Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ заримдаа уйддаг юм уу, хаашаа юм. Дээр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзахдаа “Өглөөний 07.30 цагт үндэстнээрээ гүйдэг байя” гэсэн. Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр “Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна” гэж айлджээ. Гэрлэлт цэрэг хоёрын хоорондох учир шалтгааныг үнэндээ "бодоод бодоод бодын шийр дөрөв" гэгч болчхоод байна.
Хойд Солонгост эр эмгүй цэрэгт татдаг. Хойд Солонгост ганц хүнээс бусад нь туранхай. Хүн амынх нь 40 хувь нь хүнсний хомсдолд нэрвэгдсэн болохоор тэнд тарган хүн байхгүй. Тэгвэл Монголд удахгүй Цэцгээ хүүхэн цэрэгт явж, тарган хүн байхгүй болох юм байх.
Монголын нийт хүн амын 49 хувь нь илүүдэл жинтэй. Энэ нь улсын эрүүл мэндийн асуудал болсон нь үнэн. Архи, тамхи, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нойргүйдэл, стресс, өөр бусад олон өвчнөөс болж хүн таргалдаг. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэгчээр жингийн илүүдэл хувь хүний хамгийн том эмзэг сэдэв байдаг.
Хорт хавдар, чихрийн шижин гээд халдварт бус өвчлөлөөр Монгол дэлхийд дээгүүрт бичигддэг нь таргалалттай холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол монголчууд “буяны тарга”-тайгаа тэмцдэг болсон.
Засгийн газрын тэргүүн иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа тавих нь буруу ч юм биш. Жендэрийн үндэсний хорооны хурлаар эрчүүдийн нас баралт, таргалалт, хөвгүүдийн боловсрол гээд Ерөнхий сайд уг нь зөв асуудал хөндсөн байна лээ. Гэхдээ "эрчүүд шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагтаа монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд явж байдаг. Энэ асуудалтай хурцаар тэмцэнэ" гэсэн биш олны доог тохуу болж дуусав. Сэдэв нь зөв ч тайлбар тэнэг байлаа.
Монгол эрчүүд нийгмийн хамгийн тулгамдсан сэдвүүдийн нэг болсон нь үнэн. Эрчүүдийн нас баралт залуужиж, амиа хорлолт жилээс жилд нэмэгдсээр байгааг статистик судалгаанууд гэрчилдэг. Нийт хүн амын 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь эрчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 жил.
Зүрхний шигдээсээр нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 3.1 дахин их. Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гурав, амиа хорлолт тав дахин өндөр байна, Монголд.
Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлдэг. Ялангуяа эрчүүдийн дунд элэг, уушигны хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байдаг аж. Энэ бол “эрчүүдээ хайрла” гэсэн статистик.
Ерөнхий сайдын хэлсэн Монгол Улсад бэлэвсэн эмэгтэйчүүд олширч байгаа нь хатуу ч гэсэн үнэн үг. Тэгэхээр төр засаг ганц эмэгтэйчүүдийн жендерийг биш эрчүүдээ ч анхаарах ёстой болж байна.
Гэлээ гээд эрчүүдийн боловсролыг сайжруулж, эрүүл мэндийн асуудалд анхаарахын тулд төр унтах, идэхийг нь захиран тушааж эхлэвэл яг Хойд Солонгос шиг л болно гэсэн үг.
Товчхондоо, унтах цагтаа иднэ үү, идэх цагтаа унтана уу, пиццагаа иднэ үү, хорхогоо иднэ үү хувь хүний асуудал. Цаашдаа шөнийн 02.00 цагаас хойш хоол идсэн хүнийг цаазлах уу!
Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүртээмж, үйлчилгээг сайжруулах ёстой болохоос унтах цагтаа идлээ гэж загнаж болохгүй л дээ.
Хөвгүүд, охидын боловсролын ялгаа нөгөө нүүдэлчний сэтгэхүйтэй холбоотой. Эрэгтэй хүүхэд болсныхоо төлөө сурах эрхээ эдлэж чадахгүй яваа олон залуу бий. “Эрэгтэй хүүхэд юм чинь” гэх хандлагаа өөрчлөхгүй бол Ерөнхий сайдын хэлсэн “хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэх” нь гарцаагүй. Хөдөөгийнхөн хүүгээ мал дагуулж, охиноо хот руу явуулдаг. Дээд сургууль төгссөн охид нь малчинтай гэрлэх хүсэлгүй. Үүнээс болоод хотод ганц бие бүсгүйчүүд олширч, хөдөө ганц бие залуус нэмэгдэж буй нь нийгмийн нэг асуудал болчихсон. Үнэндээ боловсролгүй эрчүүд нь боловсролтой эмэгтэйчүүддээ гологдоод байна. Суурь шалтгаан нь дунд сургуулиас эхлэж буй боловсролын тэгш бус байдал. Ядаж цэрэгт татсан залууст түргэвчилсэн сургалт, боловсрол олгох хэрэгтэй байх.
Ерөнхий сайдын олны шүүмжлэлийг дагуулж буй үг нь "Эмэгтэйчүүд ажиллах идэвхгүй байвал цэрэгт явуулахаас өөр гарцгүй" гэх үг. Нийгмийн идэвхгүй, оролцоогүй байна гээд эмэгтэйчүүдийг цэрэгт татах нь утгагүй шийдвэр. Тэгээд ч х өдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг ЦЭРЭГ бий болгодоггүй юм.
Монгол эмэгтэйчүүд эрт гэрлэсэндээ ажил хийх дур сонирхолгүй байгаа юм биш. Хүүхдийг нь авах цэцэрлэг, харах хүнгүй болохоор ажил хийх боломжгүй болчихдог. Сүүлийн хоёр жил УОК-ын шийдвэрээр сургууль цэцэрлэгийг хаачихлаа. Тэгэхээр гэртээ суугаад хүүхдээ харахаас яах ч билээ.
Уг нь Цэрмааг цэрэгт явуулж байхаар цэцэрлэг, сургуулийнхаа тоог л нэмчихэд эмэгтэйчүүдийн нийгсийн оролцоо, идэвх сайжирна. Ерөнхий сайдын "дурдсан" бүх асуудлын ганц гарц гаргалгаа нь ерөөсөө эдийн засаг. Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ ажил орлогыг нэмэгдүүлж, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг сайжруулахгүйгээр энэ бүгдийг шийдвэрлэх ямар ч гарц байхгүй. Сангийн сайд “клабхауст” иргэдтэй албан бусаар “уулзахдаа” цар тахлаас болж, лав 200 мянган хүн ажилгүй болсон гэсэн. Дээр нь 68.9 мянган ажлын байр цомхотголд орсныг Ерөнхий сайд өөрөө мэдээлсэн. Ажилгүй, орлогогүй болсон хүмүүс бас л нийгмийн идэвхгүй нэг хэсэг болно гэсэн үг.
Холбоотой мэдээ