“Оюутолгой” ХХК өчигдөр /2021.03.04/ Төрийн санд 419 тэрбум төгрөг шилжүүлжээ.
Өмнө нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд 230 тэрбум төгрөгийг тус компани Төрийн санд шилжүүлж байсан юм. Нийт дүнгээрээ энэхүү шилжүүлэг 649 тэрбум төгрөг болж буй бөгөөд Татварын ерөнхий газраас тогтоосон актыг “Оюутолгой” компани хүлээн зөвшөөрч, асуудал Монголын талд шийдэгдэж байна гэж Засгийн газрын зүгээс өмнө мэдэгдсэн.
Гэвч “Оюутолгой” компанийн зүгээс “Татвар төлсөн нь татварын акт, шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн явдал биш” гэдгийг мэдэгдээд буй.
Мөн шинжээчид “Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компани хооронд үүссэн татвартай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Олон улсын арбитрын шүүхэд үргэлжилж байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэр “Рио Тинто” компанийн талд гарвал татварт төлсөн дээрх мөнгийг буцаан авч болзошгүй” хэмээн тайлбарлаж байгаа.
Иймээс маргаан эцэслэн шийдэгдтэл Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид тавьж байсан 649 тэрбум төгрөгийн актыг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрч, буулт хийлээ гэж тайлбарлахад эрт байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ