Ц.Санчир: Тэд биднийг морио унаж, байлдан дагуулалтаа үргэлжлүүлсээр яваа гэж боддог

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Ц.Санчир: Тэд биднийг морио унаж, байлдан дагуулалтаа үргэлжлүүлсээр яваа гэж боддог

Дэлхийн өнцөг булан бүрт Халимаг, Буриад, Алтай, Тува, Өвөрмонгол,
Хазара, Дунсиань, Дагуур, Хөхнуурын хошуудууд буюу Дээд Монгол, цагаан
Монгол, цастын Монгол, Шинжааны ойрадууд, Юннаны монгол гээд 18 сая
Монгол угсаатан амьдарч байгаа тухай. Дэлхийн Монголч эрдэмтдийн
судалгаанд тусгагджээ.  Агуу түүхт Чингис хаан, түүний хөвгүүдийн
байлдан дагууллын үед Их Монгол улсын хязгаар нутгийг сахин үлдсэн
Монгол угсаатнуудын өнөөгийн дүр төрх, ахуй амьдрал, соёл,  зан заншил,
Монголын түүхтэй холбоотой хот суурин хөшөө дурсгалуудыг судлах ажилд
оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа “Тархан суурьшсан Монголчууд” 
ТББ-ын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай хийсэн ярилцлагад уншигч таныг
хөтлөе.

-Их Монгол гүрний байлдан дагуул­лын улбаа болсон дэлхийн өнцөг булан
бүрт тархан суурьшсан Мон­голчуудын түүх соёл, амьдрал ахуйг судлах
судалгааны ажил тань хэрхэн эхэлж байсан бэ?

-Би соёл судлаач Монгол зургийн  зураач  мэргэжилтэй. Энэ бол ми­ний
хийх ёстой ажил байсан. 800 жилийн өмнөх Монголчуудын түүх, Чингис хааны
байлдан дагуулал, эзлэн түрэмгийлэл зэргийн талаар олон баримт мэдээлэл
байдаг. Харин түүний дараа түүх хэрхэн үргэл­жилсэн, биднийг хэн хаана 
хүлээж байгаа, тэдний угсаатны онцлог яаж өөрчлөгдсөн болон Монголчууд
өнөөдөр яг хэдүүлээ вэ  гэх мэт олон асуулт байсан.  Мөн өнөөгийн дундад
ази, евроази буюу Монголын эзэнт гүрний Ил хант улс, Цагаадайн хант
улс, Алтан орд улс, Энэтхэгийн хойт хэсэг зэрэг дэлхийн олон улс орон
Монголын эзэнт гүрний эзэмшил нутаг байсан. Яг энэ газар нутагт
Монголчуудын мэддэггүй ямар дурсгалууд байна түүнийг олж олон түмэнд
хүргэхийг хүссэн. Ингэхдээ дүрсээр, уран сайхны  аргаар, хүний сэтгэл
хөдөлж омогшил төрөх зүйлийг хийе гэж бодож байсан. Бид 2002-2004 оны 
хооронд зөвхөн судалгааны журмаар явж дүрс, гэрэл зургийн хальснаа
баримтжуулж хад­галж байсан. Харин 2009 оноос олон нийтийн хүртээл
болгож эхэлсэн. Учир нь яг энэ цаг үед Монголын залуучуудад үүх түүхээ
мэдэх зайлш­гүй шаардлага байна гэж үзсэн. Гэхдээ аялалаа эхлүүлж
байхдаа олон нийтийн хүртээл болгоно гэж огт төлөвлөөгүй.

-Анхны аялалаа эхлүүлж байх үеийн  сэтгэгдэл, мэдрэмж тань сонин байна?
-1227 оны хавар Чингис хаан их цэргээ удирдаад Алтан улсыг эзлэхдээ
өнөөгийн Хатан голын эрэг дээр шархатсан цэргүүдээ үлдээсэн тухай
сурвалж бичигт байдаг. Тэдний үр хойч өнөөдөр 541 мянган Дунсиань
монголчууд юм. Бидний хувьд аялалаа хамгийн анх энэ үндэстнээс эхэлсэн.
Дунсианчууд исламын шүтлэгтэй, дундад эртний Алтай язгуурын Монгол
хэлээр ярьдаг.Тэдний хэлэнд Перс, Араб, Хятад үг хэллэг цөөнгүй
нутагшсан байдаг. 780-аад жилийн турш Монгол улсаас ямар ч хүмүүс очиж
байгаагүй гэдэг. 2002 он хүртэл тэр хүмүүсийн амьдардаг  муж улс нь
хаалттай бүс нутаг байлаа. Бид аялалаа цааш үргэлж­лүүлж 240 мян­ган хүн
амтай, буддын шашинтай, монголжуу хувцас хэрэглэлтэй цагаан монголчууд
дээр очсон. Тэдэнд монгол ахуйг хадгалж үлд­сэн зүйлүүд ихтэй ч амьдрал
ахуй маш ядуу дорой. Тэд монголчууд биднийг ирж авна гэсэн хүлээлт,
итгэл үнэмшилтэй байсан. Монголчуудыг 800 жилийн өмнөх байдлаар, морио
унаад дэлхийг эзэлж яваагаар төсөөлдөг юм билээ. Бүр бидэнтэй хамт явна
хэмээн хөл хөөрцөг болж байсан. Энэ  бүхнийг хараад агуу  түүхийн дараа
ямар хатуу цаг үе, гашуун үнэн түүх үлдсэн юм бэ гэдэг бодол төрсөн шүү.

-Судалгааны явцад цуглуулсан баримт материал, гэрэл зураг, цуврал  кино 
та бүхний  олон жилийн нөр их  хөдөлмөрийг дэлгэн харуулж байх шиг
санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Бид найман жи­лийн­хээ баримт материалаас дээжлэн гэрэл
зургийн үзэсгэлэн гаргаж, цуврал баримтат кино хийж олон түмний хүртээл
болгосон. Нийтдээ 21 кино хийснээс 15-ыг нь  телевизүүдээр цацсан. 
36000 зураг авснаас 120-хон зургийг олон нийтэд дэлгэн харуулсан.
Бүгдийг нь хүргэмээр байсан ч цаг, мөнгө, зай талбай гээд боломжиндоо
түшиглэн дээжсээс нь тавьсан  л даа.

-Найман жилийн өмнө судалгааны ажлаа эхлүүлж байхдаа зардлаа хэрхэн
зохицуулж байв. Одоо бол та бүхний ажлыг дэмжиж ойлгодог хүмүүс олон
гарч ирсэн байх  л даа?

– Мэдээж зардал мөнгөний асуудал хэцүү байдаг. Гэхдээ бид өндөр
өртөгтэй, тансаг хэрэглээтэй улс биш ядуу буурай орныг зорьдог болохоор
замын зардал л хамгийн чухал. Манай багийнхан арьсан эдлэлээр бэлэг
дурсгалын зүйл хийдэг жижигхэн урлантай. Хийсэн бүтээгдэхүүнээ гадагш нь
гаргаж, тодорхой хэмжээ­ний ашиг олдог түүгээ­рээ л эхний долоон жил
ажилласан гэж хэлж болно. Өөрсдийнхөө мэргэжил, хүсэл сонирхлын дагуу
явж байж хэн нэг­нээс гуйж болохгүй биз дээ. Харин жилийн өмнөөс ХасБанк
биднийг дэмжиж эхэлсэн. Тус банк­ны гүйцэтгэх захирал М.Болд гуай
Афганистан улсад гурван удаа очиж Хазара үндэстнийг жинхэнэ Монгол
түмний үр сад гэдгийг нүдээр үзэж, мэдэрсэн учраас бидний ажлыг дэмжиж
эхэлсэн. Мөн “Монголын төлөө зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн МУ-ын
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр зохион байгуулагдсанд бид маш их баяртай
байгаа. Бидний хийж байгаа ажил төрийн тэргүүний анхааралд хүрсэн нь
ямар ч мөнгөнөөс илүү их урам зориг өгсөн. Мөн Оюу Толгой ХХК, М-Си-Эс
групп энэхүү үзэсгэлэнг ивээн тэтгэж бидний ажлыг мэргэжлийн төвшинд
дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзэх боломжийг олгосонд маш их
талархаж байгаа. Монголын төлөө зүрхтэй хүмүүс ийм олон байгаад бахархаж
байсан.

-Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд руу өөрийн биеэр очиж,
тэдний ахуй амьдралыг нүдээр үзэхэд сэтгэл хөдөлгөсөн зүй­лүүд таардаг
байх. Нулимс унагаж байсан уу?

-Монгол соёлоо мундаг хадгалж үлдсэн Хөх нуурын хошууд буюу Дээд Монгол,
Шинжааны Ойрад, Дагуур Монгол, Цастын Монголчууд монгол бичиг, монгол
ахуй, хувцас хэрэглэл, идээ шүүс, баяр наадмаа өнөөдрийг хүртэл хадгалж
ирсэн нь гайхалтай санагддаг. 4000-90 000 хүн амтай хэрнээ монгол
бичгээр хичээлээ орж, өдөр тутмын хэвлэл нь монгол бичгээр гарч, монгол
радио, монгол телевизтэй гээд бодохоор үнэхээр бахархалтай,  сэтгэл
хөдлөхгүй байхын аргагүй. Тэр ч байтугай ерөөл магтаал, үлгэр туульс,
домог яриа, идээ шүүс, хувцас хэрэгсэл зэрэг асар их соёлыг хадгалж
үлдсэн байдаг. Харин 1224-1227 оны байлдан дагууллын үед үлдэж хоцорсон
Төвдийн өндөрлөгийн оргил, Хатан голын эрэг, өндөрлөг уулсын оройд
амьдарч байгаа Монгол угсаатнуудын хувьд баян айл дөрвөн хоньтой,
дөрөвдүгээр анги төгссөн хүн дээд боловсролтойд тооцогддог, жилийн турш
талх эсвэл төмс  л иддэг. Харин элэг нэгт ахан дүүсээ ирлээ хэмээн
бидэнд нэг тахиагаараа хоол хийж дайлахыг нь харахад уйлмаар санагддаг.
Тэдний хувьд нэг тахиа  хонины дайтай. Тэд “Монгол хэдэн хоньтой вэ” гэж
асуудаг л даа.Монголд мянган хоньтой айл байдаг гэхээр зарим нь
итгэдэггүй. Дотооддоо дайн байлдаантай, хаалттай нийгэмд хавчин
гадуурхагдаж амьдарч байгаа Хазарачуудын хувьд Монгол ахуйгаа хадгалж
үлдэнэ гэхээсээ илүү амьд байх, өнөөдөр хэрхэн хоолтой хонох талаар л
боддог. Тиймээс хэл яриа, бичиг үсэг нь тухайн улс үндэстэндээ өөрийн
эрхгүй уусчихсан байдаг. Чингис хаан, түүний хөвгүүдийн байлдан
дагууллын үед олон аравт, зуут, мянгат, түмтүүд  улс орон тосгон бүрт орхигдож он жилүүдийн нугачаанд тухайн улс орныхоо соёлд уусаж,
хавчигдаж байгаа харамсалтай түүх ч их байдаг  л даа. Энэ бүхнийг нүдээр
үзэхэд зүрх шимширмээр.

-Харин тэд Ар Монголчууд бид­ний талаар ямар ойлголт төсөө­лөл­тэй байдаг вэ?
-Нийгмийн байдал, боловсролын түвшин­гээсээ хамаараад янз бүр. Өнгөрсөн
жил Хөхнуурт судалгааны ажлаараа явж байгаад дээд монголчуул Монгол
улсын Ерөнхий сайд солигдсон гэнэ лээ гэхэд бид их гайхсан шүү. Гэтэл
зарим газар нь монголчууд одоо ч морио унаж, сэлмээ бариад  байлдан
дагууллаа үргэлжлүүлсээр яваа мэ­тээр төсөөлж явдаг юм билээ. Одоо харин
харьцангуй өөр ойлголттой болсон л доо.

-Хазара монголчуудыг Афганис­тан улсдаа бараг уусч байгаа гэж сонссон.
Тэдэнд Монгол ахуйгаа хад­­галж үлдэхэд хаалттай нийгэм, шашин шүтлэг нь
саад болдог юм болов уу?

-Хэдийгээр Хазара монголчууд өөрсдийгөө Чингис хааны удам угсаа гэдгээ
мэддэг ч Исламын шашин, нийгмийн байдал, дайн самуун зэрэг нь өөрийн
эрхгүй тэдэнд уусахад хүргэдэг. Өдөр бүр  амьд байх эсэх нь эргэлзээтэй,
дайн байлдаантай  нөхцөлд амьдардаг тэдний хувьд монгол дээл, идээ
шүүс  байх боломжгүй. Хазара монголчууд Исламын шашны сүүний урсгалд
хамаарагддаг учир хувцас хэрэглэл, хоол хүнс, зан заншил нь мэдээж өөр.
Афганистан улсад хэд хэдэн үндэстэн байдаг ч хазарачууд хамгийн буурай,
дорд хүмүүст ордог. Тэд сайн сургуульд сурах, сайхан ажил хийх эрхгүй,
муу муухай ажлыг хазара хүмүүс л  хийдэг гэж өөрсдөө ярьдаг.

-Байлдан дагууллын үед  Монго­лын хаадууд ховор нандин барилга байгууламж,  дурсгалууд үлдээсэн байдаг гэсэн?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн хүмүүсээ орхиод л яваад байсан юм биш. Дэлхийн
соёлын өвд бүртгэгдсэн барил­га байгууламжууд олон.  Үүнээс би Иранд
байдаг одон орон судлалын талаар ярих дуртай. Дэлхийн хамгийн анхны одон
орон судлалын төвийг Монголын хаан Хүлэгүгийн зарлигаар байгуулсан.
Үүнийг мэддэг хүн олон байгаа гэж найдаж байна. Бид тэр ордны зургийг
авчирсан. Мөн Өлзийт хааны ордон гэж байна. Монголын түүхийн боть дээр
“Америкчуудын бичсэн Ираны түүх”  номноос жижигхээн зургийг аваад
тавьсан байдаг л  даа. Харин бодитоор очоод үзэхэд гадна талдаа Англи,
Перс хэлээр “Дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой
байгууламж Монгол хаан Өлзийтийн ордон” гэж бичсэн байдаг. 2005 онд энэ
нэрээрээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Гурван давхар, найман талтай,
тал бүр нь монгол хээ чимэглэлтэй,  сүрлэг байгууламж. Мон­го­лын
байлдан дагууллаас өмнөх он тоололд хамаарах Ираны барилгууд бүгд
хавтгай дээвэртэй, дүнзэн байшин байсныг нүдээрээ үзсэн. Харин Хүлэгү
хааны үеээс Иран дахь уран барилга, хот байгуулалт, гар урлал төдийгүй,
соёл шинжлэх ухаан, хууль цааз нь хүртэл Монголын хаадын мэргэн ухаан, 
Их засаг хуулийн шийдлүүд орсон байдаг. Одоо ч гэсэн Иранчууд түүгээр
бахархдаг юм билээ. Тиймээс Монголын хаадууд дэлхийд гайхамшигтай
дурсгалаараа  ул мөрөө үлдээсэн гэдгийг олон улсад сурталчлах хэрэгтэй
гэж боддог.

-Тэгвэл дэлхийд тархан суурьш­сан Монгол угсаатнуудын сууц монгол уламжлалтай яаж холбогд­дог вэ?
-Чулуун хороо, эсгий үүд, хөсөг тэрэг олон газар байна. Гэтэл зөвхөн
нүхэнд амьдардаг Монголчууд ч бий. Нүх ухаад нүхэн дотроо дахин нүх
ухаад эд зүйлсээ байрлуулсан байх жишээтэй.

-Алс бөглүү, бартаатай газар цөөхүүлээ  амьдарч байгаа Монгол угсаатнууд руу очиход саад бэрх­шээл мундахгүй тохиолдоно биз?
-Мэдээж олон бэрхшээл гарна. Дасаж дадаагүй соёл иргэншил, таньж
мэдэх­гүй ёс заншил гээд л. Эхний жи­лүүдэд хэлний асуудал хамгийн хэцүү
байсан. Монголоос гараад зорьсон улс үндэстэндээ хүрэхийн тулд Хятад,
Перс, Дари, Дунсиань, Монгор гэх мэт олон хэлээр ярих шаардлага гарна.
Нэг газар нутагт олон удаа очиж байж сая л тэр улс үндэстний тухай үнэн
бодит амьдралыг илэрхийлж харуулдаг. Жишээ нь би Дунсианьд 30 гаруй удаа
очсон. Тэнд очоод өөрсдийнх нь хэлээр ярихад маш их гайхдаг. Ер нь нэг
газар доод тал нь 3-4 удаа очиж байж 30-40 минутын нэг баримтат кино
хийдэг. Энэ бол асар их үнээр хийж байна гэсэн үг. Афганистан руу
ганцаараа явж байхад хүнд бэрх зүйл бишгүй таарч байсан.  Гэхдээ энэ
бүхний цаана хамгийн үнэ цэнэтэй баримт, дурсгалууд, дурсамж ярианууд 
үлддэг нь сайхан л даа.

-Исламын шашинтай улсын эмэг­тэйчүүдийн эрх олон зүйлээр хяз­гаарлагддаг. Тэдний чин сэтгэлийг уудлах амаргүй юу?
-Анх уулзахад олонх нь  болгоом­жил­дог. Гэхдээ өөрсдийнх нь хэлээр ярьж
тэдний ёс заншлаар хэдэн сар амьдарч, дахин дахин очиж байж л тэд
бидэнд  итгэж сэтгэлээ нээдэг. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг.
Бид ч  гэсэн гивлүүр зүүгээд гудамжаар явж гивлүүрийнхээ цаанаас зургаа
авах тохиолдол ч гарна.

-Та бүхний хүрч чадаагүй Мон­гол угсаатан бий юу?
-Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр тэг дундаас нь явахад хааш хаашаа
жил явдаг тийм өргөн уудам нутаг шүү дээ. Очиж үзээгүй улс үндэстэн
байлгүй яахав. Хамгийн гол нь бид нарын гол зорилго бол Монголын эзэнт
гүрний байлдан дагуулал хүрсэн бүхий л газраар очиж тэнд байгаа Монгол
угсаатнуудын ахуй байдалтай танилцах. Миний өөрийн зорилго ч гэсэн
Чингис хааны очсон хот тосгон болгонд очиж судлагдаагүй бидний мэддэггүй
зүйлийг Монголын залуучуудад харуулах. Одоо бараг дуусч байна даа.
Узбекистаны хэдэн хотод очоогүй байна. Энэ сэдэв бол маш өргөн, хамрах
улс үндэстэн, хот сууурин асар олон.

-Энд тэнд тархан суурьшсан  үн­дэст­нүүдээ нэгтгэж  тусгаар ул­сыг
байгуулсан улс орон дэлхийн түүхэнд байдаг. Магадгүй тэднийг Монголдоо
авчирах  талаар бодож байсан уу?

-Энэ миний ярих сэдэв биш ээ. Бидний зорилго бол тэднийг авчирах нөхцөл
бололцоог хайх биш. Харин бид дэлхийн өнцөг булан бүрт Чингис хааны үр
хойч бидний удам угсаа байгаа гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Мөн тэдний
үлдээсэн дэлхийд хосгүй дурсгалуудыг мэддэг, үзүүлэх баримттай,
бахархан ярьдаг байх ёстой. Нөгөө талаар Монголын байлдан дагуулал
дэлхийн соёлыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэдгийг баримтаар
илэрхийлэх. Энэ л бидний чин хүсэл. 

-Гэхдээ тэдний зарим нь Мон­голдоо ирэхийг  үнэхээр их хүсч мөрөөд­дөг тухай та ярьсан шүү дээ?  
-Үнэхээр тийм зүйл байдаг. Цагаан монголчууд дээр анх очиход Чингис хаан
биднийг орхиод явсан. Одоо л бидний авах гэж ирэв үү гэдэг. Тэдэнд 35 
бадаг бүхий дуу хүртэл байдаг түүнийгээ дуулаад л уйлдаг. Дагаад
уйлчихмаар санагддаг.

-Дууг нь та сурсан уу. Манай уншигч­дад сонирхуулаач?
-Эхний 18 бадгийг нь сонссон.Тосгон болгонд өөр өөрөөр дуулдаг. 
Ерөнхийдөө бол анх биднийг үлдээгээд явсан Чингис хаан эргэж ирээд аваад
явна гэсэн. 700 гаруй жил болоход ирсэнгүй. Анх үлдэхдээ бид малчин
байсан одоо тариачин болсон, анх үлдэхдээ бид нүүдэлчин байсан одоо
харин суурин болсон, анх үлдэхдээ бид хүчирхэг байсан одоо бид буурай
болсон гэсэн утгатай л даа. Би эхний дөрвөн мөрийг нь цээжилсэн юм.
Аян замдаа гарсан даа, Монгол хааны хүү охин
Алсын замдаа одсон доо, Монгол аав, ээжийн үр сад
Аяндаа мэнд явсан уу, нутгийн салхи сураггүй
Ар нутагтаа үлдсэн юм, хэзээ эргэж ирэх юм бэ гээд л уйлаад дуулдаг.
Сонирхолтой нь эрэгтэй  хүмүүс л дуулдаг . Тэдний заншлаар эмэгтэйчүүд
дуулах ёсгүй байдаг юм билээ.

-Та бүхэн Шинжлэх ухааны ака­де­митай холбоотой ажилладаг уу?
-Бид өмнө нь  харилцдаггүй байсан. Өнгөрсөн 4-р сард Шинжлэх Ухааны
Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хүрээлэнгүүдийнхээ захира­луудын
хамтаар  биднийг хүлээн авч уулзан баяр хүргэж, хам­тарч ажиллахаа
илэрхийлсэнд туйлаас их баяртай байгаа. Монголын эрдэмийн ноён оргилд
байгаа хүмүү­сээс урмын үг сонсох нь  үнэ цэнэтэй байсан шүү.

-Таны амьдралын ихэнх цаг хугацаа Монголд биш аялал дунд өнгөрдөг байх аа?
-Хамгийн удаан хугацаагаар яв­сан аялал бол хагас жил юм байна. Ер нь
аль болох ирж очилгүйгээр дараагийнхаа хот руу явахыг хичээдэг  л дээ.
Санхүүгээ хэмнэх зорилгоор. /инээв/ Монголд байх хугацаандаа судалгааны
тайлангаа гаргаж, зураг, дүрс бичлэгээ нэгтгэдэг. Ер нь бол зуны хоёр
сар л Монголдоо байдаг.

-Аялалынхаа явцад  мөнгө олох боломж байдаг уу?
-Ямар ч боломж байхгүй. Бүх зард­лаа тооцоолоод явдаг. Гэхдээ хамгийн
бага зардлаар явна. Хамгийн хямд унаагаар, хамгийн хямдхан хоолыг иднэ.
Бараг буудалд буухгүй. Дандаа айлуудаар явж ахуй байдалтай танилцах нь
үр дүнтэй.
-Бидний хүсэлтийг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Их Монгол гүрний  байлдан дагууллын ард хоцорсон Монгол ахан дүүсийн
ахуйн амьдралыг судлах судалгааны ажлын анхны жим тань улам зурайн
тодрох болтугай.

-Өдөр тутмын нэр хүндтэй хэвлэл “Ардын эрх” сонин биднийг энэхүү үнэ
цэнэтэй хуудаснаа урьж ярилцлага авсанд баяртай байна.  Та бүхний ажилд
амжилт хүсье. Тэнгэрийн тамгатай монгол угсаа, дэлхийг донсолгосон хаан
түүх хаа сайгүй үргэлжилсээр байна.

А.Батдэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж