“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор дуучин Б.Дуулимыг онцолж байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэнгийн ач охин юм.
Түүний аавтайгаа хамтран дуулсан “Энх эсэн болтугай” дуу хүмүүст хүрч, Youtube хандалт хоёр сая даваад буй. Мөн ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг тун чадварлаг дуулсан нь олны хайрыг татах болсон. Залуу уран бүтээлч Б.Дуулим өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, “Сити” их сургуульд жүжигчний ангид элсэн оржээ.
БАТТУЛГА ДУУЛИМ:2002.07.22
Төгссөн сургууль:
Төв аймгийн ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор сургууль
“Сити” их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг
Мэргэжил:
Жүжигчний нэгдүгээр курсийн оюутан
Сошиал хуудас:
ШИНЭ УРАН БҮТЭЭЛ, РЕКЛАМЫН ЗУРАГ АВАЛТ ГЭЭД ИХ Л ЗАВГҮЙ ЯВАА СУРАГТАЙ. ЦАГ ЗАВ ГАРГАН ЯРИЛЦАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА?
-Та бүхэндээ баярлалаа. Би саяхан аавтайгаа хамтран шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Бидний шинэ уран бүтээл ирэх долоо хоногт Youtube хуудаснаа цацагдах байх. Мөн өөрийн бие даасан уран бүтээлээ давхар хийж, их л завгүй долоо хоногийг өнгөрүүллээ. Миний ганцаарчилсан ээжийн тухай цоо шинэ дуу удахгүй мэндэлнэ.
Одоо Мартын 8-ны баярын өдөрт зориулсан тоглолтуудад аавтайгаа хамт дуулахаар бэлтгэлээ хийж байна. Бас нэг рекламд тоглох санал ирсэн. Юуны реклам гэдгийг нь сайн мэдэхгүй байна.
АНХ ГУРВАН НАСТАЙДАА ТАЙЗ ДЭЭР ГАРЧ, ДУУ ДУУЛЖ БАЙСАН ГЭДЭГ. УРЛАГИЙН ГЭР БҮЛД ТӨРЖ, ӨССӨН БОЛОХООР ИХ Л АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД БАЙЖЭЭ?
-Намайг багадаа их сэргэлэн, нүд нь гялалзсан хөдөлгөөнтэй охин байсан тухай хүмүүс ярьдаг. Анх өвөө, эмээ хоёрыгоо дагаад л гурван настайдаа дуу дуулж эхэлсэн. Хүүхэд нас минь Төв аймгийн “Монгол туургатан” театрт л өнгөрсөн. Арын өрөөнд нь сууж байхдаа “Бөмбөг битгий хаяарай” дууг их дуулна. Бас “Жалам хар” монгол бүжиг бүжиглэчихнэ. Миний бага нас өвөө, эмээ хоёртойгоо тоглолтоор явж өнгөрсөн дөө.
Урлагийн гэр бүлд төрж, өссөн минь надад маш их нөлөөлсөн. Намайг бага байхад өвөө, эмээ маань гурав дахь үеийн дуучин гэдэг байсан. Тэгээд л тэднийхээ тоглолтод оролцож, бага багаар дуулж сурсан. Анхны “Амь нэгтэй аав, охин” дуугаа 2016 онд гаргаж, өөрийн уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм.
АНХНЫ АМЖИЛТ
-Хамгийн анх гурван настайдаа өвөө, эмээгийнхээ тоглолтод оролцож, тайзан дээр гарч байлаа. Харин дууны янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Сүүлд 2016 онд “Universe best songs” тэмцээнд 15 насандаа амжилттай оролцож, “Өсвөрийн шилдэг оролцогч” болж байсан.
Би өвөө, эмээтэйгээ аялан тоглолт хийж, Монгол орныг хоёр удаа тойрсон. Сүүлд аавтайгаа нэг удаа эх орноо тойрсон. Миний хувьд Монголынхоо бүх аймаг, сумаар гурван удаа тойрон аялаад үзчихсэн.
-“АНХНЫ ХАЙР” ДУУ ЦАХИМ ОРЧИНД ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН. ЭНЭ ДУУГ ДУУЛАХДАА АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ АВСАН ГЭСЭН ҮҮ?
-Тийм ээ. Аав маань Хөдөлмөрийн баатар, “Анхны хайр” дууны зохиогч Н.Жанцанноров хэмээх эрхэм уран бүтээлчээс албан ёсны эрхийг нь авч өгсөн. Би “Анхны хайр” дуундаа маш их хайртай. Анх энэ дууг Л.Оюун-Эрдэнэ дуулсан бол сүүлд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгч, Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал дуулсан.
Миний хувьд энэ сайхан уран бүтээлч хүмүүсийг дууриаж дуулахгүйгээр зөвхөн Б.Дуулим байх ёстой гэж их хичээсэн. Бас аавтайгаа дуулсан “Энх эсэн болтугай” дууг хүмүүс их сонсдог.
ОЛНЫ ТАНИЛ БАЙХЫН САЙХАН БОЛООД СААР ТАЛ НЬ ЮУ БАЙНА ВЭ?
-Дуулж эхэлснээс хойш хүмүүсээс зэмлэл, магтаал хоёрыг их сонсч байна. Тэр болгоныг хүндээр тусгаж авахгүй байхыг хичээдэг болсон. Анх уран бүтээл хийж эхлэхэд хүмүүсийн үгийг их эмзэглэж хүлээн авдаг байсан. Намайг жижигхэн биетэй болохоор хүмүүс “Жаахан охин байж их нүүрээ буддаг” гэж шүүмжилдэг. Би насанд хүрчихсэн оюутан.
Бас намайг өөрийн гэсэн уран бүтээл хийхгүй хүний дуу дууллаа гэдэг. Яагаад “Анхны хайр”, “Жинжиймаа” дууг дуулсан бэ гэхээр нэгдүгээрт, хуучны дуунууд. Хоёрдугаарт, надаас дүү болон миний үеийн хүүхдүүд энэ хоёр дууг мэдэхгүй. Тийм болохоор үе тэнгийнхэн маань хуучны дуунуудыг мэддэг байгаасай гэдэг зорилгоор дуугаа сонгосон. Анх хүмүүс намайг хараад таньж байгаа нь маш сайхан санагдсан. Тийм учраас өөрийгөө хянаж, зөв үйлдлийг хийх гэж хичээдэг болчихдог юм билээ.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цагаараа дууны шүлэг бичиж, ая зохиох дуртай. Одоогоор тав, зургаан дууг өөрөө зохиосон. Төгөлдөр хуур хөгжмийг өөрөө сонсголоороо тоглож сурсан. Аав маань Соёл урлагийн их сургуулийг концертместрийн ангийг төгссөн. Гэсэн хэдий ч ааваараа нэг ч удаа төгөлдөр хуур хөгжим заалгаж байсангүй. Зав гарвал урлаг тал руугаа л өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг дээ.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Их сургуулийн нэгдүгээр курсээ амжилттай төгсөх зорилт тавиад байна. Тэгж чадвал Солонгос улсад суралцах зорилгын маань том суурь нь болж өгөх юм. Солонгосын K-ПОП чиглэлээр алдартай уран бүтээлч болох том зорилготой байгаа.
ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Төв аймгийн Зуунмод хот миний төрсөн нутаг. Аймгийнхаа “Хүмүүн цогцолбор” ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Өвөө, эмээ, аав, ээж, хоёр дүүтэйгээ Төв аймагт амьдардаг. Би айлын том охин. Доороо хоёр охин дүүтэй. Дунд дүүг минь Б.Уудам гэдэг бол бага дүүг маань Б.Уужим гэдэг. Хоёр дүү маань бас дуулж, бүжиглэнэ. Ээж маань Төв аймгийн Боловсрол, соёлын газарт мэргэжилтнээр ажилладаг. Манай гэр бүлийнхэн амьдрал дээр гараад зөв яваарай гэж их захидаг.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Монголдоо төдийгүй дэлхийн алдартай дуучин болж, том тайзнаа өөрийн бие даасан тоглолтоо хийх туйлын хүсэл мөрөөдөлтэй. Бас гайхалтай дуучин Беонситой нэг тайзан дээр гарч дуулахыг мөрөөддөг. Энэ алдартай дуучинг шүтэж, үлгэр дууриалал авдаг юм.
ГАДААДЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХАД ХЭЛ СУРАХ АСУУДАЛ МАШ ЧУХАЛ. АНГЛИ ХЭЛЭЭР ДУУЛДАГ УУ?
-Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа англи хэлийг үзсэн. Англи хэлдээ тийм ч сайн биш. Харин Солонгос хэлийг сонирхон судалдаг. Мөн Азийн бусад орны хэл, соёлд суралцахыг хүсдэг юм.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Өсвөр насны зарим хүүхдүүд муу зүйлийг сайн талаас нь хараад, тэр хүсэлдээ хөтлөгдөх нь бий. Тийм болохоор ухаантай байж, аль болох өөрийнхөө сонирхлыг хөгжүүлбэл илүү үр дүнтэй вэ шүү гэж хэлье. Ер нь Монголын ирээдүй болсон залуус маань амьдралын ухаантай, зөв тэгш яваарай гэж хэлье.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ