Шинэ Зеландын хойд арлын эргээс холгүй далайд өнөөдөр өглөө /2021.03.05/ гурван удаа дараалан маш хүчтэй газар хөдөлсөн юм. Тухайлбал, хойд арлаас зүүн хойд зүгт 800 км зайтай орших хүн амьдардаггүй Кермадек бүлэг аралд 8.1, 7.4, 7.2 магнитудын хүчтэй гурав дараалсан газар хөдлөлт бүртгэгдсэн.
Хамгийн сүүлчийн, хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараа далайд цунами үүсч, гурван метрийн өндөртэй давалгаа эрэг орчмын газар нутагт хүрэх магадлалтайг Шинэ Зеландын гамшгаас хамгаалах газар анхааруулж, цунамигийн түгшүүр зарласан байна. Цунамигийн түгшүүр хүлээн авсан иргэд гэрээсээ гарч, уул руу гарцгаажээ. Харин үүссэн давалгаа төсөөлж байснаас бага байсан тул үдээс хойш түгшүүрээ цуцалж, иргэд ч гэр гэртээ харьцгаасан байна.
Шинэ Зеланд улс нь Австрали ба Номхон далайн тектоник хавтангуудын залгаас дээр оршдог учир газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Арван жилийн өмнө Шинэ Зеландын өмнөд аралд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөхөд тус арлын хамгийн том хот болох Кристчөрчөд 185 хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: Reuters