Хятадын сансрын хөлөг саран дээр амжилттай газардан, хөрсний дээж авчирснаас 100 грамм шороо, чулууг Үндэсний музейдээ дэлгэн, олны хүртээл болгожээ. Түүнчлэн Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливейн өмссөн сансрын өмсгөлийг мөн музейд дэлгэсэн байна.
“Чанг-э 5” сансрын хөлөг өнгөрсөн жил сансраас 1.7 кг хөрсний дээж авчирсан аж. Хятадын сансар судлаачид уг нь 2 кг дээж авчрах төлөвлөгөөтэй байсан. Хятад улс нь сарнаас дээж авчирсан гурав дахь орон болсон ба энэ нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд сарнаас авсан анхны хөрсний дээж гэдгээрээ олны анхаарлыг ихэд татжээ. Өмнө нь АНУ, ОХУ-аас сарны гадаргуугаас дээж авчирч байв.
Хятадын сансар дахь амжилтын баталгаа болгон сарнаас авсан шороо, чулууг музейд дэлгэн, иргэдэд сурталчилж байгаа нь энэ. Хятадын дарга Ши Жиньпин сарнаас дээж авчирсан нь тус улсын сансрын аж үйлдвэрлэлд том алхам болсныг мэдэгджээ. Тэрбээр Хятад улс нь сансрын их гүрний хувьд цаашид сансрын технологи хөгжүүлэлтээ үргэлжлүүлэхэд анхаарна хэмээн онцолжээ. Хятад нь саран дээр сансрын хөлгөө амжилттай газардуулсан төдийгүй Ангараг гариг руу робот илгээх зэргээр сансар судлалд амбиц нь нэмэгдсээр байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ