Эмээлийн бүүрэг шиг С.Эрдэнийн болон Ц.Тувааны талууд удтал маргалдасны эцэст намын даргын сунгаагаараа шинэ даргаа тодруулахаар болсон.
Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын албан ёсны дүрмээр сонгуулиар намаа ялагдуулсан удирдлагууд шинээр тодруулах намын даргын сунгаанд оролцох эрхгүй. Тодруулбал, С.Эрдэнэ, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ц.Баатархүү нарт энэ удаад дарга болох шаанс байхгүй гэсэн үг.
“Потеншл рисөрч” судалгааны компани санамсаргүй түүврийн аргаар сонгосон АН-ын 600 гишүүний дунд намын даргад өрсөлдөх магадлалтай Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, О.Амартүвшин нарын хэнийг нь дэмжих талаар санал асуулга явуулжээ. Судалгаанд хамрагдагсадын 99.3 хувь нь намын даргын сунгаанд саналаа өгч оролцоно гэсэн бөгөөд 37.9 хувь нь Ц.Оюунгэрэлийг, 23 хувь нь Л.Гантөмөрийг, 7.5 хувь нь О.Амартүвшинийг, 21.5 хувь нь алийг нь ч дэмжихгүй гэж хариулжээ.
АН-ын хүчин төгөлдөр дүрмээр намын даргын сунгаанд хэн олон гишүүний санал авсан нь намын дарга болдог тул судалгааны дүнгээс харахад Ц.Оюунгэрэл Ардчилсан намын дараагийн дарга болох магадлал өндөр байна.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ