НЭМЭЛТ:
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, дараах шүүгчдийг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр сонголоо.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг тус тус олонхийн саналаар танхимын тэргүүнээр сонгов.
Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонголоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны арванхоёрдугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны хоёрдугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон бол 2021 оны нэгдүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон.
Хуралдаанаар мөн дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох журмын төслийг хэлэлцээд, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Нийт шүүгчдийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам батлагдах хүртэлх хугацаанд баримтлах түр журмыг баталлаа.
Шүүгчдийн зөвлөгөөнд 22 шүүгч оролцож, 91.6 хувийн ирцтэй хуралдав.
УДШ-ийн танхимын тэргүүнийг өнөөдөр сонгоно
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2021.03.05/ хуралдахаар товлогдсон байна. Уг зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох юм.
Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсний дагуу нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид өчигдөр /2021.03.04/ бие даан хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон юм. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нар сонгогдсон байна.
Мөн дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг томилсон.
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус тус сонгогдов.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ