“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн шилдэг гэрэл зурагчид өчигдөр /2021.03.05/ шалгарчээ. Тодруулбал, гэрэл зурагчин Э.Есүнгэ тэргүүлж, хоёрдугаар байранд Ц.Мягмарсүрэн, гуравдугаар байранд Ш.Гэрэлсайхан, тусгай байранд Д.Баттулга нарын бүтээл шалгарсан байна. Мөн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нэрэмжит шагналыг Г.Өнөболд, А.Сэргэлэн, Б.Рэнцэндорж нар хүртжээ.
Хатуу хорионы үед уралдаан зарласан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авснаас 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон байна.
“Нүүх үү, суух уу, судалъя” аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Цэгц Медиа Групп хамтран цахимаар амжилттай зохион байгуулсан билээ.
А.СҮРЭН