Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2021.03.05/ боллоо. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ даргаллаа. Хурлаар Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2021 оны төлөвлөгөөг батлав.
2021 онд дараах гурван асуудалд Ерөнхий сайд төвлөрч ажиллахаа тодотгосон юм.
- Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд орохгүй байх
- Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг төрийн байгууллагуудаасаа эхлэх
- Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчүүлэхгүй байх талаас нь тэмдэглэе. Хууль хяналтын байгууллагуудад эмэгтэй хүн эрүүдэн шүүгддэггүй байх, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй байх, зөвхөн Мартын 8-ны өдөр бус бүх өдөр хүйсийн тэгш байдал хангаддаг байх ийм эрх чөлөөний төлөө тасралтгүй ажиллах ёстой. Энэ өдрийг зөвхөн баяр байдлаар бус илүү өргөн хүрээнд нь авч үздэг больё. Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй жендэрийн мэдрэмжтэй орнуудын тоонд ордог. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дахь оролцоог дэмжих тал дээр Жендэрийн үндэсний хороо шинэ түвшинд ажиллах шаардлагатай. БНСУ хөгжилд хүрэхээсээ өмнө эмэгтэйчүүд нь гэртээ ажиллах, хүүхдээ өсгөх ийм соёлтой байсан. Ингээд эдийн засаг нь хөгжихийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орсон. Энэ үед БНСУ "4 А" гэсэн зарчмыг хэрэгжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, хүн амынх нь 50 хувь нь идэвхгүй байсан учраас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл рүү татсан гэсэн үг. Өнөөдөр БНСУ Азийн бар болтлоо хөгжсөний нууц нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төрийн бодлоготой нь холбоотой байсан.
Манай Улсын хувьд жендэрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин зөрүүтэй , эмэгтэйчүүд өндөр хувийг эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүд 46.1 хувь бол, эмэгтэйчүүд 60.4 хувьтай байна. Цалингийн хувьд тэнцвэртэй ч эмэгтэйчүүд боловсрол болон бусад байдлаараа эрчүүдээс дутахааргүй түвшинд очсон.
Засгийн газраас хэрэгжүүлэх залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны залуусыг нэг сарын вакумжуулсан хөтөлбөрт хамруулж, үүнд хүйсийн тэгш байдлыг хангана. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах томоохон компанит ажлыг хийж, "Цахим хөдөлмөрийн бирж" байгуулна. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг хамруулах тал дээр анхаарч ажиллах хөтөлбөрийг эхлүүлнэ. Энэ хөтөлбөр энэ оны тавдугаар сард хэрэгжиж, нэг сая төгрөгийн тэтгэмжтэй. Нэг сар танхимаар хичээллэж, нэг ээлжид 1000 хүнийг хамруулна. Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөрт 2 их наяд төгрөгийг гурван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгоно. Энэ нь цар тахлыг даван туулахын тулд агшилттай байгаа эдийн засгаа тэлэх нөгөөтэйгүүр ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад чиглэгдэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, ялангуяа өрхийн бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ болгон өргөжүүлэхэд анхаарна.
"ЭРЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ БАГА БАЙГАА НЬ БУРУУ ХООЛЛОЛТ, АРХИДАЛТ, ТАРГАЛАЛТ, НОЙРГҮЙДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ"
Монгол Улс авлигын индексээр 111 дүгээрт явж байгаа. Норвеги болон Скандинавын улсуудад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо нь олон байх тусам авлига, хүнд суртлын индекс багасч байгаа үзүүлэлт бий. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээрт байгаа авлигын индексийг гурван жилийн хугацаанд нэг дахин бууруулах зорилт тавина. Энэ бол амаргүй зорилт. Хоёр оронтой тоо руу оруулахад эмэгтэйчүүдийн оролцоо туйлын өндөр. Эмэгтэйчүүд эрчүүдийн олж харааггүй асуудлыг олж хардаг. Тиймээс сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо шаардлагатай.
Эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоог зөвхөн сонгуульд нэр дэвших гэдгээс өөрөөр харах цаг үе нь ирсэн. 1992 оноос хойш анх удаа энэ Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайд ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсын хувьд хөндөгдөх болсон. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд, энэ нь буруу хооллолт, архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ хэрэгжүүлэхгүй бол энэ үзүүлэлт улам өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Манай эрчүүд шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Тийм учраас энэ асуудлыг хурцаар ярихаас өөр гарцгүйд хүрсэн. Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг.
Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг бид хөндөх цаг болсон. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Энэ бол тоглоом биш.
Шийдвэр гарах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд эрчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Үүнээс үүдэж Монгол эрчүүдтэй гэрлэх сонирхолгүй болох хандлага огцом давамгайлж эхэллээ. Боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлсэн гэсэн үг. “Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ” гэдэг бодол цөөхөн хүн амтай улсын хувьд амаргүй нөхцөл байдал бий болгож байна.
Өнөөдөр гэрлэлт залуужиж ялангуяа хөдөө орон нутагт 16, 17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал ихсэж, гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Ингэж байж хөдөлмөрийн эрх оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай улсын ажиллах хүч ердөө 1.5 сая. Хүн амын 50 хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргаж ирж шийдэл гаргахгүй бол болохгүй, урсаад явах цаг өнгөрсөн.Энэ бүхнийг бид ярилцах цаг нь болсон” гэлээ.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Бид 30 жил жендэр ярилаа, одоо прагматик шийдэл хэрэгтэй
Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог өөр байдлаар буюу эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой үр дүн гаргах зорилтууд дэвшүүллээ. Гэвч тус хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нь учир дутагдалтай. Өнөөх л сургалт, зөвлөгөө, судалгаа, төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байна.
Бид 30 жил жендэр ярилаа, тулгамдаад байгаа асуудлууд бүгд тодорхой болсон. Тийм учраас эдгээрийн шийдлийн талаар ярих хэрэгтэй байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалт, таргалалтын асуудлыг ингэж шийднэ гээд тодорхой төлөвлөөд холбогдох хүмүүст нь даатгаад явбал илүү үр дүнтэй байх болно. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийднэ гээд хэдэн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт оруулдаг. Тэр хүмүүст сургалт орсноор эрэгтэйчүүдийн таргалалт, эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй. Жендэрийн үндэсний хороо бол төрийн түвшинд жендэртэй холбоотой тулгамдаад байгаа асуудлыг хариуцах төрийн цорын ганц бүтэц. Бусад бүх бүтэц төрийн бус байгууллагын түвшинд очсон. Тэгэхээр энд байгаа төрийн бус байгууллагуудын хүчин чадлыг ашиглах шаардлагатай байна. Тийм учраас төлөвлөгөөнүүдээ маш тодорхой болгоод хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг шууд оролцуулах ёстой. Түүнээс биш Жендэрийн үндэсний хороо шийдэхгүй. Асуудалд хэдүүлээ прагматик хандах цаг болсон. Тухайлбал, нийгмийн даатгалын асуудалд эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд бий. Хөдөлмөр эрхлэлт нь тасарчихсан, тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч байгаа эмэгтэйчүүд байсаар л байна. Энэ чиглэлийг төлөвлөгөөндөө оруулаасай гэж хүсч байна. Ирэх жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тодорхой түвшинд ахисан, цалин хөлс нь ингэж нэмэгдсэн гэсэн тодорхой үр дүн яриад сууж байхсан. Бид уламжлалт төлөвлөгөөнүүдээс салах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л тал дээр нэмэгдүүлнэ гэлээ. Гэтэл хуулиараа квотыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 30-аас дээш хувиар нэмэгдүүлэхийн төлөө зорилт тавибал энэ нь илүү бодитой ажил болно. 2016 оны сонгуулийн өмнө эмэгтэйчүүдийн квот 25 хувь байсныг сонгуулийн өмнөхөн 20 хувь болгож бууруулах жишээний. Үүнийг засна гээд төлөвлөгөөндөө оруулчихвал эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор хангана.
-Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүн Б.Долгор:
-Жендэрийн хуулиа хэрэгжүүлээд явбал асуудал шийдэгдэх боломжтой. Цаашдаа үнэлгээнд үндэслэсэн санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс төрийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого орхигдож байна. Төлөвлөлтөөсөө эхлээд төсөв санхүү нь жендэрийн мэдрэмжтэй болгох. Ерөнхий сайдын хэлсэн төлөвлөгөө ажлуудад төсөв мөнгөтэй байх ёстой. Ингэж байж бодитоор хэрэгжинэ. Жендэрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь бусад салбарын хуулиудад давхар оруулаагүйтэй холбоотой. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд тун дутуу орсон. Цааш цаашдаа батлагдах хуулиудад жендэрийн асуудлыг тодорхой тусгаж өгвөл хэрэгжилт нь сайжирна. Мөн төрийн алба манлайлан ажиллаж байж хэрэгжинэ. Төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмжийн байдлын үзүүлэлт маш хангалтгүй. Ялангуяа удирдах албан тушаалтнуудын жендэрийн мэдрэмж, хэвшмэл ойлголт хоцрогдсон. Үүнийг арилгахын тулд Төрийн албаны зөвлөл идэвхийлэн ажиллах шаардлагатай. 2017 онд баталсан Төрийн албаны шинэчилсэн хууль жендэрийн мэдрэмгүй хууль болсон. Жендэрийн асуудал Ерөнхий сайдын манлайллаар л явдаг юм шүү. Ерөнхий сайд яаж хандана, тэр хэрээр нийгмийн хандлага дагана.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
Жендэр нь тэгш эрхийн цаашлаад хүний эрхийн асуудал. Хүний эрхийн асуудлыг бид хөндөхдөө зөвхөн нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага, агентлагуудын хэмжээнд хэрэгжилтийн асуудлыг хөндөх нь учир дутагдалтай. Асуудлыг орон нутгийн түвшинд авч үзэх шаардлагатай. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоо дутагдаж байгаа. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнд зарим төрийн байгууллагын оролцоог хангах хэрэгтэй. Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ орж байж хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хангана.
Гуравдугаарт, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны төлөвлөгөөг эргэж харах шаардлагатай байна. Жендэрийн үндэсний хорооны ажлын алба цөөхөн бүрэлдэхүүнтэй, чадавх, төсвийн хувьд хумигдмал байгууллага учраас төлөвлөгөөндөө бодлогын хэмжээний цөөн хэдэн асуудлыг оруулдаг баймаар байна. Тухайлбал, эдийн засгийн тэгш байдлыг хангах хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг эзэмшиж байна вэ гэдэг нөхцөл байдлыг тогтоох судалгааг ажлын алба хийх боломжгүй. Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ийм судалгааг хийх чадвар, чадамж байхгүй. Салбар яамд нь хийх хэрэгтэй.
-ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул:
-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ хоёр жил тутамд Жендэрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д тайлан тавих үүрэгтэй. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажилладаг. Хөдөө орон нутагт төрийн захиргааны байгууллагууд жендэрийн тэгш байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хангаж байгаа эсэхийг хянахад хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Мөн хуулийн хэрэгжилтийг ААН-үүд мөрдөхгүй байна. Жендэрийн тэгш байдлыг хангана гэсэн хөдөлмөрийн харилцаан дахь чиг үүргийг ААН-үүд, ажил олгогчид мөрддөггүй гэсэн үг. ХЭҮК-т ирдэг нийт өргөдөл, гомдлын 5-6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлууд байдаг. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь энэ хуулийн талаар ойлголт мэдлэггүйтэй холбоотой. Зөрчлийн тухай хуулиар хувь хүн жендэрийн ялгаварлан гадуурхалтыг үйлдсэн тохиолдолд ХЭҮК хариуцлага ярих боломжгүй байдаг. Эрүүгийн хуульд тусгасан хэдий ч огт хэрэгждэггүй. ААН-үүдийн хувьд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжтой.
Холбоотой мэдээ