"ЗГ-ыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

"ЗГ-ыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"

"ЗГ-ыг 5.1 их наядын зарцуулалтаа тайлагнахыг шаардана"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас хэрэгжүүлсэн 5.1  их наяд төгрөгийн зарцуулалт үр нөлөөний талаар өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020 оны төсвийн орлогын талыг цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулсан. Харамсалтай нь,  5.1 их наяд төгрөг зарцуулсны үр нөлөө гарсангүй. Гурван зүйлд зарцуулна гэж 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Нэгдүгээрт, цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хоёрт, эдийн засгаа хамгаалах, гуравт, ААН-үүдээ цар тахлын үед хамгаалж, ажлын байруудыг хадгална гэж амласан. Гэтэл өнөөдөр хэрэгжилт нь ямар түвшинд байгаа нь хүн бүхэнд тодорхой харагдана. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална гэсэн атал цар тахал дотоодод гарч өнөөдөр л гэхэд 70 гаруй хүнээс шинээр халдвар илэрлээ.

Эдийн засгаа хамгаална гэсэн арга хэмжээ нь бүрэн биелсэнгүй. Эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ агшилт сүүлийн 20 гаруй жилд гарч байгаагүй. ААН-үүд, компаниудыг хамгаална гэсэн зорилт нь мөн биелсэнгүй. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар  цар тахлын үед ААН-үүдийн 75 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн 400 мянга гаруй хүн цалингаа авч чадахгүй байгаа талаар судалгаа гарсан. Гэвч бүтэн нэг жилийн хугацаанд 1.7 тэрбум ам.доллар буюу асар өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлээд ямар үр дүн гарав гэдгийг хүн бүр бодох ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард би Ерөнхий сайдад 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтын талаар асуулга тавьсан. Асуулгын хариуд "Засгийн газраас цар тахлын эсрэг 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна" гэж хариу өгсөн. Үлдсэн 2.7 тэрбум төгрөг  нь хаачсан бэ. Эрх баригчид ард түмний амьдралыг сайжруулах чиглэлд юу ч хийгээгүй атлаа 2 тэрбум төгрөгөөр хөшөө барьж, 3.2 тэрбум төгрөгөөр усыг нь  зөөдөг усан сан барьж, 53 тэрбум төгрөгөөр музейг шинэчилнэ гэсэн. Гэвч энэ жилийн төсөвт музейн зардал 82 тэрбум төгрөг болж өссөн. Өнөөдөр Covid-19-өөр өвчилсөн хүнийг 8 сая төгрөгөөр эмчилж байгаа гэдэг нь ч хардлага дагуулж  байна. 2000 төгрөгийн N95 маскийг 20 мянган төгрөг болгож тендер зарлаж хулгай хийлээ.

Иймд Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн тайлангаа эхлээд тавьж байж 10 их наядын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой. Энэ талаар Ерөнхий сайдад  шаардлага хүргүүлнэ. Надаас нууж байгаа бол ард түмнээсээ нууж чадахгүй. 10 их наядын хөтөлбөрт 2 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлд зарцуулна гэж тусгасан.

Энэ зээлийг авахын тулд шалгуурыг нь давах ААН-үүд байхгүй. “Битгий энэ зээлийг ав” гэсэн байдалтай өндөр шалгуур тавьсан. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгвөл энэ зээлийг олгоно гэсэн ийм л шалгуур тавина. Мөн 500 залуучуудыг хоёр сарын хугацаанд сургалтад хамруулахаар тусгасан нь  Ерөнхийлөгчийн сонгуульд санал авах гэсэн зорилготой.

Нэг мэхээр хоёр ялдаггүй юм. 2020 оны сонгуульд ард түмний татварын мөнгөнөөс зарцуулсан шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг 10 их наядаар худалдаж авах гэж байгаа бол эндүүрэл. Би зарцуулалт бүрийг  нэхэл, хатуутай шаардана. УИХ-ын Төсвийн хяналтын дэд хорооны даргын хувьд би  эрх баригчдын зарцуулсан бүх мөнгөний араас явах боломжтой.  Олон улсын байгууллагатай хамтарч энэ хулгайг хэн хийснийг ил болгоно" гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж