
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимаас өнгөрсөн онд хийсэн судалгаанд Улсын хэмжээнд нэг өдөрт таван шүүх хурал хойшилдог байна. Хойшилж буй шүүх хурлын таван тохиолдол бүрийн дөрөв нь өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтээс харахад жилд дунджаар 800 орчим хэргийн шүүх хурал хойшилдог гэсэн үг.
Шүүх хуралд яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгчид ял завших бүхий л боломжийг эрж хайх цаг хугацаа хожих гэсэн оролдлогын нэг нь шүүх хурал хойшлуулах арга болж хувирдаг. Шүүхийн шатанд хэрэг хэдэн сараас хэдэн жилээр сунжрах тохиолдол бүр жишиг болж тогтсон гэж хэлж болно. Товчхондоо, хэрэг үйлдсэн сэжигтнийг хуулийн байгууллага хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажлаас эхлээд прокурорын хяналтын шат хүртэл багадаа хоёр сар гаруй хугацаа зарцуулдаг. Энэ хооронд гэрчүүд байцаагчийг дуудсан болгонд очиж мэдүүлэг өгнө. Өөрөө хэрэг хийчихсэн аятай л ажлаа ч чөлөөтэй хийж чадахгүй хүндхэн нөхцөлд хоёр сарыг өнгөрөөнө дөө, багаар бодоход. Хохирогчид ч ялгаагүй. Байнгын очиж уулзана. Эцэст нь тэд бүгд залхана. Энэ үед прокурорын хяналтаас шүүхэд шилжинэ. Шүүх сэжигтэн этгээдийн гэм буруутайг хэлэлцэн яллах тогтоол үйлдэтлээ хэр хугацааг туулахыг ч мэдэхгүй. Эцэстээ байнга дуудагдаж ажлаа алдахаас залхаж, төвөгшөөсөн хохирогчид гомдолгүй гэж салахын түүс болдог бол гэрчүүд мэдүүлгээ өөрчлөх нь олонтаа.
Мөн тухайн хэрэг шийдэгдэхгүй сунжрах бас нэгэн шалтгаан нь хэрэг маргааныг тойрсон гомдлууд байна. Тухайлбал нотлох баримт шалгуулсангүй, өмгөөлөгчийн ажиллагааг хязгаарлалаа, санал хүсэлтийг хянаж үзсэнгүй гэх гомдлууд шүүхэд олноор ирдэг байна. Үүнийг таслан зогсоох хүрээнд 2006 онд Улсын дээд шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлд тайлбар хийжээ. Гэвч энэ нь эцэслэн шийдээгүй хэргийн талаарх гомдолыг ЭБЦ хуульд зааснаар давж заалдах шатны шүүх эцэслэн шийдэх ба харин Хяналтын шатны шүүх бол зөвхөн давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсвэл цагаадсан этгээдийн гэм буруутай эсэхийг шийдэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдолыг хүлээн авна гэсэн тайлбар хийсэн байх юм. Энэ нь тухайн хэргийн гомдлыг хүлээн авахаас эхлээд хэргийг сунжруулах, ял завших, нотлох баримт ач холбогдолгүй болох, хэрэг замхарах хүртэл сөрөг үр дагаврууд дэлгэрэх таатай орчныг бүрдүүлэх аж. Шүүх хурал хойшлох нь нэг талаас хуулийн заалт нөгөө талаас ял завших сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхол нийлээд тухайн хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй сунжрах шалтгаан болж байна. Тухайлбал дээрх судалгаанаас харахад шүүх хурал хойшлоход өмгөөлөгч нар хамгийн их нөлөөлдөг болох нь тогтоогдсон байх юм. Өмгөөлөгч нар шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн тайлбарыг олонтой өгдөг. Хамгийн сүүлийн үеийн баримтаас дор дурдая.
Д.Сүрэнхорын шүүх хурал нэг сард хоёр удаа хойшлов
Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурлын тов Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 16-нд болох байсан ч Улсын яллагч Ж.Чимгээ ирээгүй тул 14 хоног хойшилсон. Гэтэл тус дүүргийн шүүхийн Ч.Хосбаяр тэргүүтэй шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрээр Д.Сүрэнхорын гэм бурууг энэ сарын 3-ны өдөр хэлэлцэх байсан ч мөн өмгөөлөгч нар ирээгүй гэсэн шалтгаанаар ирэх 23-ныг хүртэл хойшилсон байна.
Мөн энэ жилийн турш сонин хэвлэлээр дуулиан дэгдээсэн хилчдийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон юм.
Хилчдийн шүүх хурлыг өмгөөлөгч нар нь хойшлуулсан байна
Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид өнгөрсөн арваннэгдүгээр сард дарга нараа хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдсэн хэрэгт байлдагч асан Г.Лхавгажав, М.Тулга, Р.Энхжаргал, Э.Оюунболд нарт холбогдох эрүүгийн хуулийн 91.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард хоёр удаа хойшилсон. Тухайлбал эл хэргийн шүүх хурал энэ оны долдугаар сарын 7-ны өдөр болох байсан ч сэжигтэн М.Тулгийн өмгөөлөгч С.Оюумаа гадаад руу эмчилгээнд явсан гэх шалтгаанаар өнгөрөгч 20-ны өдөр хүртэл хойшилсон юм. Гэтэл хоёр дахь удаагийн шүүх хурал мөн л өмгөөлөгч нар ирээгүй тул өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшилж байжээ.
Зөвхөн өнгөрсөн сард гэхэд олны анхаарал татсан хоёр хэргийн шүүх хурал тус бүр хоёр удаа хойшилсон байна. Үүнээс өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр гурван удаа улсын яллагч ирээгүй гэсэн шалтгаанаар нэг удаа хойшилжээ. Ер нь шүүх хурал өмгөөлөгч нарын ажиллагаанаас хараат боллоо гэх шүүмжлэл хуулийнхны дунд нэлээд бий. Өмгөөлөгч тухайн өмгөөлөл явуулж буй сэжигтнийг ял завшах, ял хөнгөрүүлэх, хэрэгсэхгүй болгох гэсэн оролдлого нь шүүх хурлыг хойшлуулах гол шалтгаан болж буй бололтой. Ингэж шүүх хурал сунжрах нь нэг талаасаа иргэд, хохирогчдод чирэгдэл учруулах, залхах байдал үүсгэхээс гадна хэргийг шүүн таслах хүртэлх зардал асар их гарч байгаа нь олон баримтаас харагддаг. Хуулзүйн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурдсанаар 200 мянган төгрөгийн хохиролтой хэргийг шүүн таслах хүртэл зарим тохиолдолд хоёр сая хүртэл төгрөгийн зардал гардаг байна. Тэгэхээр гэмт этгээдийн шүүх хурал хойшлуулж буй өмгөөлөгчдөд шүүхээс хариуцлага тооцож чадахгүй байгаа нь хэрэг шийдэгдэхгүй сунжрах гол хүчин гэх хар ч бий. Мөн сэжигтнүүдэд ял завших, хууль завхаруулах гэсэн боломж манай улсын хуульд нээлттэй байна. Өнөөгийн хуулийн орчинд хохирогчийн хохирлыг барагдуулахад бус харин ч эсрэгээрээ хохирогчдын талд үйлчлэх мэт. Эцэстээ хэн нь ч хохирогч юм “бүү мэд” болжээ. Өршөөлийн хуулиас өршөөлийн хооронд хүртэл шүүх хурал хойшилсон тохиолдлууд улам бүр олширсоор л…
Н.ТҮВШИН