МҮОНРТ-ийн ерөнхий захиралд улстөрчид хэн, хэнийг сойв?

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд улстөрчид хэн, хэнийг сойв?

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд улстөрчид хэн, хэнийг сойв?

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлийн хурлаар өнөөдөр /2021.03.05/ Ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажилласан нэгхэн сарын хугацаанд эфирийн гурван удаагийн зөрчил гаргасан гэдэг гомдлыг телевизийн хамт олон гаргасан юм. Тухайлбал, Хүүхдийн төлөө фонд нэрээр мөнгө босгох гэж эфирийг цаг эвдэн олон цаг шууд дамжуулсан. Хоёрт, Соёлын сайд асан С.Чулууныг хамгаалах ажлыг олон нийтийн телевизээр нэвтрүүлсэн. Гуравт, Н.Дэмбэрэл тус телевизийн захирал болмогцоо программ зөрчиж, 600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн. Энэ үеэрээ хувийн студийн техник хэрэгсэл, уран бүтээлчдийг оролцуулсан нь телевизийн уран бүтээлчдийн шүүмжлэлтэй тулгарч ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон.

Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлөөр дараагийн шинэ захирлыг тодруулна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна.

МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигч  нь улс төрийн аль нэг намын гишүүн бус байна гэсэн шаардлага тавьсан ч нэр дэвшигчид бүгд ардаа аль нэг улстөрчийн нөлөө, хамааралтай нь тодорхой байна. Олон нийтийн телевизийн Ерөнхий захирлаар өөрийн хүнээ томилж “эзэн суух” гэсэн  хүсэл ялсан намын улстөрч бүхэнд бий.

Өмнөх захирал Н.Дэмбэрэлийн хувьд УИХ-ын даргын нөлөөтэйгөөр томилогдсон байдаг. Түүнийг Х.Баттулгын "тавиул" ч гэж харах хүмүүс байсан. Харин энэ удаад хэний хүн олон нийтийн телевизийн захирлаар очих вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Нөгөөтэйгүүр, тус телевизийн уран бүтээлчид өнгөрсөн намраас хойш тэмцэл, эсэргүүцэл хийж, улмаар Л.Нинжжамцийг Ерөнхий захирлаас нь огцруулсан. Тиймдээ ч шинээр очих Ерөнхий захирлын хувьд уран бүтээлчдийн таалалд нийцэх учиртай.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн хэн нь хэн гэдэг улстөрчийн дэмжлэгтэйгээр өрсөлдөж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Нэр дэвшигчдийн дунд улстөрчдийн нөлөөгүй хоёр хүн нэр дэвшиж байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар нарын ард аль нэг улстөрч байхгүй бөгөөд Олон нийтийн телевизийг өөрчилж, шинэчилнэ гэсэн амбицаар тэд нэрээ дэвшүүлжээ.

АПУ компанийн Маркетингийн захирлаар ажиллаж байсан, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү өрсөлдөхөөр хамгийн сүүлд бүртгүүлжээ. Тэрбээр 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн гэдэг. Улмаар 2014 онд брэндинг, олон нийттэй харилцах “Bat Solution Partners” компанийг байгуулж байв. Түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх дэмжиж байгаа гэнэ.

Сэтгүүлч Р.Гандиймаа. Түүний хувьд МҮОНТ-ийн захирал болон ММ агентлагийн тоймчоор ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч. Сэтгүүлч  Р.Гандиймааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Сангийн сайд Б.Жавхлан зүтгүүлжээ. Гэхдээ түүнийг телевизийн уран бүтээлчид нь дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мөн нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ТВ5 телевизэд олон жил сэтгүүлчээр ажилласан. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын дэмжлэгтэйгээр МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын нэр бүхий гишүүдийн дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байгаа ч түүнийг хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүйгээ удаа дараа илэрхийлсэн.

TV5 телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа нар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байна. МҮОНТВ-ээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан Н.Болормааг телевизийн уран бүтээлчид нь ч дэмжиж байгаа аж.

 “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” зэрэг дуугаараа нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан Т.Бат-Оргил сүүлд улс төр сонирхох болсон. 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан тэрбээр энэ удаад олон нийтийн телевизийн захиралд нэр дэвшиж байна. Түүнийг МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболд болон МҮОНРТВ-ийн хамт олны зөвлөл дэмжиж буй.

Өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалт нь хоёр ч  удаа хойшлоод байсан олон нийтийн телевизийн захирлыг Үндэсний зөвлөлийн шинээр бүрдсэн гишүүдийн олонхын саналаар өнөөдөр тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж