн чанарын илэрхийлэл гэж үзэж байж болох л доо. Тэгвэл хэн нэгний хууль бус үйлдлийг хүн чанараар хаацайлах аваас бидний яриад байдаг шударга ёс яах вэ гэсэн зүй ёсны асуулт тавигдаж таарна.

Хэрэв бид хүн чанарыг нэгдүгээрт тавибал, хулгайч, авлигачдын толгойг илсэнтэй ялгаагүй юм. Чухам иймээс нь шударга ёс нь нийгмийн үнэт баялаг гэвэл шударга ёс нь нэгдүгээрт, хүн чанар нь хоёрдугаарт тавигдах болов уу.  

Шударга ёс гэдэг нь Х.Баттулга бид хоёр хуулийн өмнө адил тэгш эрхтэй гэсэн үг.  Х.Баттулга баян байх, би ядуу байхаас үл хамаараад шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж