Covid-19: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна | News.MN

Covid-19: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна

COVID-19

Covid-19: 77 хүнээс халдвар илэрч, таван эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, March 4, 2021

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх  өнөөдрийн (2021.03.05) мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

Өчигдөр нийт  13206 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 халдвар 77 хүнээс халдвар илэрлээ. Халдвар бүгд нийслэлээс бүртгэгдсэн. Монгол Улсад  батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 3153 боллоо. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч гэртээ харьсан. Дээрх 77 хүний 71 нь ойрын хавьтал бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.  Халдварын нэг шинэ голомт илэрсэн учраас ойрын  хавьтлыг илрүүлж, тандалт хийж байна. 

Өнөөдөр халдвар илэрсэн 77 хүнийг дотор нь ангилж үзвэл, 61 хүнд эхний удаагийн шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.  Эх уурхайг нь тодорхойлохоор ажиллаж байгаа таван хүний оршин суудаг байршил нь Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо байна.

Улаанбаатар хотын нийт халдвар 2306 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмнэлэгт нийт  696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна.

Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Улаанбаатар хот халдварын өндөр идэвхтэй голомт болсон. Нийслэлийн хэмжээнд 20 гаруй голомт өндөр идэвхтэй байна. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй учраас хүн хоорондын зайгаа барьж, баяр ёслол тэмдэглэхгүй байх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 15432 хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалыг тогтмол хянаж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 10148,  бусад салбар хоорондын байгууллагуудын 3568 хүнийг вакцинжуулсан. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 гаруй хувьд нь халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй. Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Ж.БАЙГАЛМАА: -Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн эх үүсвэр нь тодорхойгүй халдварыг тодорхойлж чадсан уу.  Мөн өчигдөр бүртгэгдсэн шинэ голомт аль дүүргээс бүртгэгдсэн бэ?

-Сүүлийн 72 цагт бүртгэгдсэн халдварын голомтуудыг тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар илэрсэн нэг хүний халдварын эх уурхай нь тодорхойгүй учраас шинэ голомт гэсэн үг. Тухайн иргэн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Түүний ойрын хавьтлын 10 хүнийг илрүүлж тусгаарлалтад авсан.

Сар шинийн өдрүүдэд 12 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож өрх бүрээс шинжилгээ авсан. Ер нь үр дүн байна уу?

-Халдварт өвчний нууц үеийн хугацаа нь дунджаар 4-7 хоног, хамгийн ихдээ 14 хоног байдаг. Тэгэхээр нууц үедээ байсан халдвар хожуу илрэх, эсхүл ойр тойрны хүмүүсээс нь халдвар илэрч байна. Халдвар нэгэнт голомтлон гарсан учраас халдварын гинжин хэлхээ тасрахгүй байна.

-Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд хэзээнээс дархлаажуулалтыг эхлүүлэх вэ?

-Дархлаажуулалтыг үе шаттай зохион байгуулж байна. Халдварын голомт өндөр, хүн ам олноор суурьшдаг учраас нийслэлээс дархлаажуулалтыг эхлүүлсэн. Дараагийн ээлжинд эрсдэл ихтэй аймгуудыг сонгож үе шаттайгаар дархлаажуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж