Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.06/ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудалд ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудалд ажиллаж байна
Posted by News.mn on Friday, March 5, 2021
Тэрбээр "Монгол Улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээснээр долдугаар сарын 1-нд шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах гэрээтэй байгаа. Энэ талаар Японы талтай ярилцсан. Гэхдээ вакцинд хамрагдсан иргэд Монгол Улсад ирэх боломжтой. Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл 85 хувьтай хангагдсан. Үлдсэн бэлтгэл ажлыг яаралтай хангахыг албаныханд үүрэг болгосон" талаар хэллээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй гэдгийг хэлж байв. Түүнчлэн хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг “Чингис хаан” ОУНБ-д нүүлгэн шилжүүлэхэд нийт 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Мөн нислэгийн үйл ажиллагааг сэргээн тогтворжуулахад нийт 248 тэрбум төгрөг шаардлагатайг албаныхан хэлсэн юм.
Иргэний нисэхийн ерөнхий газраас танилцуулгад, дэлхийн дахинд 2019 онд 4.5 тэрбум хүн агаарын тээврээр зорчиж байсан бол 2020 онд 1.8 тэрбум хүн буюу 60 хувиар буурсан. Ачаа, шуудан 63 сая тонн байсан бол 54 сая болж, 13 хувиар буурсан. Нислэгийн тоо 38.9 сая байсан бол 2020 онд 16.4 сая нислэг болж, нийтдээ 57-60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын хувьд 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2020 онд 440 мянган зорчигч буюу ихэнх нь уул уурхайн салбарынхан байсан. Мөн 2020 онд ачаа, шуудан 5.7 мянган тонн байсан бол 2.7 мянган тонн буюу 52 хувиар буурсан. Мөн нислэгийн тоо 151.772 байсан бол 2020 онд 78.725 болж 48.1 хувиар буурсан. Нийт агаарын тээврийн орлого 499 тэрбум төгрөгт хүрсэн бол 2020 онд 140 тэрбум төгрөг буюу 71.9 хувиар буурсан байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ