“Covid-19 -өөр нас барсан хүнтэй салах ёс хийх боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

“Covid-19 -өөр нас барсан хүнтэй салах ёс хийх боломжгүй”

“Covid-19 -өөр нас барсан хүнтэй салах ёс хийх боломжгүй”

Covid-19 цар тахал болон бусад халдварт өвчнөөр нас барсан хүнийг оршуулах үйл явцын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрахаас  тодрууллаа.

-Covid-19 халдварт өвчнөөр нас барсан хүнийг оршуулах үйл ажиллагааг ЗӨСҮТ зохион байгуулдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гоц аюулт, шинэ болон дахин тархаж байгаа халдварт өвчин, зоонозын гаралтай халдварт өвчин зэрэг дэлхий дахинд Олон улсын эрүүл мэндийн журмаар зохицуулагддаг халдвараар нас барсан тохиолдолд ихэнх оронд цогцсыг чандарладаг. Мөн чандарлаагүй тохиолдолд тусгай бодис ашиглан эцсийн халдваргүйтгэлийг хийж, цогцсыг маш олон давхар уутанд хийж, дахин халдваргүйжүүлсний дараа хөрсөнд оршуулдаг.

-Монгол Улсад аль хэлбэрээр нь оршуулж байна вэ?  

-Аюулт халдварын үүсгэгч нь маш удаан хугацаагаар, зарим тохиолдолд 20-30 жил ч хөрсөнд хадгалагдах нь бий. Тиймээс дэлхий дахинд нийтлэг журмаар ихэнх тохиолдолд чандарладаг. Монгол Улсын хувьд уг журмыг баримтлан Эрүүл мэндийн сайдын 53 дугаар тушаалын дагуу зоонозын гаралтай халдварт өвчин, гоц аюулт халдварт өвчнөөр нас барсан хүнийг чандарлан оршуулдаг.

-Халдвараар нас барсан хүнийг чандарлан оршуулахад ар гэр, хамаатан садныг нь оролцуулдаг уу?

-Онц халдварт өвчин дамжих эрсдэл өндөр тул аюулт халдварт өвчнөөр нас барсан хүнийг чандарлахад зөвхөн эрүүл мэндийн байгууллага болон Улсын онцгой комисс, дүүргийн онцгой комиссоос баталсан тушаалаар оролцож байгаа хүмүүс тусгай өмсгөлтэйгөөр, халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан оролцдог. Тиймээс ар гэрийнхэн нь салах ёс гүйцэтгэх, оршуулах үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй.

-Монголчууд оршуулах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Оршуулах өдөр, үйл ажиллагааг тусгай ёс журмаар үйлддэг. Энэ утгаараа аль өдөр оршуулбал зохимжтой талаар ар гэрийнхнийх нь саналыг харгалздаг уу?

-Ёс уламжлалаа хүндэтгэж эрүүл мэндийн байгууллагынхан ар гэрийнхэнтэй  нь ярилцаад, цаг товлож үйл ажиллагааг зохион байгуулж болно. Тухайн үед ар гэрийнхэн нь гэртээ ном уншуулж, буяны үйлээ үйлдэж болно.

-Одоогоор танайх хэчнээн хүнийг чандарлах үйл ажиллагааг зохион байгуулаад байна вэ. Нэг тохиолдолд хэчнээн төгрөгийн зардал гардаг вэ?

-Гоц халдварт өвчнөөр нас барсан тохиолдол бүрийг чандарладаг. Өдийг хүртэлх нэгдсэн тоог яг одоо хэлэх боломжгүй байна. Орон нутагт гарсан тохиолдлыг оршуулахад маш их зардал гардаг. Бүтэн өдөржин ажил өрнөдөг. Газар ухна, хлорын шохой дэвсэн, 4-5 цаг шатааж, дараа нь дахин халдваргүйжүүлэлт хийдэг. Улаанбаатар хотод төвлөрсөн чандарлах байгууламж байдаг тул орон нутагтай харьцуулахад харьцангуй бага зардал гарна. Жирийн тохиолдлыг чандарлахад зарцуулдаг зардал дээр тусгай хамгаалалтын хувцас, эрүүл мэндийн талаас гарах өртөг нэмэгдэнэ.

Covid-19-ийн сэжигтэй тохиолдлоор нас барсан цөөн тохиолдол бий. Уг халдварыг авсан ч өөр өвчний хүндрэлээр нас барсан тохиолдлууд байгаа. Энэ тохиолдолд манай байгууллага голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж, журам зааврын дагуу ажиллаж байгаа.

-Халдварт өвчний үед ашигласан хамгаалалтын тусгай хувцас, зүү тариур нь аюултай хог хаягдалд тооцогддог. Эдгээр зүйлсийг хэрхэн устгадаг вэ?

-Эрүүл мэндийн сайдын Аюултай хог хаягдлыг устгах талаарх 505 дугаар тушаал бий. Уг тушаалын дагуу хог хаягдлыг устгаж байгаа. Халдвартай нөхцөлд ажилласан бүх хүний хамгаалалтын хувцсыг тусгай уутанд хийж, халдваргүйжүүлэлт хийсний дараа “Еlement” компанид хүргүүлдэг. Тус компани нь эрүүл мэндийн байгууллагуудын аюултай, эрсдэлтэй хог хаягдлыг тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах үйл ажиллагааг явуулдаг ганц компани.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж