Байлдан дагуулагч “Маша баавгай хоёр”

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Байлдан дагуулагч “Маша баавгай хоёр”

Миша баавгайг барууныхан Москвагийн сүр хүчний бэлгэ тэмдэг гэж ойлгодог болсон. Гэвч тэнэгдүү, болхи хэдий ч сайхан сэтгэлт Миша баавгай нэг ч сум гарздалгүйгээр барууныханыг байлдан дагуулаад байгаа юм.

2009 онд анх дэлгэцээр гарсан “Маша баавгай хоёр” Оросын хүүхэлдэйн кино АНУ болон дэлхийн 120 гаруй оронд гарчээ. “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны YouTube суваг хамгийн олон хандалттай 10 сувгийн нэг билээ. Дэлхий даяар газрын тосны үнэ унаснаас болж ОХУ-ын нефть, байгалийн хийн аварга компаниудын ашиг буурч, сөхөрч эхэлж байхад Орост ганцхан “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног бүтээгч Анимакордын жилийн ашиг орлого 40 хувиар нэмэгдэж байна.

Орос үлгэрээс сэдэвлэсэн “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны гол үйл явдал нь дүрсгүй бяцхан Маша охин, циркийн үзүүлбэр тоглогч байгаад тэтгэвэртээ гарсан том хүрэн баавгай хэрхэн бяцхан чөтгөрийн томоогүйтлийн хохирогч болж буй юм. Хүүхэлдэйн киноны үйл явдал ихэвчлэн ойн зах дах модон байшинд өрнөнө.

Харин хүүхэлдэйн киног бүтээгч 70 гаруй аниматорууд Москва хотын зах дах хуучин Зөвлөлтийн үеийн хүүхдийн цэцэрлэгт Маша баавгай хоёрын шинэ адал явдлыг зурж, хөдөлгөөнд оруулж байдаг. Анимейшн хүүхэлдэйн кино бүтээх нь маш нарийн төвөгтэй ажил учраас аниматорууд өдөрт 2-4 секундын бичлэг хийж амждаг ажээ. Хүүхэлдэйн киноны баатруудын нүдний харц, амны хайрцаг, хөдөлгөөнийг 3-D эффектийн тусламжтай нарийвчлан гаргахад цаг хугацаанаас гадна асар их хөдөлмөр бас хөрөнгө мөнгө шаардлагатай. Зургаан минут үргэлжлэх нэг ангийг бүтээхэд дээд тал нь 250,000 ам.доллар зарцуулдаг аж.

Ялангуяа Маша шиг сахилгагүй дайсны цэргийн нүүрний олон хувирал, сэтгэл хөдлөлийг гаргахын тулд ахлах аниматор Андрей Бельяев олон цаг суудаг байна. Хүүхэлдэйн киноны аниматорууд жижиг зүйлсийг ч орхигдуулалгүй, ач холбогдол өгч урладаг гэнэ. Жишээлбэл Маша баавгайн хөргөгчин дэх хүнсний зүйлсийг хүртэл нарийвчлан хийдэг гэнэ.

“Хүүхдүүд гэдэг чинь маш гярхай үзэгчид. Тэдэнд үлгэрийг амь оруулж, хөдөлгөөнтэй харуулахын тулд дахин дахин тунгааж, өөр өнцгөөс харуулах хэрэгтэй. Тэгвэл тэд тэр үлгэрийг 10 бүр 100 удаа үзсэн нь уйдахгүй” гэж Андрей ярьжээ.

Зөвлөлтийн үед үүссэн хүүхэлдэйн киноны салбар Орост онцгой эрх эдэлдэг.  Хүүхэлдэйн киноны уран бүтээлчид хяналт, цензурт өртөх нь маш ховор. “Маша баавгай хоёр” гарч ирэх хүртэл гадаад ертөнц энэ орны талаар маш бага мэддэг байсан билээ.

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног зохиогч Олег Кузовков Оросын бусад аниматоруудын нэгэн адилаар 1990-ээд онд  Зөвлөлт систем задран унасны дараах эдийн засгийн хямралаас зугатан АНУ руу гарч, 2003 онд эх орондоо буцаж очжээ.

Олег одоо  Москва, Лос Анжелест ээлжлэн амьдарч байна.  “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны шинэ ангийн зохиол, өрнөлийг Калифорнид хийдэг аж. Учир нь мэргэжлийн аниматор, зураачийг Москвагаас олох хэцүү гэж Олег ярьжээ.

Барууны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж, Оросын эрчим хүчний томоохон экспортлогчид мухардалд орчихоод байхад хүүхэлдэйн кино бүтээгчдийн бизнес л амжилттай, чөлөөтэй явагдаж байгаа гэнэ.

Бусад компаниудаас ялгаатай нь Анимакорд төрөөс дэмжлэг авах гэж дугаарлан зогсдоггүй ажээ.

Анимакордын хоёр цуврал гарсны дараа кино урлагийн сангаас хоёр удаа буцалтгүй зээл олгох гэсэн боловч тэд татгалзжээ.

Хүүхэлдэйн киног зохиогч Олег Кузовков "Тэд өөрийн гэсэн дүрэмтэй.  Гэхдээ бид бусдын дүрэм журамд захирагдахыг хүсдэггүй.  Яагаад гэвэл бидэнд бусдад тал тохой татах цаг зав байхгүй” хэмээжээ.

2015 онд “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн кино шилдэг анимейшнд олгодог Kindscreen шагналаар шагнуулж, Анимейшн сэтгүүлийн сонгодог 250 бүтээлийн жагсаалтад орсон юм.

2013 онд Анимакорд “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноноос 292 сая рублийн ашиг олсон ажээ.

Анимакорд ашгийнхаа талаар тэр бүр мэдээлдэггүй боловч менежментийн албаны мэдээлснээр жилийн ашиг нь 40 хувиар өссөн гэнэ.

Анимакордад төлдөг YouTube-ын рояалтийн гуравны хоёр хувийг гадаадынхан эзэлдэг гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Анимакорд “Нетфликс”-тэй гэрээ байгуулж, “Маша, баавгай хоёр”-ыг АНУ-д гаргахаар болсон юм.

Телевиз болон YouTube-тэй байгуулсан рояалти гэрээнээс гадна лицензээс нийт орлогынхоо 60 хувийг бүрдүүлдэг ажээ. Дэлхийн өнцөг булан бүрт бяцхан үзэгчдийн хайртай баатар болсон Машагийн сахилгагүй царайг тоглоом үйлдвэрлэгчид ашиглахын тулд эхлээд зөвшөөрөл авах ёстой.

Маша дэлхий даяар ингэж трэнд болсныг тайлбарлах маш энгийн. Ягаан плаж, ягаан алчуур зангидсан сахилгагүй охин Мишагаас өөр хэнийг ч гомдоодоггүй. Тэр бүү хэл лалын шашинт Индонезийн үзэгчид хүртэл сахилгагүй этгээдийг хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь хөлөө ил гаргаагүй, толгойдоо алчуур зангидсан учраас шашинд нь харшлах зүйл байхгүй гэдэг ажээ.

Гэвч ганц цахиуртай бяцхан охины адал явдал яаж ийм их амжилт олсонд гайхах хүмүүс ч байгаа юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж