"Хорт хавдарт алдсан бүхнээ өөрийн гараар дахин босгоно"

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

"Хорт хавдарт алдсан бүхнээ өөрийн гараар дахин босгоно"

"Хорт хавдарт алдсан бүхнээ өөрийн гараар дахин босгоно"

2019 оны өвөл. Цастай, хүйтэн, бас таагүй. Тааруухан мэдээ эмчээс сонссон П.Билэгтсайханы хувьд тэнгэр нурах шиг болжээ. "Ходоодны хорт хавдар тусч, бусад эрхтэнд үсэрхийлсэн байна" гэх онош  эмчээс сонссон даруйд үхэлтэй хэдийнэ эвлэрсэн байснаа тэр өдгөө дурсаж сууна.  Хайртай хүмүүсээ хаяад явна гэх гашуун мэдрэмжээ  орхиж, өөрийн тэсвэр тэвчээрийн хүчээр аюулт өвчнийг давж чадсан түүний хувьд хорвоо ертөнцийг өөрөөр, өөдрөгөөр олж хардаг болж.

“Хорт хавдраар өвчилсөн тэр өдрүүдэд асар их сэтгэлийн тэвчээр хатуужил олж авсан.  Бусдыг хайрлахын утга учрыг ойлгодог болдог юм билээ” гээд П.Билэгтсайхан инээмсэглэв. Амьд явах сайхан, амьдрах бүр сайхан. 

Багаасаа спортоор хичээллэдэг,  өвчин зовлон нэг их тоочоод байдаггүй болохоор хорт хавдраар өвчилнө гэж өөрийгөө огтоос төсөөлж байсангүй.  Гэнэт идэж ууж чадахаа больж, огцом турж эхэлсэн тулд д эмчид үзүүлэхээр Улаанбаатарт иржээ. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд ходоодоо дурандуулахад  хавдрын дөрөвдүгээр шатанд орсон болохыг эмч хэлсэн байна.   Эхнэр нь сонсгол муутай тул эмч өвчтөнд хэлэхээр өөр аргагүй болж. 

Хагалгаанд ороод нэг жил өнгөрчээ. Одоо ч гэсэн оношоо сонссон тэр өдрийг үгээр илэрхийлэхээс аймаар санагдаж байна. Хань маань тэр үед надтай хамт явсан юм. Ханьдаа оношоо тайлбарлатал нулимс нь цийлэгнээд гар хөл нь салганаж чичрээд, одоо  тэр үе нүдэнд харагдах шиг лболдог. Тийм үед би өөрөө эр хүн байж хань ижилээ дагаад уйлж унжаад сэтгэлийн хатгүй байж болохгүй. Аль болох тайван,  хатуужилтай байхыг хичээсэн. Гэхдээ эхний хэдэн өдөр шокноосоо гарч чадаагүй. Бүх юм утгагүй санагдаж байлаа”.

П.Билэгтсайхан одоо Эрдэнэт хотод эхнэрийнхээ хамт амьдардаг.  Модон эдлэл хийж зарна. Захиалга ихтэй, орон нутгаас ч хүмүүс холбогдоно. Өвчнөө эдгээхийн тулд байдгаа барсан тэрбээр дахин хөл дээрээ босохын тулд уйгагүй хөдөлмөрлөсөөр.

 

НЭГ ШИРХЭГ ГАМБАНЗ ХИЙХЭД ХОЁР ЦАГ ЗАРЦУУЛДАГ

Ажил төрөл нь хэр урагштай байгааг асуухад  “Хүмүүсээс захиалга их ирнэ ээ. Ямартай ч хоолныхоо мөнгийг олоод л байна. 2019 онд хагалгаанд орж ходоодоо бүтэн тайруулсны  дараа химийн эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш амархан ядардаг болсон. Тиймээс   нэг дор олон хүний захиалга авдаггүй. Нэг гамбанз хийхэд хоёр цаг зарцуулдаг " гэв.  Өвчнөө бүрэн эдгээхийн тулд амралт, ачааллаа таруулах хэрэгтэй, бас хоолны дэглэм барина.

 Түүний хийсэн ком  гамбанзын үнэ 75 мянган төгрөг.  Бүх захиалгаа гараараа хийнэ. Модоо зүлгэнэ, зүснэ, уутаа оёно. Захиалагчийн урмыг хугалаж болохгүй, тиймээс чанартай гүйцэтгэх ёстой. 

 

 

ТҮҮНИЙ ЗОРИЛГО  ХАШААНДАА ӨӨРИЙНХӨӨ БАЙШИНГ БАРИХ 

Хагалгаанд ороход шаардагдах 7 сая төгрөгийг яаралтай олохын тулд гэрийнхээ үнэд хүрч чадах бүхнийг зарж, ломбарданд тавьж, хамаатан саднаасаа мөнгө зээлжээ.  Азаар П.Билэгтсайханы хагалгаа  амжилттай болсон байна. Гэвч, хагалгааны дараа санхүүгийн хямралтай нүүр тулах нь тэр. Тэрбээр төрийн бус байгууллагад ажиллан  ар гэрээ авч явдаг байсан ганц хүн.  Гэтэл хагалгааны дараа хэвтрийн дэглэм барихыг эмч сануулсан учраас ажлаасаа гарахаас аргагүй болж.

Хэвтрийн дэглэм барьсан өдрүүдэд хоолгүй хонох үе олон байв. Тиймээс  П.Билэгтсайхан хагалгааны дараах эмчилгээ, ахуйн  хэрэгцээнд шаардагдах мөнгөө ойр тойрны танил хүмүүсээсээ бага, багаар зээлсээр нэг  мэдэхэд 10 гаруй сая төгрөгийн өрөнд оржээ. Өрөө төлөхийн тулд хашаа байшингаа ч зарж.  Биеэ арай дээрдэнгүүт,  орон дээрээ суугаад гараа зүгшрүүлэхээр модоор бага, сага эд зүйлс урлах болсон байна. Угаас амьдралын шаардлагаар ажиллахаас өөр сонголт түүнд байсангүй. 

БАЙШИНГАА БАРИХЫН ТУЛД ОДООНООС ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

 П.Билэгтсайхан:

Орон гэр оочих аяга бүгдийг нь зарсан. Одоо айлын гэр түрээсэлж амьдардаг. Хичээж байгаад байшинтай болно. Энэ бол түүний эхний мөрөөдөл.  Хурдхан хөл дээрээ босоод амьдралаа эхлүүлэхийг хүссэн. Өвдлөө гээд хүнээс гуйлга гуйж болохгүйг тэр үед  маш сайн ойлгосон. Олон ч найз нөхөдтэй байсан. Хүнд хэцүү үед  наашаа гэх хүн ховорддог юм байна. Тэр үед л хүн гэдэг бусдад биш өөртөө л найдах ёстой гэдгийг маш сайн ухаарсан. Байшингаа барихын тулд одооноос эхлэн хуримтлал үүсгэхээр төлөвлөсөн. Тиймээс маш сайн хичээж захиалгаа их хэмжээгээр авна даа. Хоёрдугаар сард олсон мөнгөөрөө портер шороо, хайрга авсан. Одоо надад үлдсэн 20-30 захиалга бий. Үүнийгээ хийчихвэл хэдэн блок авна. Алдсан зүйлээ нөхөж авах гэж л хичээж явна даа. 

Манай өвөө эх оронч ахмад дайчин хүн байсан. Тиймдээ ч эх орон ч байх нь амьдралаа хэрхэн авч явах, өмнөх ажлаа яаж хийхээс шалтгаална гэж үргэлж захидаг байлаа. Тэр захиасыг л үргэлж бодож явдаг. Залуучууд над шиг модоор юм хийж байгаа хүмүсийг хараад тоос шороотой заваан гэх нь холгүй байдаг. Тэгэхээр яаж амьдрал нь урагшилж, улс нь хөгжих вэ дээ. Амьдралд хөдөлмөрлөх чухал ч хамгийн чухал нь эрүүл мэнд юм шүү. Монгол хүн ер нь сүх далайтал үхэр амар гэгчээр өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн бодолтой явдаг. Тиймээс хоёр жил тутамд дурангийн үзлэг оношилгоонд заавал орж, ходоодоо дурандуулж байх хэрэгтэй.  Ингэснээр ходоодны хавдрыг эрт оношлуулах боломжтой болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж