Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Тиймээс гуравдугаар сарын 8 буюу "Мартын-8" баярын өдөр цаг агаар тогтуун, дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар сарын 9-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Өнгөрсөн долоо хоногт зарим газраар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд Завхан аймгийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсэг, 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгийн хойд хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ