Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг “Хаалга”-аа нээжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг “Хаалга”-аа нээжээ

Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг “Хаалга”-аа нээжээ

“Сайн байцгаана уу. Та бүхэнд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би нөхөртэйгөө гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Манайх ам бүл долуулаа. Нөхөр маань сумын соёлын төвд ажилладаг. Би барилгын ТМС төгссөн учраас ойр зуур ажил хийж, амьдралаа залгуулдаг. Сүүлийн хэдэн жил нөхөр маань архи уудаг болж, надад болон хүүхдүүддээ харгис, хэрцгий зан авир гаргаж, гэр бүлийн хувьд таагүй уур амьсгалтай байх болсон.

Хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь том хүү маань бөөрний дутагдалд орж, хэвтрийн өвчтэй болсон. Эх хүний хувьд энэ бүхнийг даван туулахад хэцүү байна. Одоо манайх гэдэг айл ажилгүй, архичин нөхөртэй, хэвтрийн өвчтэй хүүхэдтэй, бага насны олон хүүхэдтэй айл болж хувираад байна” хэмээх захидлыг хаалган дээр байрлуулжээ.

Энэ мэт улаан, цэнхэр, цагаан гээд өнгө өнгийн хаалгыг Сүхбаатарын талбайд эгнүүлэн тавьсан байв. Тэр хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж байгаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буй нь энэ.

Цагдаагийн байгууллагад өдөрт дундажаар 150-200, жилд 50 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирдэг байна. Тэдний найм нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас баржээ.

"САНАЛ АСУУЛГАД 28500 ОРЧИМ ЭМЭГТЭЙ ОРОЛЦОЖ, 450 ОРЧИМ ЗАХИДАЛ ИРСЭН"

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.ОЮУНГЭРЭЛ:

-Манай холбооноос 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” гээд Монгол орны 21 аймаг 330 сумаас эмэгтэйчүүдийн төлөөллийг урьж, Улаанбаатарт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өнгөрөгч 2020 онд дэлхийн нийтэд цар тахал тархсантай холбоотойгоор “Мартаар маск оёцгооё” гэж бүтээлч байдлаар аян өрнүүлсэн. Энэ жилийн хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аль сэдвээр ярих вэ гэдгийг эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь асуухаар “Асуудлыг асууя” санал асуулгыг нэг сарын турш зохион байгуулсан.

Энэ санал асуулгад нийтдээ 28500 орчим эмэгтэй саналаа ирүүлснээс гэр бүлийн салалт, хүчирхийлэл, архины асуудал 90 гаруй хувийг эзэлж байсан. Эдгээрээс гадна 450 орчим захидал монгол орны өнцөг булан бүрээс ирсэн. Энэ захидлын цөөн хэсэг нь Сүхбаатарын талбайд байрлуулсан 50 хаалганы наана гарсан. Бид захидлыг олон нийтэд дэлгэхдээ эзнээс нь зөвшөөрөл авч, хувь хүнтэй  холбоотой мэдээллийг нь нууцалсан” тухай ярилаа.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ СОНССОН БОЛ ХААЛГЫГ НЬ ТОГШ"

“Хаалга” төслийн зохион байгуулагчдын нэг жүжигчин Г.УНДАРМАА:

-Зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа ч мэддэггүй. Тэд өнөөдөр ч хүчирхийллийн талаар мэдээ мэдээлэл, мэдлэггүй байсаар байна. “Мартын 8” баярын өдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэйчүүд энэ өдөр баярладаг шигээ өдөр болгон аз жаргалтай амьдаръя.

Энэ өдрөөр өөрсдийнхөө эрхийг хамгаалж, мэдээ мэдээллийг авч чаддаг байгаасай. Хүчирхийлэлд өртөж байгаа бол хаалгаа нээ. Тэгэхгүй бол харамсаад ч баршгүй явдал болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд маань зоригтой байж эртхэн шийдвэрээ гарга, хичээ, хүчирхийллийг сонссон бол хаалгыг нь тогш гэж хэлье.

"ЗАЛУУС МААНЬ ГЭР БҮЛТЭЙ БОЛОХООС АЙЖ БАЙНА"

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай байгаа ч “Хаалга” акцыг сонирхохоор ганц хоёроор ирэх хүмүүс тасрахгүй байв. Тэдний нэг Б.Баасандулам “Мартын 8” баярын өдрөөр өргөн хүрээнд тэмдэглээд өнгөрөх бус эрхийнхээ төлөө дугарч, асуудлаа хэлэлцдэг байгаасай. Хүчирхийллийг тэвчиж амьдралгүйгээр ил гаргаж хэлсэн дээр гэж боддог. Мөн эмэгтэй хүн хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн ч нийгэмд идэвхтэй амьдрах бүрэн эрхтэй. Өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, сурч хөгжиж чаддаг баймаар байна. Тиймээс залуу эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн нас нь хойшилж байна. Гэр бүл салалт их болсон байна” гэлээ.

Иргэн Б.Номин “Жилээс жилд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх болсон.  Хойч үе болсон залуус маань гэр бүлтэй болохоос айж байна. Эмэгтэйчүүд сэтгэлийн болон оюун ухааны ухамсартай байх ёстой. Зоригтойгоор хүчирхийллийн эсрэг тэмцэж байж энэ бүхнийг таслан зогсооно” гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Б.ОТГОНТЭМҮҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж